Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгана. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх, удирдлагыг боловсронгуй болгох урт хугацааны арга хэмжээг хэрэгжүүлнэ, Мөнгөний бодлогын үр дүнг дээшлүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах, хөрвөх чадварыг сайжруулж, тогтворжуулна. Дотоодын гүйлгээ, төлбөр, тооцоонд зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтийг хэрэглэж, үндэсний мөнгөн тэмдэгтийн дотоодын зах зээлд эзлэх хувь, хэмжээг зохистой хэмжээнд байлгана гэж заасан байдаг.
Харин энэ оны зургадугаар сарын байдлаар манай улсын гадаад валютын нөөц 2.9 сая ам доллар байна. Энэ нь импортын бараа үйлчилгээний 5.2 сарын хэрэгцээг хангах, богино хугацаат гадаад өрийн 89.6 хувьтай тэнцэх хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, гадаад валютын нөөц Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнээс 43 хувь доогуур, богино хугацаат гадаад өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй буюу олон улсын жишиг түвшнээс 10.4 нэгж хувиар бага байгааг Монголбанкнаас тайлбарлаж байна.
Намрын чуулганаар хэлэлцүүлэх Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд банкнуудын гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх үүднээс доллараас бусад валютаар урт хугацаат своп хэлцэл байгуулах талаар судлах боломж бүрдсэн нөхцөлд нэвтрүүлэхийг Монголбанкнаас ярьж байгаа.
Тухайлбал, өнгөрсөн онд БНХАУ-тай төгрөг, юаний своп хэлцлийг дахин гурван жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрсэн юм. Тодруулбал, своп хэлцэл нь валютын нөөцөөс гадна нэмж татах боломжтой гадаад валютын эх үүсвэр болж өгдөг байна. Своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад валютын дотоодын захын тогтвортой байдлыг хангахад оршдог. Монголбанк энэ хугацааг ашиглан ирэх гурван жилд валютын нөөцөө дөрвөн тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн.
Тиймээс Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд гадаад валютын нөөцийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан түвшинд дунд хугацаанд хүргэх чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэхийг Улсын Их хурлын дарга М.Энхболд үүрэг болгосон юм.
Тухайлбал, 2018 хоёрдугаар улирлын эцсийн байдлаар төгрөгийн ханш оны эхнээс 35.69 төгрөгөөр суларсан байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш хоёрдугаар улиралд 2.9 хувиар суларсан гэсэн үг юм.
Манай улсад эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлснээр валютын урсгал сайжирч байгаа талаар ярьж байгаа. Яах ч аргагүй хэн ч харсан үзүүштэй тоон өөрчлөлт гарсан юм. Гэвч валютын урсгал нэмэгдсэн ч төгрөгийн ханш буурчээ. Үүнд голлон нөлөөлж буй зүйл нь төлбөрийн тэнцлийн бараа, үйлчилгээний худалдааны дансны алдагдал 2018 оны тавдугаар сарын байдлаар оны эхнээс -42.3 сая ам.доллар болж буурсан, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилтүүд орж ирж буйтай холбоотойгоор зах зээлд оролцогчдын хүлээлт эерэг болсон зэрэг нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах дарамт буурах суурь нөхцөл болсон байна.
Төгрөгийн ханш сулрахын гол эрсдэл нь хөрөнгө оруулагчид манай улсаас дайжна гэсэн үг. Учир нь хөрөнгө оруулагч нар өөрт байгаа доллараа зарж монгол мөнгө болгоход хэдэн жилийн дараа доллар руу шилжүүлэхэд олсон мөнгөнөөсөө алдагдал хүлээнэ. Үүнийг ямар ч хөрөнгө оруулагч нар хүсэхгүй нь лав.
Энэ талаар эдийн засагч нар ч өөрсдийн байр суурийг илэрхийлж буй юм. Тухайлбал, Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл “Долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байвал Монгол Улс валют олж чадахгүй мөртлөө хэтэрхий их гаднын бараа хэрэглэж байгаагийн илрэл” гэж өөрийн цахим хаягтаа нийтлэв.
Одоо бол төгрөгийн ханшийг тогтворжуулах арга нь иргэдийн итгэлийг сэргээх явдал юм. Учир нь төгрөгийн үнэ буурч байгаатай холбоотойгоор мөнгөө доллар болгох давалгаа бий болж магадгүй. Тэгвэл бүр л дарамт болох нь мэдээж.
Түүнчлэн гадаад өрийн хувьд 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар гадаад өрийн өсөлт саарахын зэрэгцээ ДНБ, урсгал дансны орох урсгалын өсөлтөөс шалтгаалан дээрх харьцаа үзүүлэлтүүд бага зэрэг буурсан ч өрийн үйлчилгээ 2018 оны эхний хагаст экспортын орлогын 34 хувийг эзэлж байгаа нь босго утгаас өндөр бөгөөд өрийн үйлчилгээний дарамт өндөр байгааг харуулж байна.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (1)