Монгол Улс Зимбабветай хамт "Саарал жагсаалт"-д орсон энэ өдрүүдэд хүн бүр уг асуудлыг хөндөж, буруутныг хайх цаг дор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нэгэн нөхөрсөг зөвлөгөөг бидэнд өглөө. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр дамжуулж. Хэсэг бүлэг хүний буруутай шийдвэр, улстөржилтийн хүрээнд Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсон нь үнэн ч Абэгийн зөвлөгөөг орхиж боломгүй мэт.
Юу гэхээр, саяхан Японы шинэ эзэн хаан Нарухитог Токио дахь Ордонд нь залах ёслол энэ сарын 22-нд болж өнгөрлөө. АНУ, Хятадын “Худалдааны дайн”, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Саудын Арабт хийсэн айлчлал, Туркийн Төрийн тэргүүний эрс шийдэмгий мэдэгдэл зэргээс үүдэн дэлхий нийтийн анхаарал тийш чиглэх болсон цаг үед японууд “Рэйва” хэмээх шинэ эринээ эхлүүлсэн нь энэ байв. Япон даяар эзэн Хаанаа зарлан, тунхаглахын хажуугаар тухайн үндэстний баяр, амралтын өдөр болсон уг арга хэмжээнд дэлхийн томоохон удирдагчид өөрийн биеэр хүрэлцэн очиж оролцсон нь яах аргагүй олон улсын хэвлэлийн тэргүүн нүүрийг чимэх шалтгаан, сэдэв юм. Төрийн ёслолд Япон улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр төвшний зочид, төлөөлөгчид оролцож, арга хэмжээг зохион байгуулахад 147 сая гаруй ам.долларыг зочдын аюулгүй байдал, харуул хамгаалалтад зарцуулсан гэхээр ямар хэмжээний цар хүрээг хамарсан нь тодорхой.
ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөршийнхөө хүрээнд явж ирсэн манай улсын тухайд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргийн хамт оролцсон юм. Үүнийг нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэдгийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр онцолжээ. Тийм байж болох. Гагцхүү “Рэйва”-гийн эринийг эхлүүлж буйгаа дэлхий нийтэд зарлах арга хэмжээний үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголын гүйцэтгэх засаглалын тэргүүн У.Хүрэлсүхэд нэгэн зөвлөгөөг өгч, байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татаж байна.
Учир нь, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ын ө ээлжит хурлаас Монгол Улсыг Исланд, Зимбабве гэсэн орны хамт “Саарал жагсаалт”- д оруулсан нь өнөөг хэр нь маргаан, шүүмжлэл дагуулж байгаа юм. Харин Японы эзэн хаан Нарухитог залах ёслолд оролцохоор эх орноосоо мордсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинзо Абэтэй албан ёсны уулзалт хийх үеэр тэрбээр нэгэн зүйлийг тодотгожээ.
Хөшгийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтаар эхлүүлсэн Шинзо Абэгийн яриа Монгол Улс мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаа гэснээр тэдний уулзалт өндөрлөжээ.
Японы шинэ эзэн хааныг залах ёслолд оролцох үеэрээ Засгийн газрын тэргүүнтэй нь ийн ярилцаж, дараа дараагийн яриа хэлэлцээг баталгаажуулсан нь мэдээж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөв. Гэхдээ энд нэг асуудал байна. Тэр нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэлдэг үнэн. Өөрийн улсын тэмдэглэлт үйл явдлын хүрээнд Монголын Ерөнхий сайдтай ч албан уулзалт хийсэн ч манай улсыг мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа дараа дэмжлэг үзүүлэхээ Шинзо Абэ зүгээр ч нэг илэрхийлээгүй нь лав.
Харин ч дотоодын улс төр, түүнээс улбаалсан санхүүгийн асуудлаа нэг талдаа гаргахыг битүүхэндээ илэрхийлсэн нь тэр болов уу. Тэгээд ч японууд “За гэвэл ёогүй” улс. Нарны гүүр, Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт гээд тэдний Монголд оруулсан хөрөнгө оруулалт их, “эдэлгээ даадаг”. Дотоодын улс төр, УИХ, Засгийн газрынх нь эргэж, буцдаг зан, эргээд хөрөнгө оруулагчаа эвгүй байдалд оруулдаг нь биднийг муухай харагдуулдаг болохоос “Та бүгд хэлсэн, ярьсандаа байх нь чухал” гэдгийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ МАН-ын дарга У.Хүрэлсүхэд учирласан нь энэ. Магадгүй Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон асуудлыг улстөржүүлж, буруутныг хайх гэхээсээ ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг ойрын хугацаанд шийдвэрлэж, үүссэн хүндрэлээс боломжтойг Ерөнхий сайд Абэ нөхөрсөн зөвлөгөө өгсөн нь энэ байлаа.
Хал үзэж, хашир суусан, хариуцлагатай орны удирдагчийн үг хэнэггүй бидэнд мэдээж өөр тусах нь тодорхой. Бидэнд дотоодын улс төр, талцал хуваагдал хэмээх "эзэн биетэй" дажин буй болохоос эдийн засаг тэгтлээ тартагтаа тулчихаагүй байна.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (10)