Нидерланд улс Дэлхийн II дайны үед Германд эзлэгдэх үедээ нацистуудтай хамтран ажилласан, эх орноосоо урвасан гэж сэжиглэгдсэн 425 мянга орчим хүний нэрсийг анх удаа цахим ертөнцөд нийтэлжээ. Эдгээр нэрс нь Дэлхийн II дайны төгсгөл үеийн хуулийн тусгай системээр шалгагдсан хүмүүсийнх юм. Тэдний 150 мянга гаруй нь ямар нэгэн байдлаар шийтгэл хүлээжээ.
Мөрдөн байцаалтын бүрэн бүртгэлийг өмнө нь зөвхөн Гааг дахь Голландын үндэсний архивт очиж үзэх боломжтой байсан. Архивыг дижитал хэлбэрт оруулахад тусалсан Гюйгенсийн хүрээлэнгийн хэлснээр, энэ нь 1940-1945 он хүртэл үргэлжилсэн Германы Нидерландыг эзлэн түрэмгийлсний талаар судлах хүсэлтэй хүмүүст томоохон саад учруулж байсан учир цахимжуулах ажлыг өрнүүлсэн гэжээ.
Энэ архив нь одоогийн болон ирээдүй хойч үеийнхний хувьд чухал түүхүүдийг агуулдаг. Аавыгаа дайнд юу хийснийг мэдэхийг хүссэн хүүхдүүдээс эхлээд өнгөрсөн бараан түүхийг судалж буй түүхчид хүртэлх хүмүүст хэрэгтэй байж болох юм.
Архив нь дайны гэмт хэрэгтнүүд, Германы зэвсэгт хүчинд элссэн 20 мянга орчим Голландын иргэд, Голландын Нацист намын Үндэсний Социалист Хөдөлгөөний (NSB) гишүүдийн нэрс, баримтуудыг агуулдаг. Гэхдээ үүнд бас гэм буруугүй нь тогтоогдсон хүмүүсийн нэрс багтсан байна.
Тус архив нь 1944 оноос хойш "нацистуудтай хамтран ажиллаж байсан" гэх сэжигтэй хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагааны Тусгай шүүхийн файлуудаас бүрддэг.
Цахим мэдээллийн санд зөвхөн сэжигтний нэрс, төрсөн газар, он сар өдрийн тухай мэдээллийг байршуулсан бөгөөд нэрсийг шүүлт хийхийн тулд зөвхөн тодорхой хувийн мэдээллийг ашиглан хайх боломжтой.
Тухайн хүнийг гэм буруутай нь тогтоогдсон эсэх, ямар хэлбэрээр хамтран ажилласан гэж сэжиглэж байсныг тодорхой заагаагүй байна. Хувийн нууцлалын үүднээс өнөөг хүртэл амьд байж болзошгүй хүмүүсийг уг архивт оруулаагүй ажээ.
Л.Баяр