Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мягмар гарагт Доналд Трамп Хятадын импортын бүх бараанд 104 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдлээ. Энэ нь Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанаас өмнө мөрдөгдөж байсан Хятадын татвараас маш дээгүүр үзүүлэлт болж байна.
Трампын "харилцан" тарифын багцын хүрээнд Хятад улс лхагва гарагт татвараа 34 хувиар хариу нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч Бээжин мягмар гаргийн үд дунд гэхэд АНУ-ын бараанд 34 хувийн хариу татвар ногдуулна гэсэн амлалтаасаа буцаагүй тул ерөнхийлөгч дахин 50 хувийн татвар нэмсэн нь худалдааны дайны галыг асаав.
Мягмар гаргийн эхээр Хятадын Худалдааны яам Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд 50 хувийн нэмэлт татвар ногдуулахыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тус яам АНУ-ын экспортод хариу арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ мөн дурджээ.
Хятад улс өнгөрсөн онд Америкийн хоёр дахь том импортын эх үүсвэр болж, нийт 439 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг АНУ руу тээвэрлэсэн бол АНУ Хятад руу 144 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Харилцан тариф нь дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлж, цомхотголд хүргэх аюултай.
Трампын анхны бүрэн эрхийн хугацаа дуусахад АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд дунджаар 19.3 хувийн татвар ногдуулсан гэж Петерсоны Олон улсын эдийн засгийн шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэв. Харин Байдены засаг захиргаа Трампын тарифын ихэнхийг хэвээр үлдээж, дундаж тарифыг 20.8% болгожээ. Лхагва гарагт Хятадаас АНУ-д экспортлох нийт бүтээгдэхүүний дундаж татвар бараг 125% хүртэл өснө.
Л.Баяр