Зохиолч, яруу найрагч, шог зураач Гүржавын Нямдорж "Авга гүний эрчүүд" өгүүллэгийн түүвэр, "Гүнд цэцэг" яруу найргийн ном хэвлүүлж байсан агаад хожим бүтээлүүдийг нь эмхтгэн "Хориотой нас", "Бэнсэн үлгэрч" зэрэг номыг эрхлэн гаргажээ. Өнөөдөр тохиож буй олон улсын "Хайку" шүлгийн өдрөөр түүний арван шүлгийг уншигчдадаа хүргэж байна.
***
Бөхөн бөхөн өвс найгана
Бөхөлзөхгүй нэг л амьдрах юм сан
Болохгүй л байх даа...
***
Нүцгэн хөлийг чинь
Өгсүүлэн дээш харсаар
Нүгэлд би дасмуй.
***
Юмаа гэж сонин юм даа
Юүдэн ч үгүй, цув ч үгүй байтал
Юүлэх мэт бороошино
***
Олон жил дэрлэсэн
Энэ дээлийг угааюу гэтэл
Саалийн үнэр нь хайран.
***
Хараагүй охинд
Толийг нь олж өгчихөөд
Хэсэг уйлж суулаа ...
***
Хоёр Түнэлийн хооронд
Хүдэн манан татахад
Модон хөл минь даарав.
***
Нэг усны охь шиг
Нэг голын жаахан тэр минь
Зэлнээсээ айсуй
***
Мөөгний хүрээ тойрч
Манан дундуур алхахад
Өвсний ус хүйтэн
***
Гэр минь цэл хүйтэн
Галаа түлье гэтэл
Бурхнаас өөр модгүй...
***
Гүүрээр гарч яваа хүний
Цувнаас бороо дусах нь
Галав юүлсэн мэт
***
Тугалын зэлээр
Турлиах шувуу сүрэглэх нь
Хөлдүү хүйдэс мэт
***
Аргалын хөх утаанд
Аараг толгод сая гэсч
Цасны ус урсмой
М.Дэвээ