“Кино гэдэг их хэрцгий урлаг. Бодоод үз дээ! 2 цаг харанхуй өрөөнд суудал дээр хөдөлгөөнгүй суулгаад хоол ч өгөхгүй унтуулах ч үгүй хорьдог” гэж нэг багшаасаа сонсож байсан юм. Тэгтэл ийм хэрцгий урлагт дурласан үзэгчид 2 цагийн турш харанхуй өрөөнд хоригдох гэж мөнгө төлдөг.
Та 2 цагийн турш харанхуй өрөөнд дэмий сууж чадах уу? Мэдээж хэцүү.
Тиймээс кино үзэгчдийг 2 цаг томоотой суулгаж чадахуйц сонирхолтой байх хэрэгтэй. Ингэж байж үзэгчдийн урмыг хугалахгүй кино болно.
Тэгвэл үзэгчдэд өндрөөр үнэлэгдсэн кинонууд ямар байдаг вэ? IMDb жагсаалтыг эхнээс нь гүйлгээд харахад мэдэж болно. Энэ кинонуудын дунд ямар адил дүрэм оршиж байна вэ? Энэ талаар судласан олон кино зохиолын номнуудыг судалж мэдэх нь ‘Мэргэжлийн’ болон ‘Мэдрэмжтэй’ зохиолчдыг ялгадаг юм болов уу.
Эрт дээр цагт ийм судалгаа байгаагүй үед хүмүүс сайн кино хийсээр ирсэн тиймээс битгий ингэж ярь гэвэл тэр бол үнэхээр эрт дээр цагийн арга барил гэж хэлмээр байна. Тэр үед тийм номнууд байгаагүй үед ч киночид кино хийхдээ судалгаа хийсээр ирсэн. Хойч үедээ зориулаад судалж мэдсэн зүйлсээ бэлэн ном болгоод бичцэн байхад унших хүсэлгүй мэдэх хүсэлгүй байна гэдэг дэндүү хайран биш гэж үү? Одоо үеийн сайн зохиолуудтай, хүмүүсийн үзэх дуртай кинонууд бүгд л ийм судалгаан дээр тулгуурлаж хийгддэг, анх судалгаа хийсэн хүмүүсийн номыг сурах бичигээ болгож суралцаж ирсэн гэдгийг баттай хэлмээр байна. Та бид бүгд одоо цагт амьдарч байгаа хүн шүү дээ.
Монголд тийм номнуудыг орчуулсан хувилбар байдаггүй тул хүн болгон олж уншихад хэцүү нь үнэн. Тэгвэл бид нарын амархан ашишлаж судалж чадах өөр нэг бэлэн ном бол сайн хийгдсэн КИНО өөрөө юм.
Манай нэг багш кино театрт кино үзэхдээ цагаа харж үздэг зуршилтай гэнэ. Тэгээд тэрнээсээ болж утасныхаа гэрлийг сэмхэн асаахдаа кино үзэж байгаа бусад хүмүүсээс их санаа зовдог гэнэ. Садаа болохвий гээд.
Цагаа хардаг шалтгаан нь кино үзэж байхад киноны ямар нэг эргэлт ч юм уу цохилт, том үйл явдал хэд дэхь минутан дээр гарч байна вэ гэдгийг харахын тулд юм. Тэгснээр тэр хүн ямар төрлийн кино ямар цохилтыг хаана нь оруулж байгааг мэдэх боломжтой болж байгаа юм. Хичээл эхлэхэд бид нарт “Тэр кино тэдэн минут дээрээ хамаг юм нь ил болчихож байна лээ тэгээд үлдсэн тэдэн минутаа яаж үзэгчдээ уйдаахгүй авч явах гэж байгаа юм бол оо гэж бодтол ард нь нэг ийм юм гарч ирж байна лээ гэхдээ ийм кинон дээр ийм цохилт байх осолтой доо, үзэгчдийг илүү урамгүй болгочих шиг болсон” гэх мэтчилэн ярьж өгөөд хичээлээ эхэлнэ.
-2-
Та ямар нэг төрлийн кино зохиол бичих гэж байгаа, эсвэл ямар нэг төрлийн кино төсөл бичих гэж байгаа гэж бодъё. Тэгвэл та өөрийн бичих гэж байгаа кинотой төстэй төрлийн кинонуудыг задлаж үзэж судалгаа хийвэл олон гарцууд танд харагдах болно.
Төрөл гэдэг нь – жишээлбэл би хилс хэрэгт хутгалдсан залуу хэрэг хийгээгүйгээ нотлох гэж байгаа кино бичих гэж байна гэж бодъё. Тэгвэл би тийм төрлийн кинонуудын листийг гаргаад сайн муугаар нь ангилна(ихэнхи тохиолдолд кино сайт дахь оноогоор эсвэл ямар нэг нотолгоотой үзэгчдийн хандалтаар) Дараа нь сайн нь яагаад сайн, муу нь яагаад муу байгааг задалж үзнэ.
Киноны бүтсэн түүхийг энд тэндээс сонсох боломжтой бол тэгж сонссон зүйлс тэр киног бүтэхэд хэрхэн нөлөөлснийг ойлгоход хялбар болдог. Уг нь их сайн зохиол байсан юм яагаад юунаас болоод хүлээж байсан киноноос шал өөр болчиховоо. Магадгүй төсөвөөс болоод хүсч байсан зургийн талбайгаа бүтээж чадаагүй ч юмуу, эвлүүлгийн явцад эвлүүлэгч нь гэнэт солигдоод хоёр хүний гар дамжчихсан ч юмуу сонгосон хөгжмийн зохиолч маань аяа өгөөгүй тул өөр хөгжмөөр орлуулсан гэдэг ч юм уу яг үнэнээр нь хэлэхэд жүжигчин нь гэнэт киногоо хаяад явах, авсан видеонууд нь алга болох гэх мэтийн эвгүй том осол ч гэсэн гардаг. Тэгээд үлдсэн дүрсээ яаж ийж байгаад нийлүүлж эвлүүлээд кино болгоно гэсэн үг. Мэдээж найруулагч хүний хувьд ийм аргацааж хийсэн киног өөрийнхөө нэрээр овоглохыг хүсэхгүй. Гэвч хүмүүсийн дэмжлэгийг авах гэж гарын үсэгээ зурсан олон цааснаас болж өрөнд орохгүйн тулд Продюсер нь найруулагчаа аргадаад дуустал нь хийхээс өөр аргагүй.
Хадуурчихлаа.. Кино хийх явцад төсөөлж байгаагүй гэнэтийн алдаа дутагдлууд байнга гарч болно оо гэсэн үг.
За тэгвэл та тэр бүтэлгүйтсэн туршлагуудыг судалснаар өөрийнхөө кинон дээр тийм алдаа гаргахгүйг хичээх боломж олдож байгаа юм. Мөн ямар нэг алдаагүй төлөвлөсний дагуу хийгдсэн хэрнээ үзэгчдэд таалагдаагүй кино байж болно. Тэгвэл тэр кино яагаад үзэгчдэд таалагдсангүй вэ? Юуг дутуу үлдээчихсэн байна вэ? гэдгийг судалж болно.
Жишээ татаж хэлье. Солонгосын ‘Pandora’ гээд энэ оны кино Монголын кино сайтууд дээр тавигдсан байсан. Монголд тэр киног үзсэн хүмүүс гоё кино гэж хэлэхийг би хэд хэд харсан. Тэр кино Солонгост ашиг орлогоороо муу байсан ба тэр нь цаашлаад үзэгчдэд тийм ч их таалагдаагүй гэсэн үг. Шалтгаан нь юу вэ? гэж таах гээд үзье. Тэр киног задлаад үзвэл зохиолын дараалал нэг иймэрхүү:
///Сайн санаатай гол дүрийн залуу гэрийнхэндээ эсвэл орчин тойрондоо хүлээн зөвшөөрөгддөггүй нэгэн. Гэхдээ хажууд нь нэг ухаантай үзэсгэлэнтэй өөрийг нь хайрладаг эмэгтэй заавал байж байна. Эсвэл дөнгөж тийм эмэгтэйтэй шинээр дурлалцсан байх ч юмуу.. Ямар нэг байгалийн том гамшиг, осол гэнэт гарна. Нөгөөх ад үзэгддэг залуу маань өөрийгөө золиослоод бусдад туслана(эсвэл нөгөө хайртай эмэгтэйдээ). Тэр дунд залууд садаа болох нэг муу дүр эсвэл хүчин зүйл байна. Хүмүүс эсвэл хайртай эмэгтэй нь бууж өгөх гэхэд гол дүрийн залуу эцсээ хүртэл тэмцэж бусдыгаа ухааруулаад эцсийн дүнд мань залуугийн хэлснээр бусад нь үйлдэх боловч гол дүрийн залуу маань амь үрэгдээд дуусна. Олон хүмүүсийг аварвал драм кино, хайртай эмэгтэйгээ аварвал романтик кино.///
За эндээс танд ямар кино санаанд орсон бэ? Пандораг үзсэн бол Пандора санаанд орсон байх үзээгүй хүмүүсийн ихэнхид нь Титаник санаанд орсон байх зөв үү?
Пандора үзэгчдийг татаж чадаагүй шалтгааны нэг нь дээр байгаа зүйл юм. Байгалийн гамшиг том осол гардаг бусад кинонуудтай хэтэрхий адилхан үйл явдлын дараалалтай байсан тул үзэгчдэд дараагийнх нь үйл явдал, төгсгөл нь шууд төсөөлөгдөөд яг төсөөлснийх нь дагуу дуустлаа өрнөчихөөр шинэлэг зүйл байхгүй мэт санагдаж үзэгчид уйддаг.
Бас энэ киноны нэг сул тал нь муу талын дүрийн муу талд зогсож байгаа шалтгаан нь хангалттай тодорхой биш; Гол дүрийн гүйцэтгэх ёстой чухал үүргийг гол дүрийн энгийн сайн залуу, үйлдвэрийн дарга гэдэг жигтэйхэн зөв хүн, ерөнхийлөгч гээд сайдынхаа үгийг үгүйсгэж чухал алхам хийдэг хүн(бүр хажуудаа лаг том ухаарал өгдөг дэмжигч дүртэй) гээд 3 баатарлаг дүр хуваагаад авчихсан байгаа юм. Гамшигт кинонд баатарарлаг гол үйлийг ганцхан гол дүр маань хийж байж хамаг анхаарал тэр дүр дээр төвлөрч үзэгчид тэр дүрийг баатар мэт санадаг. Мэдээж хажууд нь туслах сайн дүр байдаг хэдий ч нийт киноны явцад чухал том үүрэг гүйцэтгэхээс зугтдаг.
Титаниктай харьцуулаад бодъё. Титаникийн муу дүрийн залуу эдийн шуналтай. Тиймээс тэр эд баялагийн төлөө худал дүр эсгэж муу аашилдаг. Харин Пандорагийн муу дүрийн залуу ерөнхийлөгчдөө мэдлэгээ гайхуулахын тулд тэгээд байгаа ч юмуу бүү мэд. Уг нь эрх мэдлийг атгадаг хүн болохын тулд, эсвэл ерөнхийлөгчийн суудлыг эзэлхийн тулд гэх мэт тодорхой шалтгаан байсан бол муу дүрийн хүч нэмэгдэх байсан байх. Титаник дээр сайн дүр хэд гардаг вэ? Жэк-ээс гадна титаникийг бүтээгч усан онгоцны эзэн эцэст нь онгоцтойгоо үхдэг(Жэктэй дүйцэхээр том баатарлаг үйл биш), Хийлчид? Хүмүүст эцсийг нь хүртэл хөгжмөө тоглож өгөөд дуусдаг(бас л Жэкийг гүйцэх хэмжээний анхаарал татдаггүй).
-3-
Кино театрт кино үзчихээд гарч ирж байгаа үзэгчдийн яриаг сонсох их зугаатай. Сайн кино үзчихээд гарч ирж байгаа үзэгчид үргэлж киноны үйл явдлыг дахин давтан ярьдаг. “Тэр хэсгийг үзээд би ингэсэн” гэх мэтээр хэрхэн кинонд автсан тухайгаа ярьцгаадаг. 2 цаг гэдэг харанхуй өрөөнд дэмий суухад хэтэрхий урт хугацаа гэдгийг байнга санах хэрэгтэй. Үзэгчид 2 цаг кино театрт кино үзчихээд сэтгэл хангалуун гарч ирж байвал тэр кино тэр 2 цагийн агуулгыг нарийн төлөвлөгөөн дор үзэгчдийг уйдаалгүйгээр өрсөн гэсэн үг. Та найзтайгаа уулзлаа гэж бодъё. Та хоёр уулзаад ямар ч уйдах завгүй хөгжилтэй цагийг өнгөрөөвөл цаг ийм хурдан өнгөрчихөж байгаа юмуу гэсэн бодол төрдөг биз дээ? Бас нэг дайсантайгаа зодолдлоо гэж бодъё. Нэг зодмоор санагдсан хүнээ эсвэл ямар нэг хүчин зүйлээ төсөөлөөрэй! Компютер тоглоомын дайсан ч байсан болно. Жангум үзэж байгаа бол Чой ахайтан байсан ч болно. Та тэр хүнийг зодохоос уйдах уу? Цаг маш хурдан өнгөрөх болно. Кино ч мөн адил найз болох үед нь найз болж сэтгэлийг нь баясгаад дайсан болох үед жигшүүлж зэвүүг нь хүргээд 2 цагийн турш үзэгчдийн сэтгэлийг нааш цааш хэд чангаадаг. Байнга хардаг найзынхаа царай луу хараад юу ч хийлгүй ямар ч сэтгэлийн өөрчлөлт мэдрэхгүй зүгээр сууж байвал 2 цаг хичнээн удаан өнгөрөх бол.
Киноны агуулгын өрөлтийг яаж судлах вэ? Дээр дурьдсанчлан энэ бол зөвхөн САЙН өрөгдсөн агуулгатай кинонуудад зориулсан судалгаа гэдгийг дахин нэг хэлье. Сайн кинонууд дээр задаргаа хийгээд муу киноноос юугаараа ялгаатай байна вэ гэдэг нь нүдэнд хангалттай харагдах болсон үед судалгаа хийх шаардлагатай бол муу зохиолтой кинон дээр туршиж үзэхийг санал болгоё.
Кино зохиолын өрөгдсөн байдлыг мэргэжлийн үгээр плот гэдэг. Кино зохиол нь бусад онгодоороо бичиж болдог уран зохиолоос ялгаатайн шалтгаан нь энэ плот бөгөөд кино зохиол бичих гэж байгаа хүн бүр энэ плот дизайныг сайн судлах хэрэгтэй.
Миний хамгийн их үр дүн авдаг кино задаргааны арга бол Сцен лист гаргах юм. Кино үзээд сцен болгоноор нь задлаад хэдэн сикүэнс, хаана ямар өргөлт цохилт гарч байна вэ гэдгийг өөрийн судлах гэж байгаа өнцөгтөө тааруулаад задалж болно.
Жишээлбэл би Загалмайлсан эцэг киноны Майклын дүрийг барьж аваад түүний гэр бүлийн асуудал дээр тулгуурласан сэтгэл санааны өөрчлөлтийг хэрхэн дүрсжүүлснийг задлаж үзэх гэж байна гэж бодъё. Тэгэнгээ би бас Загалмайлсан эцэг кинон дээр гардаг жүржнүүдийн учрыг бас нэг бүрчлэн хармаар байна. За тэгвэл миний сцен лист хүснэгтэнд ямар ямар цонх хэрэгтэй вэ?
1. Минут
2. Сцен дугаарлалт
3. Агуулга
4. Майклын сэтгэл санааны өөрчлөлт
5. Тэмдэглэл
гэж гаргаж болох юм. (Би ихэвчлэн хүснэгтийн хөндлөн чигт эдгээрийг бичээд дараа нь сцен болгоноор доошоо жагсааж бичдэг. Киноноосоо шалтгаалаад байрыг нь сольсон ч болно. Таны таал.) Тэгээд жүрж гарч байгаа сценүүдийн агуулга хэсгийг өнгөөр тэмдэглээд нийтэд нь харж болно. Юуны талаар судалгаа хийх нь тогтоогүй зүгээр задлаж үзэх гэж байгаа үед бол зөвхөн сцен дугаарлалт, минут, агуулга, тэмдэглэл байхад хангалттай. Сцен дугаарлаж үзвэл зарим кинонууд маш их сцентэй, зарим нь бүр их сонин цөөхөн байдаг. Их ритмлэг хөнгөн маркийн кино цөөхөн сцентэй байхыг хараад их гайхаж байсан. Ритм сцений ширхэгтэй хамааралгүй болохыг ойлгосон. Stoker(2013) гээд киног задлаж байхад өмнө нь анзаарч байгаагүй найруулагчийн нуусан жижигхэн элемэнтүүдийг нэг бүрчлэн харснаар тэр киног би илүү их ойлгож авсан. Киноны жижиг ширхэгийг ойлгонгоо үзэхэд Николь Кидмоны жүжиглэлт намайг зүгээр л ангайлгаж билээ. Тэр жижигхэн элемэнт бүхэн түүний харцанд шингэсэн байсан. За тэр ч яахав киног сцен сценээр нь задлах бүрт тэр киноны жижиг нарийн ширхэгийг олж харах боломжтой. Мөн хугацааг нь тавьснаар өмнөх пост дээр бичсэнчлэн хэд дэхь минут дээр ямар эргэлт, цохилт гарч байгааг та мэдэж болох юм. Тэмдэглэл гэдэг цонх хоосон ч бай байлгасан нь дээр гэж зөвлөмөөр байна. Киног задлах явцад та төсөөлөөгүй зүйлээ олж хараад тэмдэглэмээр санагдах үе их гардаг юм.
Зохиол талаас судлаж байгаа бол дээрхи агуулгаар судлахад хангалттай. Хэрвээ ямар нэг гоё зураглалтай киноны ашигласан план зэргийг харахыг хүсвэл хүснэгтийн хөндлөн буюу ‘X’ тэнхлэгт та үүнийгээ нэмж болно. Мөн ямар нэг өнгөний билэгдэлтэй киноны тийм элемэнт аль аль хэсэгт яаж ямар өнгөөр орсон байна вэ гэдгийг судлахыг хүсвэл бас л хүснэгтэндээ нэмчихэд болно. Ер нь юу ч байсан та өөрийнхөө дураар задаргаа хийж болох тул их олон талын мэргэжилтнүүдэд тус болдог задаргааны арга байгаа юм. (Энийг бичих явцдаа Николь Кидмон Стокерийн зохиолыг ингэж задласан юм байхдаа гэсэн бодол төрөв.) Жүжигчид ч хэрэглэж болох задаргаа юмаа гэсэн үг!
дан ганц зохиолоор задалж болохгүй шалтгаанууд бас бий. Жишээлбэл тухайн кино үзэгчдэд сайн хүрэх эсэхэд тухайн киног үзэж байгаа үзэгчдийн хүрээлэн орчин, нийгэм шууд нөлөөлдөг. Тухайн кино бүтсэн үеийн нийгмийг бас судлах хэрэгтэй гэсэн үг.
Өмнөх пост дээр Пандора кино Монгол үзэгчдэд таалагдсан гэдгийг дурьдсан шалтгаан нь уг киноны агуулга Монголын нийгэмд байх зүйл биш учраас хүмүүст шинэлэг санагдсан байх гэсэн таамаглалыг хэлэх гэсэнд юм. Солонгосчууд бол байнга л мэдээгээр идэвхтэй цацрагийн тухай анхааруулга сонссоор ирсэн. Залхсан гэсэн үг.
The king(2017) кино улс төрийн тэргүүлэх эрх мэдэлтнүүдийн амьдрал энгийн хүмүүст хэрхэн нөлөөлөх, эрх мэдэлтний ард жагсах цуваа зэрэг булхайг элэн далангүй гаргасан байдаг. Гэтэл энэ кино мөн Солонгост амжилт олоогүй. Шалтгаан нь бас л ийм төрлийн агуулгаас Солонгосчууд хэтэрхий залхсан байсантай холбоотой юм. Энэ кино гарах үе ерөнхийлөгчийн булхайгаас болж улс орноороо жагсаал бослого гаргаж мэдээ болгонд анхаарлаа хандуулсаар ядарсан үе байсан. Мэдээж стрессээ тайлах гэж очдог кино театрт хүртэл мэдээгээр гардаг агуулгын киног үзэхийг хүсэхгүй.
Сүүлийн үеийн холливүүдийн кинонд Хятад дүр, Хятад орчин их орж байгаа нь ч гэсэн нийгэмтэй шууд хамааралтай. Зах зээл томтой, нэвтрэх боломж багатай хятадын хувьд ямар нэгэн байдлаар тэр зах зээлийг ашиглахын тулд киночид Хятад элэмент кинондоо оруулсаар байна. Кино үзээд яагаад заавал Хятад баатар гарч байна вэ? гэсэн шалтгааныг зохиолын гоо үзэмжийн хувиар ч юмуу урлагийн бүтээл талаас нь ойлгох гэж толгойгоо гашилгаж байвал таны урмыг хугалж магадгүй ч гэсэн энэ нь эцсийн эцэст цэвэр мөнгөний асуудал юм. Кино бүтэхэд төсөв хэрэгтэй, хятад зах зээл томтой. Тэгвэл хятадын зах зээл рүү шуурахаас өөр аргагүй, тэгэхийн тулд хятад жүжигчин ашиглахаас өөр аргагүй.
Бас киног дан ганц үзээд ч юмуу эсвэл сцен листээр нь задлаад бүрэн ойлгож чадахгүй зүйл бол зураг авалт юм. Зохиолыг мянга задласан ч ямар нэг зүйл нь нүдэнд харагдахгүй, бүрэн ойлгоогүй өнгөрөх тохиолдол байж болно.
Жишээлбэл Сидней Лүмет найруулагчийн “12 Angry Man” киног үзэхэд киног үзэх тусам тэр 12 ууртай хүмүүсийн байгаа орчин улам бүр давчуу болсоор байдаг. Та зохиолыг нь мянга задалж үзсэн ч тэр давчидсан агаарыг яаж гаргасан нь танд харагдахгүй. Дан ганц жүжигчдийн уран чадвар уу? Тэгж итгээд өнгөрчихөж болох юм.
Сидней Лүмет найруулагч уг киноны зургийг авахдаа линзний тусгалыг ашигласан. Кино эхлэхэд 28~40 мм-н энгийн дурангаар эхлээд 50, 75 г.м бага багаар дурангийн хэмжээсийг өөрчилж өрөөний хэмжээг жижигрүүлж харагдуулсан. Бас киноны 1/3 хэсгийг нүдний түвшингээс дээд өндрөөс, 2 дахь хэсгийг нүдний түвшингийн өндрөөс, сүүлийн хэсгийг нүдний түвшингийн доод өндрөөс авсан. Кино өрнөөд дуусахад дэлгэцэн дээр тааз харагдаж хананууд бага багаар ойртож өрөө улам жижигсэж давчуу агаар улам ихсэнэ. Кино дуусаад өрөөнөөс гарах хүмүүсийг гадаанаас авахдаа аль болох камерийн өнцгийг дээшлүүлж ашигласан бүх дурангуудаасаа илүүтэйгээр өргөн өнцгийн дуран ашигласан. Үзэгчдийн давчидсан сэтгэлд тайтгарал өгөхийн тулд гэж номон дээрээ бичжээ.
Тиймээс киног бүрэн задлаж үзэхийн тулд судалгаа хийх зүйл маш олон байна гэсэн үг. Аз болоход Юүтүүб гээд сайхан агуулах дээр ихэнхи киноны making дүрсүүд тавигдсан байдаг. Хэлийг нь ойлгохгүй гээд зугаталгүй дүрсийг нь ч болтугай үзвэл ямар нэг зүйл ойлгож авна. Википедиа гээд сайхан мэдээллийн цонх байна. Бас л хэлийг нь мэдэхгүй гээд битгий зугатаарай. Би ч англи хэлэндээ муу үг үгээр нь славардаж орчуулаад эвлүүлж ойлгодог. Нэмэр нилээн авч байгаа. Хүсч байвал битгий залхуур! Интернэт гэдэг бэлэн юм байхад мэдэхийг хүссэн юмаа хайгаад үз!!
Манай нөгөө цаг харж кино үздэг багш киног илүү мэддэг болохын тулд IMDb сайтыг интернэтийнхээ эхний хуудас болгож тохируулсан гэнэ лээ. Залхуураад шагайгаад харахгүй өнгөрчихгүйн тулд тэгсэн гэнэ лээ. Бас өөр нэг багш “хүн болгон залхуу учир одоо байгаагаасаа арай бага залхуурахад л чи илүү ихийг мэддэг болсон байна” гэж хэлж байсан. Хамтдаа арай бага залхуурцгаая.