Хамди Акин Ипек.
-Р.Т.Эрдоган дайснуудаа хилийн чанадаас авчрах оролдлого хийсээр байна-
Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган өөрийн улс төрийн гол өрсөлдөгч, заналт дайснаа гэж үздэг Фетхулла Гулений бүлэглэлийн гишүүдийг хилийн чанадаас авчруулан гэсгээн цээрлүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна. Энэ ажлаа гүйцэтгэхдээ харин байгаа улсаас нь шалтгаалан ялгамжтай ханддаг юм байна. Пакистан, Монгол зэрэг ядуу улсаас зээл тусламж амлан хүчээр аваачихыг завддаг тэрээр харин Их Британи гэх мэт хүчирхэг улсуудаас бол шилжүүлж өгөхийг ном журмаар хүсдэг юм байна. Хүсэлт тавьсан улс нь хариуг нь ч өгсөн шиг өгдөг ажээ.
Туркт чөлөөт хэвлэлийн байгууллага удирдаж байгаад Ф.Гюлений хэрэг явдал, төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой бариа, тавиа эхэлсний дараа Англид зугтан гарсан Хамди Акин Ипект саяхан эх орондоо хүчээр буцаагдан эрүү шүүлтэд унах эрсдэл тулгарсан ч Британийн шүүх түүнийг шилжүүлж өгөхөөс татгалзсанаар аврагджээ. Шийдвэр гаргасан шүүгч Жон Зани бээр Хамди Акин Ипекээс гадна Анкарагаас гаргасан өөр гурван турк иргэнийг шилжүүлж өгөх хүсэлтэд мөн татгалзсан хариу барьсан байна.
Хамди Акин Ипек нь Туркт сөрөг хүчний сонин, телевизийг удирдаж байсан бөгөөд Р.Т.Эрдоганы дэглэмийг шүүмжлэх бодлого баримталж байснаасаа болж эх орондоо байх аргагүй болсон нэгэн юм. Хамди Акин Ипек болон Анкарагаас шилжүүлж авах хүсэлт гаргасан бусад хүмүүсийн хэргийг Вестминстерийн шүүх өнгөрсөн лхагва гаригт хэлэлцсэн юм.
Шүүгч Ж.Зани шийдвэртээ “Эдгээр хүмүүсийг шилжүүлж авах гэсэн нь улс төрийн зорилгоор буруутгах гэж байгаа нь тодорхой харагдаж байгаа тул... Хэрвээ эдгээр хүмүүсийг Анкара шилжүүлж аваад улс төрийн хэргээр шүүвэл Европын хүний эрхийн конвенфийн III зүйл ноцтой зөрчигдөх учраас.... Британи улс эдгээр иргэдийн Анкарад шилжүүлэн өгөхөөс татгалзаж байна” хэмээн дурджээ.
Хамди Акин Ипекийг шилжүүлж авах хүсэлт нь Турк улс 2016 онд болсон төрийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогын дараа Р.Т.Эрдоганы эхлүүлсэн Ф.Гюлений бүлэглэлийн эсрэг, хилийн чанадад гарсан дайснуудаа эргүүлэн авчирч, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллах кампанит ажлын хүрээнд хийгдсэн ажил юм.
Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырим өнгөрсөн жил Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзахдаа 2016 оны төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой, Их Британид зугтан гарсан турк иргэдийг шилжүүлж авах хүсэлтийг тавьж байсан юм.
Шүүх хуралд Туркийн талыг төлөөлсөн CPS байгууллага шүүхийн шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь, Б.Йылдырим Т.Мэйтэй уулзаж хүсэлт тавьснаас хойш Их Британийн шүүх нэг бус удаа уг асуудлаар шийдвэр гаргасан ч бүгдэд нь Туркийн хүсэлтийг хангаагүй юм.
Турк улс нь Европын зөвлөл, НАТО-гийн гишүүний хувьд хүний эрхийг хангах асуудлаар хийж байгаа ажил, тайлангаа гаргаж тавих ёстой гэж Их Британи улс үздэг, шаарддагаас Туркийн иргэдийг шилжүүлж өгөхөөс байнга татгалзсаар ирсэн юм.
Шүүгдэгч Хамди Акин Ипек хурлын үеэр хэлсэн үгэндээ “Туркийн эрх баригчид надад Р.Эрдоганы дэглэмийг эсэргүүцэгч гэдгээр шалтаглан миний гэр бүл, ажилтнуудад сүүлийн гурван жилийн турш заналхийлж байна. Энэ заналхийлэл нь миний эцгийн байгуулж, 70 жилийн турш хөгжүүлж ирсэн “Koza-İpek” группын хөрөнгийг хураах, эрх баригчдыг хэдэн удаа шүүмжилсний төлөө хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах зэрэг үйлдлээр илэрч байгаа. Хамгийн харамсалтай нь, миний ах Текинийг үндэслэлгүй хэрэгт буруутган баривчилж, гурван жил гаруй хорьж байна.
Гэтэл энэ заналхийлэл зургаан сарын өмнөөс Британийн эрэгт тулж ирсэн. Намайг нууцаар дагаж, зураг авдаг болсон. Туркийн төрийн хамгийн дээд суудалд сууж байгаа тэр хүмүүсээс би амь насанд халдах заналхийллийг хэдэн арваас нь авсан.
Хийгээгүй хэргийнхээ төлөө ажлаа, бизнесээ алдаж, хавчигдаж, шоронд хоригдож байгаа олон мянган бизнесмэн, шүүгч, төрийн албан хаагч, сэтгүүлч Туркт хууль ёс, ардчилал алдагдсанаас болж ажлаа хийж чадахгүй хохирч байна. Надаас ч илүү зовж байгаа олон мянган хүн бий. Хүний эрхийг зөрчих нь ардчилсан төрт ямар ч улс орны хувьд тэвчиж болшгүй зүйл юм. Энэ байдлыг өөрчлөхийн тулд нэн даруй арга хэмжээ авах ёстой” хэмээн өгүүлжээ.
Туркийн Хууль зүйн сайд Абдулхамит Гюль Британийн шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ асуудлыг дахин тавихаа мэдэгдсэн байна. Хууль ёсоор Туркийн тал шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм.