“Монголын их баатар морилж ирэв” гэсэн цуугиан эртний их Дамаск балгадын дүүргүүдээр хормын зуурт тархав. Энэ бол IV жарны 54 дэх Цагаан бичин жилийн Хувь сарын шинэдээр, Загалмайтны 1260 оны 8 сарын эхээр, Хижрийн 658 оны Их мацгийн* сар дөнгөж дуусаад байсан үе...
Энэ цуугиан Дамаскийнхнийг загалмайтан, лал, сүфи, зарог дагагсад, онго шүтлэгтэн ялгалгүй, сири, мисир, жүүд, нүб, бухтен, семит, араб, перс, магриб бүгдийг хуу гудамжинд гаргаж, тэрхүү их баатар ирж мэдэх умард хаалга зүгт хошууруулжээ.
- Өвөг минь, та хурдлахгүй бол тэр дөчин жил хүлээсэн ивгээлт Гэгээн Давидийнхаа ач хүүг харж амжихгүй нь байна шүү хэмээн тэрхүү урсгалд яваа нэгэн хөвүүн эргэж хэлэв.
Ард нь өгцөгнөн амьсгаадан яваа, хатсан дал модны навч шиг үрчийсэн хорчгор өвгөн сөөнгө тамирдангуй хоолойгоор,
- Энэрэнгүй их Яхве** тэнгэр минь, миний энэ үдээр шиг хатсан хоёр хөл яаж ч хичээгээд үүнээс илүү гишгэж чадахгүй нь. Чи намайг орхиод түрүүлж үз. Би биш гэхэд ядаж чи түүнийг барааг харвал болно гэж уцаарлангуй өгүүлэв.
- Өвөг минь, би тэр монголыг хараад яанам...
- Тэр чинь монгол биш, бидний ижил зүс царайтай байх учиртай. Тийм үгүйг л сайтар хараад надад хэлээд аль.
- Тэд чинь бидэнтэй огт адилгүй ээ. Хоёр жилийн өмнө ч монголчуудыг энэ хотоор дайрч гарахад та бид харсан. Тэд биднээс огт өөр, харин ч буруу номтон, бузрын муухай мамлюк боолууд шиг юм билээ шүү дээ.
- Тэр хоёр жилийн өмнө ирсэн хүмүүс чинь эдний цэргүүд, гүрж, армян, түрэг, араб бүгд холилдсон эсэн бусын эрээвэр хураавар байв шүү. Одоо бол жинхэнэ их ноён нь ирж буй. Чухам хаад, их ноёдууд нь л жүүд хүн байх ёстой.
- Өвөг минь, тэр юу л бол... Эдний хаан Хүлэгийг гэгээн Константин мөн гэлцсэн биш билүү. Бас түүний хатан Докузыг гэгээн Елена л гэдэг. Нүдээрээ үзсэн Хезека хэлэхдээ тэднийг латинуудтай огт адилгүй, франкуудтай ч, грэгүүдтэй ч адилгүй, харин ч түрэгүүдтэй төстэй юм байна гэсэн шүү дээ...
- Хезека гэж муу худалч эр, түүнийг тэрхүү эрхэм дээдсийг харсанд би итгэхгүй байна. Харсан байлаа гэхэд түүний солир нүдэнд итгэмгүй.
- Өвөг минь, Дахиад дөчин жил хоосон хүлээхийн *** тулд ийн их зүтгээд яанам бэ? Тийм тавилангийн төлөө би энэ монголыг харж бишрэн залбирах биш харин ч нулиммаар байна.
- Эцэг чинь хэрвээ энд явсан бол чамд ингэж аймшиггүйгээр өгүүлэх хувь дутах байсан байх даа. Хөгшин намайг элэг доог хийж яанам гээд өвгөн зогсож, амьсгаагаа дарангаа ач хүүгээ өөр лүүгээ ойрт гэж дохив.
Үжирсэн модон таягнаас эмээсэн хүүг болгоомжтой ойртоход,
- Мунхаг хөвүүн, чи сонс. Би Давид гэгээнийг өөрийн биеэр ирж, хөөрхий жүүд биднийгээ ивээнэ хэмээсэн сургийг энэ хоёр дэлдгэрээрээ сонссоноос хойш дөчхөн жил хүлээсэн. Дөчхөн жил шүү. Харин миний жүүд ард түмэн мянган жил хүлээсэн юм шүү. Цаашид ч дахиад мянган жилээр хүлээж чадна.
- Тэгэж дэмий хүлээгээд яанам? Эздийн ташуур нуруун дээр минь мөн адил буусаар л байх болно. Нар жаргадгаараа жаргаж, нулимс урсдгаараа урссаар л байна. Юу ч өөрчлөхгүй шүү дээ, өвөө минь.
- Таван туйван бин хийгээд түүнээ зах дээр гаргаж нүхтэй хоёр дирхимаар өгнө гэж мугуйдалж зогссоор байтал бусад нь нэг хагасаар өгөөд ар гэртээ хоолтой, маргааш бин хийх гурил, цунхуйтай, бас бутархай зоостой ирэхэд тоос дарж, хатаж муудсан бингээс өөр юмгүй ирээд түүнээ өөрсдөө идэж, маргааш нь бин ч хийх юмгүй үлддэг ээжтэйгээ чи юутай адилхан зөрүүдийн дээр ойрын бодолтой хүү юм даа. Тэгээд ээж чинь маргааш дахиад л талхиулахаар цус сорогч муу Яхив эзнийх рүү гуйланчилж, царайчилж, гуринхалсан жингэр мэт шарваганан очдог байсан. Хэдэн зоос олдонгуут ширвэж оддогт нь Яхив түүнийг тийн буцаад арчаагаа алдан гуйж ирэх бүрд нь хөлсөө улам багасгадаг байв. Ихийг бодож дээгүүр сэвээд, ирэх цаг тулахад адгийн боол болон хамаг үнэтэй бүхнээс гудас болгон шидэж өгөхөд бэлэн эхийнхээ богино бодолтой мунхагийг нь л дуурайх юм даа.
- Та ямагт л үүнийг ярих. Харин таны энэ Жүүдийн их хаан эргэж ирж биднийг ивээнэ гэсэн хоосон итгэлээр өөрийгөө хуурч, нэгэн насыг дэмий өнгөрөөсөн тань ээжийн минь мунхаглалаас өчүүхэн ч дээрдэмгүй санагдах юм.
- Ийм л мунхаг хүү дээ. Жүүд бидний хүчин чадал чухам тэр цөхрөлтгүй хүлээлт, итгэл найдвараа ямар ч үед алдаж байгаагүй их тэвчээр тэсвэрт л байдаг юм шүү дээ. Бурхан биднийг хэзээ ч мартаагүй. Бурхан авралынхаа төлөвлөгөөгөө хамгаас чухалд үздэг хэвээр бий. Өнөөдрийн зовлонгоор тэр биднийг шалгаж, сорьж буйгаас биш шарваж, гээж буй хэрэг огтхон ч биш.
- Яагаад заавал жүүд биднийг шалгаж зовоож буй билээ? Тэд энэ мисирүүдийг яагаад шалгаагүй юм бол? Эсвэл энэ муусайн тэнэмэл бэдунуудыг...?
- Бурхан чухам биднийг л онцгойлон сонгосон учраас тэр шүү дээ.
- Өвөө минь, орой гэдэс минь хоол нэхээд унтуулахгүй зовоож байх үед жүүд биднийг тийн сонгосон бурханд үнэхээр ихээр гомдож, уйлмаар болдог шүү.
- Бурханд гомдож үл болно. Бурхан биднийг сонгосон гэсэн итгэл бидэнд байгаа болохоор бид мөхөөгүй юм. Тийм биш бол бид хэдийнэ байхгүй болохсон. Хеттүүдэд тийм хүлээх тэвчээр зориг дутсанаас л бурхан тэднээс нүүр буруулж, өнөө тэдний голомтон дээр үжир мод ёрдойн үлддэг болоод буй. Чи түүнийг хэзээ нэг ойлгоно доо, мунхаг ач минь. Ингэхэд чиний эх чинь хетт**** байсан гэдгийг чи мэднэ дээ.
Өвөө, ач хоёрыг ийн үгээр толхилцож байх үеэр гэнэтхэн олны урсгал ярагдсаар царгиа сөөнгө дуутай нэгэн зэрэгцэн ирэв. Жүүд өвгөн лугаа адил нэг гартаа үжир модон таяг тулаад, нөгөө гараа урагш нь сунгаж, өвдөг мөчийг нь модоор залгаж хийсэн мэт ойр ойрхон огцом огцом гишгэлэн, эргэн тойрноо өчүүхэн ч үл анзааран тэнгэр өөд чанга чанга аялгуулан хашгичиж яваа тэр хүмүүн бол дахин амилсан Их зөнч Амос***** хэмээгдэх тэнэмэл жүүд өвгөн байв. Үжирч гандсан хэвнэг нөмрөгийн сэг эцэнхий туранхай биедээ хэдэрчээ. Зөнчөөс үймсэн олон хазаж хайрах араатан яваа мэт зай тавин зэнзийрхэх аж. Түүний аялгуулах хэлэх нь энэ мэт...
- Ертөнцийн эзэн тэнгэр эцэг минь ээ, Харж байна уу, Та минь?
Ер бусын энэ гамшгийг би хэрхэн өгүүлэн барах вэ?
Туслаач Та минь?
Загалмайтан ван, баронуудын ухаан самуурч, мунхарч гүйцээд
Заяа тавилангийнхаа модны үндсийг ухахаар зэхэж байнам.
Яанам би,
Атаатантайгаа эвсэж, өштөнтэйгээ дарс тулгаж суугаад
Алт эрдэнэсийн эрэлд гарсан тэд хөөрхий байна,
Амтлах дарс нь гашуун байна.
Дармал алт эрдэнэс хэзээ ч олохгүй ээ, Та минь хэлж хайрла.
Дайчин зориг нь л харин хөсөр ойчих вий. Би харж байна.
Уршигт урвалтын өртөг төлж баршгүй еэ, өр төлөөсийг нь тэд
Уй гуниг, урсах цусаа ч шавхаад төлж дуусахгүй нь ээ...
Ариун шүтлэгт Загалмайт бүхэн энэ нутгаас мөргүй
хөөгдөх нь ээ.
Аяа нэгэн цагт, Сирийн тэнгэр дор бид ариун мөргөлийн
дуу хадааж
Авралт тэнгэртээ үнэн сэтгэлээсээ талархан залбирч,
загалмайлаад
Амтат жимс, тариа будаа юугаа хураан, хөгжилдөн хөөрч,
Амар жарган суулаа, гэвч өнөө тэр бүхэн зүүд байв уу хэмээн
Асгарах нулимсаа арчин байж алс өрнийн эргээс
ширтэж гиюүрэх нь ээ.
Аугаа их гэрэлт минь ээ? Аврагч их эзэн минь ээ?
Аяа, энэ үймсэн олонд юуг би чухам юуг өгүүлэх учиртай вэ?
Ямар гээчийн лай ланчиг вэ? Бузар урвалтийг
Таны нэрээр үйлдэж буйд
Ялгуун их ивээлт тэнгэр минь, Та юунд дуугүй оршино вэ?
Исүс загалмайд тарчилж, жүүд золбин нохой мэт
хөөгдсөнөөс инагш
Ийм мунхаглал энэ нутагт учралгүй мянган оныг элээжээ.
Зөнчийн чихэнд чийртэй царгиа чанга дууг сонссон жүүд өвгөн гэнэтхэн зог тусаж,
- Муу ёр, муу ёр. Цаг үргэлжид ад тэнгэрийн зардас болж явдаг энэ тэнэмэл ёрч л дутаж гэнэ. Үүнийг гаслан дуулахад гамшиг зовлон заавал дохиодог юм хэмээн цөхрөнгүй өгүүлээд түүний яваа зүгийн эсрэг эргэв.
Энэ үед олны шуугиан гэнэтхэн түрхэрэн давалгаалснаа нам чимээгүй болж, оронд нь бөмбөрийн нэгэн хэмийн намуухан атлаа захирангуй дэлдээ сонсогдсон нь умард хаалгаар өнөөх монголын их баатар ноён орж ирсэн хэрэг байлаа. Өвөө, ач хоёр олны дундуур шургалан зүтгэх гэсэн ч өчүүхэн урагш ахиж чадсангүй тул хүүг явуулаад өөрөө нэгэн цувраа баганын захад олны хөл дор сууж үлдэв. Олон үймэн бужигнаж, нааш цааш ханарна. Тэдний дээгүүр элдэв өнгийн туг хиур хааяа намирч үзэгдээд, урт морин жаднууд сэрэлзэнэ.
Хэн нэгэн чанга дуугаар “Ээ, Тэнгэр эцэг минь. Чин сүсэгт ариун гэгээн Хетум ван Таны их алдар мөнхөд бадартугай” хэмээн орилсонд нэлээд хэдэн хүн даган түрэв. Гэтэл өөр нэгэн “Хетум бол манай ариун загалмайг уруу нь харуулж залбирдаг буруу номтон шүү дээ. Ромын их Поп ламтан түүнийг шашнаасаа хөөснийг мэдээгүй хэрэг үү” хэмээн хариу хашгирах дуулдана. Бас “Бохимэнд вангийн алдар бадартугай. Аугаа их баатар тайж Херцлийн алдар бадартугай. Антиохын их хунтайж мөнх насалтугай. Аугаа их Армян Хетум мөнх насалтугай. Үзэсгэлэн гоо Левонт хунтайжын алдар..., Трифолийн гүнтэн...” гэх мэтээр орж ирж буй ихэс дээдсийг нэрлэн ээлж дараалан орилолдовч жүүд өвгөний хүсэн хүлээж асан өнөөх Дэвидийн ач хүүгийн талаар хэн ч хашгирч дуудсангүй. Өвгөн нулимс гүйлэгнэсэн нүдээ цавчилгүй олны дээгүүр ширтэж, хүсэн хүлээсэн нэрээ сонсоно гэдэгт итгэсээр суутал, шуугиан аажмаар хотын төв тийш алсарч, хөл үймээн ч тэр зүгт хуйлран, өвгөний сууж бүхий газарт ихэд шингэрэв.
Ач хүүгээ аахилсаар гүйж ирэхэд тэсэж ядсан өвгөн,
- За хүү минь. Алив, бушуу түргэн хэлж, удтал чилсэн сэтгэлийг минь сэргээгээрэй. Аугаа их Давид хааны үр удам...
- Өвөө минь, аяд. Тэнд тантай адилхан нэг ч хүн алга.
- Тэр ялан дийлэгч их ноён нь ирсэнгүй юу?
- Ирлээ ирлээ. Би бүр Турийн хамгаалах цэргүүдэд ташуурдуулан байж тэр ялан дийлэгч ноёнтны мориных нь омруун доогуур шургах шахан дагаж гүйгээд ирлээ. Тэр хүн чинь түрэг хүнтэй их төстэй хүн байна. Жүүдийн өчүүхэн ч цус алга. Үгүй ядаж хагас жүүд надтай төстэй юм өчүүхэн ч алга.
- Хэн тэр вэ? Чамтай юу гэж төстэй байх юм...
- Хэн байхав дээ. Тэр ялан дийлэгч монголын баатар ноён чинь л байхгүй юу. Түүнд жүүд хүнтэй адилхан зүйл ер хумсын төдий ч алга.
- Мунхаг хөвүүн чи андуураагүй биз. Өөр хүн хараагүй биз.
- Би юунд андуурах билээ. Тэр хүн чинь дэргэдээ хоёр их загалмайт ванг бараа болгоод, морин дээрээ ташаагаа тулж явна билээ. Мориных нь хажууд дагаж гүйсэн намайг хараад бүр инээж байв шүү.
Өвгөн ач хүү өөдөө арга тасран харж байснаа сая үнэнд гүйцэгдсэнээ мэдрэн, хатингар хоёр гараараа шанаан дахь хэдэн буурал хялгасаа үгтээгээд их дуугаар енгэнүүлэн уйлж гарав. Тоосонд дарагдсан үрчлээт хацар дээгүүр нь нулимс зам татуулан урсана. Хүү өвгийнхөө тийн уйлж эхэлсэнд гайхаш тасран харж зогстол өнөөх зөнч таягаа тэчигнүүлэн, дуугаа гэнирүүлсээр дэргэдүүр нь өнгөрөв.
Аз жаргалын умдааг өчүүхэн төдий дусаагаад
Агшин зуур царай юугаа юунд хувилганам бэ?
Тэнгэр эцэг минь ээ?
Үгүйлэшгүй их энэ мунхаглалыг надад үзүүлэхгүй гэхдээ
Үзэх хоёр нүдийг минь та юухнаар нэгтээ бүрхээ юу?
Юуг ч үл харж буйдаа намайг та баясан байна гэж найдсан уу?
Юутай их шаналлаар зүрх минь шатаж, цус минь
буцлан байнам бус уу?
Өнөө би та нарт шатаж буй зүрхнийхээ үгийг хэлж байнам.
Сонсоцгоо
Өш хорсол саруул ухааныг будангуйлж, сайн үйлийг
сарниулнам
Өнө мөнхийн ялалт, өнө мөнхийн ялагдал гэж үгүй ч
Өчүүхэн зуурт ялаад, эрин зуунаар ялагдахын гашууныг
мэдэх үү?
Тийм хувь тавиланг тэнэг мунхаг дээдсийн чинь төлөөнөөс
Тэнгэр нэр өнөө загалмайтан та бултад тохоон оноожээ.
Энэ нутгийн загалмайтан олны цус гол горхи мэт урсаад
Эгшиж хатсан хөрсийг нь хур борооны оронд умдаалах нь ээ.
Эрх хүчээ илтгэн саран тамга Сирийн тэнгэрийг тамгалахад
Эвлэж босгосон ариун сүмдийн гонхос ээлж дараалан нуран унах нь ээ.
Арслан зоригт эрсийн цогцос Акр, Турийн эргээс эхлэн
Алс Византи хүртэл далайн шорвог усанд угаагдах нь ээ.
Ариун мөргөлийн оронд гунигт дууг л зөвхөн гаслан дуулсаар
Ахиад энд хэрээслэх мөргөлийн дуун дуурсах хүртэл
зуун зуун үргэлжлэх нь ээ.
Зөнч сул гараа урагш дохин, сөөнгөтөн хашгирч явснаа цаад талын баганад очиж тулаад, тэмтрэн үзэж буйг харсан хүү,
- Энэ зөнч чинь сохор юм байна шүү дээ хэмээн чанга гэгч хэлэв. Өвгөн жүүд уйлахаа татаж, тоос, нулимсанд халтартсан үрчгэр нүүрээ өргөж,
- Мунхаг хөвүүн, чи сая юу хэлэв гэж гайхан асуув.
- Зөнч сохорчихжээ хэмээн хүү цовоо дуугаар дахин чанга гэгч хашгирчээ.
Өвгөний тоостой буурал сахлыг даган нэгэн дусал нулимс бөмбөрсөөр газар унасанд, пургисан сул цагаан шороо түүнийг агшин зуурт залгиж орхив.
/Хэсэглэн авав/
Зарим тайлбар:
Рамадан сар* - Лалын шашинтнуудын их мацгийн сар. Хижрийн тоолол нь сарны тоолол юм. Гэхдээ Монгол тооллын адил илүү сар гарган, Сар, Нарны тооллын тэнцүүлэх нь үгүй учир Хижрийн нэг жил, Загалмайн тооллын нэг жилээс тодорхой хэмжээгээр богино байдаг. Иймд Рамадан сар нь одоогийн нийтийн тооллын яг нэг тодорхой сард тогтож таарах нь үгүй
.
Яхве** - Эртний жүүдүүдийн гол шүтлэг тэнгэр
.
Дөчин жил хоосон хүлээх*** - Загалмайтны ээлжит аян дайн мухардаж, Мисирийн зүүн хаяа Дамиет хотноо загалмайтнууд бүслэгдэн, сандарч байх үе буюу 1220-иод онд Ойрхи Дорнод төдийгүй Европ дахинаа нэгэн их цуурхал таржээ. Дорно зүгээс загалмайн шашинт Давид хэмээх хаадын хаан болсон энгүй хүчирхэг нэгэн хаан их цэргийг дагуулан Лалын ертөнцийг хуйхалсаар ирж буй бөгөөд цэргийн толгойн ангиуд Мосүлээс таван өдөрчийн газарт Месопотамийн хил дээр ирээд байгаа, тэд тун удалгүй Багдадыг дайлж, Халифийн орд өргөөг Католик сүмийн тэргүүний өргөө болгох, наран шингэх оронд загалмайтныг ихэд мандуулан өргөх юм хэмээсэн энэхүү цуурхалд Европчууд ихэд үнэмшин машид баясан хөөрцөглөжээ.
Энэхүү цуурхалд Жүүдүүд юу юунаас ч илүү баярласан гэдэг. Учир нь нэгэн цагт Синайн цөлд сууж, бурханд алтан тугал өргөсөн Жүүдийн салж сарнисан олон овог аймгуудын нэгэн бол тэрхүү Дорно зүгийн загалмайтны нестор шүтлэгт овог аймаг бөгөөд тэр хаадын хаан болсон хүчирхэг Давид нь эртний жүүдийн их хаан Давидийн үр удам, Израилийн вангийн хүү бөгөөд хорвоогоор нэг хэрэн тэнэж яваа жүүд олноо чөлөөлөхөөр үдшийн орноо ирж буй хэмээн жүүд нар барим тавим итгэжээ. Тэгээд зогсохгүй Европ дахинд байсан жүүдүүд зэвсгийн зах зээлд байсан зэр зэвсгийг ихээр худалдан авч, удмын их хаанаа зэвсэглэн дэмжихээр бэлтгэж байсан ч баримт байдаг. Тэр нь илэрснээр европт жүүдүүдийн эсрэг хомроголосон их хядлага ч болж байжээ.
Энэ цуурхалын эзэн болох Давид нь чухам лалын шашны нэгэн хүчирхэг улс болох Хорезмийг дайрч асан Чингис хаан юм. Чухам тэр 1220-иод онд Чингис хааны өрлөг жанжид болох Зэв, Сүбээдэй нар Хорезм шах Мухамедийг гэзэг даран хөөж, Халифийн нутгийн хязгаар, Месопотамийн хил дээр ирж буудаллаад байсан хэрэг. Цуурхалд дурдагдсан Давид хааны өвөг, тухайн үеэс дал гаруй жилийн өмнө сарацинуудыг дайран бут ниргэсэн гэгдэх Иоханнес гэгээнтэн нь Хорезмийн улсыг ихэд дарсан эртний монгол угсаа хэлхээт улс болох Хар Киданы Юли Даши хаан байх магад юм.
.
Хетт**** - Загалмайн тооллын өмнөх II-I мянган жилд Бага Азийн дорнод, төв нутгаар, мөн умард Сири газраар нутаглаж байсан үндэстэн. Мөхөж үгүй болсон.) байсан гэдгийг чи мэднэ дээ.
.
Амос***** - Израиль түмнийг Бурханаас, Бурханы хуулиас нүүр буруулах бүрд Бурхан тэднийг залруулж илгээсэн гэгдэх Исаиа, Иеремиа, Хосеа зэрэг их зөнчдийн нэг. Их эрт цагт амьдарч асан.
Сэтгэгдэл (2)