Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас рентген оношилгооны чиглэлийн 39 эмнлэлгийн 30 салбар нэгжид шалгалт хийсэн байна. Шалгалтаар дээрх эмнэлгийн 58.6 хувьд нь цацрагийн хэмжилтийн багажгүй байсан нь илэрчээ. Тодруулбал, тухайн эмнэлэгт хэдий хэр хэмжээний цацраг идэвхит бодис алдагдаж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхойгүй байна. Цацраг идэвхит бодис нь хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулдаг, цаашлаад ураг амьгүй төрөх, зулбах эрсдлийг дагуулдаг аюултай.
Тиймээс 11 байгууллагын 14 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор түр, хэсэгчлэн зогсоосон байна. Мөн 146 зөрчлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтны 13 албан даалгавар хүргүүлж, 5 хуулийн этгээд, 8 хүнд нийт 17.400.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ. Ингээр зөрчилтэй эмнэлгүүдийн дэлгэрэнгүй тайлбанг хүргэе.
- Цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй “Сантгэжээ трейд” ХХК, “Ачтан-Элит” ХХК, “Баярнэл” ХХК зэрэг 3 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн хэрэг нээж, торгууль шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, рентген аппаратын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоолоо. "Баярнэл" ХХК нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул агуулахад хадгалж байсан рентген аппаратыг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар битүүмжиллээ.
- Цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй "Сновболл", "Оюудент" шүдний эмнэлгүүд, тусгай зөвшөөрөлтэй боловч цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн "Оксмон", "Интермед", "Бадрахтулга", "Мон-Эмаль", "Бабуно", "Төр-Аюуш", Анагаах урлаг зэрэг байгууллагын гаргасан зөрчилд зөрчлийн хэрэг нээж, торгох шийтгэл ногдуулж, рентген аппаратын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн.
- Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд мэдээлж бүртгүүлээгүй "Монтүрүү" ХХК-иуд байна.
Хяналт шалгалтад хамрагдсан 29 байгууллагын 30 салбар нэгжид нийт 158 цацрагтай ажиллагч ажиллаж байна. Шалгалтаар дараах нийтлэг зөрчилүүд илэрлээ.
- Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 20.7 хувь буюу 6 байгууллагын 12 цацрагтай ажиллагч мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагдаагүй;
- Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 44.8 хувь буюу 13 байгууллагын 47 цацрагтай ажиллагч мэргэжлээс шалтгаалах эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй;
- Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 44.8 хувь буюу 13 байгууллагын 92 цацрагтай ажиллагчийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад хамруулаагүй;
- Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 27.6 хувь буюу 8 байгууллагын 18 цацрагтай ажиллагчдад хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг олгодоггүй;
- Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 58.6 хувь буюу 17 байгууллага нь байгууллагын даргын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт хийдэггүй;
Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 58.6 хувь буюу 17 байгууллага нь цацрагийн хэмжилтийн багажгүй байна.
Г.Эрдэнэ