Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төгрөг нууртай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Х.Баттулгад зохицуулахыг долоо хоногийн хугацаа өгсөн. Одоогийн байдлаар ямар нэгэн албан ёсны бичиг, үйлдэл хийгээгүй, мэдээлэл ирээгүй байна.
Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байна билээ. Гэхдээ Төгрөг нууртай холбоотой ямар нэгэн зүйл хэлээгүй гэж ойлгож байна. Тэрээр намайг Төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай гэсэн байна.
Тиймээс Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Баримт өөрөө ярьдаг гэдэг шүү. Намайг нотол гэсэн учир би нотолж байна.
2006 онд УИХ-ын Х.Баттулга 90 хувийг, Я.Батсүх 10 хувийг нь эзэмшиж байсан, анх хамтран үүсгэн байгуулсан "Камекс" ХХК Төгрөг нуурын орд газрыг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна.
Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллароор зарсан болохыг нотоллоо.
Хонконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримтыг мэдээллийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Тэрбээр компаниас компани дамжуулан, үндэстэн дамнасан компаниар дамжуулж татвараас зайлсхийн Төгрөг нуурын орд газрыг заржээ. Х.Баттулга 2009 онд Зам тээврийн сайд байхдаа өөрөө өөртэйгөө гэрээ байгуулсан байна" гэв.