Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанид нуранги болж, дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Дахин ийм осол гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төлөвлөгөөт гэнэтийн шалгалт хийжээ. Ажлын хэсэг Төв аймагт ажиллаж бичиг баримтын зөрчилтэй, хэмжээ хэтэрсэн гэх дөрвөн уурхайн үйл ажиллагааг зогсоожээ.
Гэвч үйл ажиллагааг нь зогсоосон компанийн нэг “Уулс Заамар” уурхай уг шийдвэрийг үл хэрэгсэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, дээрх уурхайн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн үргэлжилж байгаа гэсэн үг. Уг нь тус уурхай нь Туул голын ай сав буюу улсын онцгой бүсэд хамаарагдах газар үйл ажиллагаа явуулж байсныг нь илрүүлэн зогсоосон юм байна. Учир нь голын ай савд 50 метрээс дотогш орж үйл ажиллагаа эрхлэхийг нь хуулиар хориглодог юм. Өөрөөр хэлбэл, онцгой хамгаалалтын бүсэд нэвтэрч үйл ажиллагаа эрхэлсэн, хууль зөрчсөн тул үйл ажиллагааг нь зогсоох ёстой. Түүнчлэн уг компани нь тухайн газраа нөхөн сэргээлт хийгээгүйгээс гадна туулын гүүрийн бүсийн иргэдтэй ихээхэн маргаантай байсан тул иргэдийг 400 мянган төгрөгөөр “торгоон” салж байжээ. Одоо ч тэдний эрхэлж буй үйл ажиллагаа нутгийн иргэдийн тэмцэлтэй тулгарсаар байгаа аж. Дашрамд дурдахад, “Уулс Заамар” уурхайн нууц ноёнтон буюу жинэхэн эзэн нь гадаад хүн гэж яригддаг бөгөөд албан ёсны хаяг нь Н.Оргилмаа гэж хүний нэр дээр байдаг юм байна.
Онцгой хамгаалалттай бүсэд хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг тус уурхайн үйл ажиллагааг цуцлуулахаар иргэд болон төрийн бус байгууллагууд тэмцэж байгаа бөгөөд цуцлуулах хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд “Эко Алтан Заамар” уурхайн талаар хийсэн мэдээлэлдээ голын ай савд үйл ажиллагаа явуулдаг уурхайн зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй гэж хэлж байсан. “Уулс Заамар”-ын хувьд ч агаар нэгэн адил учраас онцгой хамгаалалтын бүсэд тухалсан эл уурхайн зөвшөөрлийг ч цуцалъя сайд аа.
Б.Лхам