Өнгөрөгч пүрэв гарагт АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт жижиг оврын онгоц худалдааны барилга дээр унасны улмаас хоёр хүн нас барж, 18 хүн шархадсан талаар албаныхан мэдэгдлээ. Шархадсан хүмүүсийн 10 нь хүнд оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн бол бусад найман хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Холбооны Нисэхийн Удирдлагын мэдээлснээр, нэг хөдөлгүүртэй Ванны RV-10 онгоц 14:15PST (20:15GMT) цагт осолдсон байна. Албаныхан ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Амиа алдсан хоёр хүн барилгын ажилчид эсвэл онгоцонд байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Осолтой холбогдуулан уг барилга дотор байсан 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, олон нийтийг ослын газарт ойртохгүй байхыг сануулжээ. Ослын улмаас барилгад гал гарсан учир гал сөнөөгчид ирсэн байна.
Тухайн барилгын онгоц осолдсон хэсэгт "Майкл Николас дизайнс" гэх тавилгын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Хохирогчдын дийлэнх нь тавилгын үйлдвэрийн ажилчид байсан аж.
Тус барилга нь Фуллертоны нисэх буудлын ойролцоо, Диснейлэндээс 10 км зайд байдаг. Онгоц Фуллертон нисэх буудлыг чиглэж явсан гэж үзэж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-ны өдөр энэ газар өөр нэг төстэй осол гарсан юм. Тодруулбал, тавилгын үйлдвэрийн барилгаас нэгхэн блокийн цаана байрлах модыг онгоц мөргөсөн мөргөжээ. Тухайн ослоос болж хүний амь нас хохироогүй ажээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)