Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшиний шинэ оны анхны тайз нь Италийн алдарт "Ла Скала" театрт Ж.Вердийн "Хувь заяаны хүч" дуурь байх ажээ. Тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд "Риголетто" дуурийн 100 дахь удаагийн тоглолтоо Австри улсын Вена хотод хийжээ.
Тэрбээр 2024 оны хоёрдугаар сард Испани улсын Бильбао хотод алдарт "Риголетто" дуурийг 99 дэх удаагаа дуулсан юм.
Шилдэг дуурийн дуучин Э.Амартүвшин "Риголетто" дуурийг Монгол, Оросын холбооны улсын Буриад, Герман, Итали, Бельги, Сингапур, Испани, Австрали, Англи зэрэг дэлхийн есөн улсын 26 хотод 100 удаа дуулсан нэгэн билээ.
Уг дуурийг Виктор Гюгогийн 1832 онд бичсэн "Зугаацаж буй хаан" жүжгээс сэдэвлэн бүтээжээ. Уг жүжгийг хааны ордны эрх мэдлийг доромжилсон гэж үзээд цензураар хориглож байжээ.
Итали либреттог Жузеппе Вердитэй олон жил хамтран ажилласан Франческо Мария Пиаве бичсэн байна. Цензурын шаардлагаар түүхэн хааныг тодорхой "герцог" болгож сольсон бол алиа салбадай Трибулетыг- Риголетто болгож сольжээ. Эхэндээ алиа салбадайн дүрийг уламжлалт дуурийн царайлаг, сайхан эр болгох ёстой байсан гэдэг.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)