Мөрийн хөтөлбөр гэдэг бол засаг барьж байгаа намын хувьд ард түмэндээ амласан амлалт юм. Сонгогчид чухам түүнийг нь харж сонголтоо хийсэн нь гарцаагүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар олонх болж эрх барьсан МАН-ын мөрийн хөтөлбөрөөр бол монголчууд аль хэдийнэ сайхан амьдраад эхэлчихсэн байх учиртай. Малчид нь зээлийнхээ хүүг бууруулж, ээжүүд нь цалинтай амралт эдэлж, иргэдээ алгачладаггүй төр нь элэгний С вирусыг устгаад эхэлчихсэн байх ёстой. Гэвч мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар харин ч нэг иргэдээ жалга довны үзлээр боож, хэр баргийн хүн авч дийлдэггүй “Харвони” эмийг зөвхөн Архангайнханд үнэгүй тараах гэж байгааг зүгээр л харж сууна. Эрүүл мэндийн яамнаас нь эхлээд л Архангайн иргэд бол хүн бусад нь мал юм шиг үзэж байгаа энэ төр хэзээ иргэдийнхээ өвчнийг илааршуулж, элэг бүтэн амьдруулах юм болдоо.
За дүүрч. Архангайн гишүүд овсгоо гаргаж, ард иргэдэдээ үнэгүй тараах эм авсан нь тэдний буруу биш. Харин МАН мөрийн хөтөлбөрөө эргэн харж, монголчуудыг баярлуулах цаг хурдан ирээсэй гэж хүснэм. Учир нь сэтгэл байвч зүтгэл байхгүйгийн нэг жишээ дурдая. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно” гэж цагаан дээр улаанаар бичжээ.
Жил гаруйхны өмнө газрын тосны үнэ дэлхийн зах зээлд урьд өмнө байгаагүйгээр унасан. Өөрөөр хэлбэл дэлхий даяар шатахууны үнэ унаж байхад харин Монголд энэ салбар зах зээлийн эдийн засгийн жамаар зохицуулагдаагүй. Учир нь цөөн хэдэн нефтийн бүтээгдэхүүн, шатахуун импортлогч компаниуд монополь болж хоорондоо үгсэн хуйвалдаж манай гол импортлогч орон болох хойд хөршийн ханшаас огт хамааралгүйгээр үнээ тогтоосон. Төр засаг ч шатахууны үнийг бууруулах гээд чадаагүйн учир нь тэдгээр компаниудын эзэд парламентад суудалтай намуудад хүчтэй нөлөөгөө тогтоож авсантай холбоотой.
Хэдийгээр Засаг солигдож, монопольддог нөхдүүдийн нам монголын төрийг барьсан ч байдал өөрчлөгдсөнгүй. Үгсэн хуйвалдаж, үнээ нэмсээр.
Юуны түрүүнд Монголын нефть, шатахууны салбарын хамгийн том тоглогч НИК, Петровисын эзэн Ж.Оюунгэрэл хатагтайг нэрлэх хэрэгтэй. Тэрээр МАН-ын бүхий л сонгуулиудад идэвхтэй оролцож, далд санхүүжүүлэгчээр тодорч байсан гэдэг. МАН-ын Бага хурлын гишүүн Ж.Оюунгэрэлийг УИХ-д байгаа эмэгтэй гишүүдээс ч дутахгүй улс төрд дам нөлөөлж, сэм бодлого явуулж чаддаг гэлцэх. Түүний араас УИХ-ын гишүүн О.Содбилэг, бичигдэх нь гарцаагүй. Мөн Ц.Анандбазарыг дурдахгүй байхын аргагүй. “Сод Монгол” группийн үүсгэн байгуулагч тэрээр МАН-д ихэд нөлөөтэй нэгэн гэдэг.
Энэ мэтчилэн МАН-д нөлөөтэй, нөлөөгөө хөрөнгө мөнгийнхөө хүчээр зузаатгасан эрхэмүүд өнөөдөр шатахууныхаа үнийг 150 хүртэл төгрөгөөр нэмчихээд сууж байна. Эдийн засаг хямралтай, иргэдийн амьдрал хүнд, дээр нь “Цагаан сар” идээ ундаагаа яая гэж байхад юуны учир дарамт дээр дарамт үүсгэнэ вэ. Иргэдийнхээ амьдралыг босох ч тэнхэлгүй, элгээр хэвтүүлэх нь энэ намын зорилго биш байлтай. Засаг барьж байгаа нам нь мөрийн хөтөлбөрөө, засагт хамаарч байгаа нөхөд нь ард иргэдээ бодох цаг иржээ. Ашигийн төлөө улайрч байхаар ард иргэдээ бодох ганц ч эрхэм төрийн түшээ энэ Засагт байгаа гэж найдая.
24tsag.mn
Сэтгэгдэл (39)