Эзэнгүй төрийн эмгэнэлүүдийн нэгэнд “Эзэнгүйдсэн эрүүл мэндийн салбар” яах аргагүй орно. Энэ салбартаа хөлсөө дуслуулан зүтгэж, өөрийн хувийн эмнэлгийг нээх хүртлээ Та юу эсийг үзэж, туулсан нь ойлгомжтой. Тэгэхээр эзэнгүйдсэн эрүүл мэндийн салбарын “Эмгэнэл” гэж юуг хэлээд байгааг ойлгох байх. Ганцхан жишээг дурдъя.
Монголын үрс улаанбурхан гэгч аймшигт өвчинд хэдэн мянгаараа өртөж, зарим нь өвчнөө даалгүй хорвоог орхисон гашуун түүх хэдхэн сарын өмнө өрнөлөө.
Хоёр жил гаруйханы өмнө буюу 2014 оны зургадугаар сарын 26-ны өдөр Монгол улс “ДЭМБ-аас Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” гэх батламжийг гардан авч баяр хөөр болж байлаа. Гэвч энэ нь уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлах гэгч болж Монголын үрс улаанбурхан гэгч аймшигт өвчинд хэдэн мянгаараа өртөж, зарим нь өвчнөө даалгүй хорвоог орхисон гашуун түүх хэдхэн сарын өмнө өрнөлөө. Тоо баримт дурьдвал 2015 онд 3000 гаруй хүн энэ өвчнөөр өвчилсөнөөс дийлэх нь нялх хүүхэд байсан гэсэн судалгаа бий.
Ачааллаа даахаа больсон тасгийнхан кортсон хүүхдүүдийг өөр тасаг руу шилжүүлэх, цөөхөн хэдэн аппаратанд ээлжлэн орох, эм тариа хүрэлцээгүй учир ээж аавууд нь гаднаас зөөх, эмнэлгийн коридорын шалан дээр энхрий үрийнхээ төлөө сэтгэлээ шаналгасан ээж аавууд дүүрэн. Эмнэлгийн гадаа ч энэ эмгэнэлт дүр зураг байсаан. Машиндаа хоноглож, өдөр шөнөгүй сувилагчаас ямар дуудлага ирэх бол гэж шаналсан, эмнэлгийн цонхоор бяцхан үрээ ямар байгааг нь харчих гэж өнгөлзсөн ээж аавууд.
Гэтэл Эрүүл мэндийн яам эзэнгүй, төр түшсэн хэдэн “мануухай” хуруугаа ч хөдөлгөөгүй гэдгийг төрийн түмэн нүд болсон иргэд ба бэ-гүй мэдэж байгаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр халуун сэтгэлтэй ард түмэн л тусламжийн гар сунгаж, Их аварга Д.Дагвадорж, Г.Ганбат нарын хүмүүс гаднаас тусламжийн тоног төхөөрөмж, уян зүү зэргийг залгуулж, гадаадад суугаа монголчуудынхаа дайварыг ХӨСҮТ-т хүргэж туслаж байсан юмдаг.
Гэвч тусламжийн бараа таваар бас л эзэнгүй төрийн эмгэнэлүүдийн нэг болсон хүнд суртал гэгч аргамжинд баригдаж очих ёстой газраа хожуу хүргэгдсэн удаатай. Үхэл амьдралын зааг дээр наашаа явах уу, цаашаа явах уу хэмээн амь гуйсан хором мөч бүхэн үнэ цэнэтэй байхад манай Гаалийнхан бичиг баримт бүррдүүлэх, зөвшөөрөл энэ тэр байхгүй, энэ тоног төхөөрөмжийг оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй компани зэргийг ярьж, хүмүүсийн амыг таглаад сууж л байсан. Гэхдээ тэдэнд 100 хувь бурууг өгөхгүй. Дүрэм журамаа дагахаас л өөр аргагүй. Гэхдээ энэ асуудлыг улсын онцгой комисс ч юм уу, холбогдох албаныхан шийдчих бүрэн боломжтой хэдий ч төр түшсэн нөхдүүд хуруу байтугай хошуу ч нэмээгүй гэдгийг ард түмэн мартах ёсгүй.
Одоо ч энэ байдал үргэлжилж байна. Эрүүл мэндийн яамныхан үнэтэй төхөөрөмжийг төсөв хөрөнгө байхгүй гэх шалтгаанаар авдаггүй. Гэтэл тусламжаар ирж байгаа тоног төхөөрөмжийг яагаад өөрсдөө хөөцөлдөөд авч болдоггүй юм бэ?. Аваргын хэлснээр “Цавчаа” л хийхгүй бол өөрсдөд нь хэрэггүй гэж үздэггүй л юм бол. Өдгөө Солонгост ажиллаж амьдарч байгаа Монголчуудын сайхан сэтгэлийн хандивын тоног төхөөрөмж гааль дээр мөн л гацчихжээ А.Цогцэцэг сайд аа. Жижигхэн юм, цөөхөн юм, хямдхан юм гэж та голохгүй л бол асуудлыг шийдээд анхаарлаа хандуулчихаарай.
Эрүүл мэнд, эх хүүхдийн аз жаргалд ганц ч гэсэн цучил нэмэхийн төлөө зүтгэж тусламжийн тоног төхөөрөмжөө гааль гэх гацаанаас суллаад авчихаарай Сайд аа.
Зохиолч, сэтгүүлч Х.Дуламсүрэн өөрийн нүүр номондоо ийнхүү бичжээ. “Энэ зун надад оногдсон ажлын нэг нь яамдын үүд сахих. Гайтай Улаанбурхан өвчнөөс болсон юм. Солонгост ажиллаж амьдарч байгаа залуус сайхан сэтгэл гарган Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд туслах зорилгоор хэд гурван төгрөг цуглуулж хэрэгтэй гэсэн тоног төхөөрөмжийг нь явуулсан. Гэтэл түрүүлж ирсэн 2 хайрцагтай нь хил дээр гацчихав. Авах санаатай хичнээн газраар хөөцөлдөж гүйснийг бичих гэвэл барагдахгүй биз яршиг цаашаа...Өнөөдөр гомдлын мөр дахиад Сангийн яам орлоо. Гэтэл албан бичгийн бүрдүүлэлт дутуу гээд Эрүүл мэндийн яамруу буцаачхаж. Хоёр орны Засгийн газрын гэрээ, мөн эмнэлгийн тоног төхөөрөмж оруулах эрх бүхий байгууллагын лиценз хэрэгтэй гэнэ. Монгол залуус Монгол хүүхдүүддээ туслах гэж хандив цуглуулсан юм. Ямар юмны чинь хоёр орны засгийн газрын гэрээ!!!, Хоёрхон хайрцагтай тусламжийн юм авах гэж компани байгуулах хэрэгтэй болж байна уу.? над шиг хүүхдээ өсгөөд гэртээ суудаг, зав чөлөө гарвал хэдэн юм сараачиж суудаг хүний эрх мэдэл хүрэхгүй юм байна. Чадалтай чансаатай, энэ талаар шийдээд өгөх хүн байвал туслаарай таминь. Олон залуусын сэтгэл итгэл шингээстэй яваа юмсан уг нь...Чухал тонох төхөөрөмжүүд нь хэдийн ирээд ХӨСҮТ-ын нярайн сэхээн амьдруулах тасагт бяцхан үрсийн амь насыг аврахад тус дэмээ өгч байгаа. Хил дээр гацсан 2 хайрцагт нь нэг удаагийн зүү тариур, амьсгалын хүрээ яваа юм. За тэгээд хүрэх эзэндээ хүрээсэй билээ дээ бурхан минь...Мөн ч их асуудалтай юм аа.
Хандив тусламжаар орж ирж буй тоног төхөөрөмж, эм тариа яг л энэ шалтгаанаар ингээд л эзэнгүйддэг. Халуун сэтгэлээр боссон бүхэн хэрэгтэй цаг үедээ, хэрэгтэй эзэндээ хүрч чаддаггүй агуулахад “хэвтэж” байдаг бодит үнэний ганцхан жишээ энэ.
Зарим дарга нар миний хийх ёстой ажил бол гарын үсэг зурж, тамга дарах, дипломат хүмүүстэй гар барин уулзах, албаны яриа өрнүүлээд дараа нь найрсагаар гар бариад зургаа даруулсанаар ажил дуусаж байгаа нь тэр гэдэг юм билээ. Би таныг тийм хүн биш гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл энэ салбарын том орон зайг үүднээс нь эхлээд хоймор нь хүртэл туулж, зовлон жаргалыг нь мэддэг болсон туршлагатай боловсон хүчин гэдэг юм билээ. Ер нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн бус Засгийн газрын цорын ганц мэргэжлийн сайд нь А.Цогцэцэг гэхийг олонтаа сонслоо. Тэгэхээр тусламжийн тоног төхөөрөмж гааль дээр гацаад байж л байх ёстой гэсэн мэргэжлийн бус “мэдрэл” байр сууринаас асуудалд бүү хандаарай. Эрүүл мэнд, эх хүүхдийн аз жаргалд ганц ч гэсэн цучил нэмэхийн төлөө зүтгэж тусламжийн тоног төхөөрөмжөө гааль гэх гацаанаас суллаад авчихаарай Сайд аа.
Д.Энхболд
Сэтгэгдэл (38)