Вьетнамын хамгийн том гэгддэг Хо Ши Мин хот анхны метроны шугамаа нээлээ. Ням гарагт явж эхэлсэн метроны нэгдүгээр шугамд суусан анхны зорчигчдын тоонд багтаж, түүх бүтээхээр олон зуун хүн дараалал үүсгэсэн тухай тус улсын төрийн мэдээллийн агентлаг "Viet Nam News" мэдээлэв.
Энэ шугам нь хотын төв дэх хөл хөдөлгөөн ихтэй Бен Тхан захаас баруун хойд зүгт орших Соуи Тиен цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилнэ. Нийт 14 зогсоолтой бөгөөд тэдгээрийн гурав нь газар доор баригджээ.
Уг шугамыг 17 жил төлөвлөж, 12 жилийн хугацаанд барьсан гэнэ. Тодруулбал, "Ковид-19"-ын халдвар болон санхүүгийн хязгаарлалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан олон жил саатсаны эцэст ийнхүү явж эхэллээ.
Вьетнамын засгийн газар уг метроны шугам нь ойролцоогоор есөн сая орчим хүн амтай тус хотын замын түгжрэлийг бууруулахад дэм болно гэж найдаж байна.
Л.Баяр