Туулын ус бузартаж буй тухай чих дэлсэх боллоо. Сэжиг хүрэм өнгөтэй зураг дүрс ч харагдаж байна. Үнэр танар нь өмхий самхай дуулдана.
Нутаг усаа санахад Туул гол минь нүдэнд харагддаг даа.
“Туулын уснаас нэг амсаад үхэхсэн” гэж өвөрлөгчид хэлдэг. Өвөрлөгчид гэж Өвөр Монголчууд минь шүү дээ.
Монгол нутгаасаа ойж хальсан хичнээн ч монголчууд, цэрэг эрчүүд эцсийн удаа Туул голоосоо амсаж, магнайдаа хүндэтгэн хүргээд, буцаажтавихын бэлгэдэл болгож, Туул голынхоо чулууг нандигнан боож, харь орныг зорьсон билээ.
Лүн, Заамарын нутгаар урсах Туул голынхоо эрэгт төрж өсөн, бага насаа өнгөрөөсөн, Улаанбаатар хотод ч Туулынхаа эрэгт насан турш амьдарсан хадам эхийгээ өөд болохынх нь өмнөхөн “Үнэн” сонин, “Ардын эрх” сэтгүүлд ажиллаж байсан сэтгүүлч С.Гүнрэгжав ах унаа тэрэг олж, гар дээрээ өргөн, Туул гол дээр аваачсан гэдэг. Тэгэхэд хадам эх нь хачин их баярлаж, мэлмэртэл уйлан, Туулынхаа уснаас амсаад:
-“Одоо үхэхэд ч гомдолгүй боллоо” гэжхэлсэнгэдэг. Хүргэн хүү ч хадам эхдээ мөнхийн ус уулгасан шиг баярласнаа сэтгэл догдлон ярьж байсан нь өнөөдөр юм шиг санагдаж байна.
Бас л Заамар, Лүн сум, Богдын Хүрээнд Туул голоо бараадан насан турш амьдарсан, өвгөн лам Дамий ах (Дамдинсүрэн) маань 90 нас хол гараад байхдаа Яармагт амьдардаг байлаа. Туулын эрэг дээр шахуу. Насан өндөр болсон өвгөн ах маань очих бүрт:
- Туулын ус хэр байна? гэж асууна. Өвөл бол:
- Туул баринтаглаж уу. Хэр устай байна? гэнэ. Учрыг лавлавал:
- Туул голын ус татарсан бол эд бараа ховор тарчиг байдаг юм. Туул хэдий чинээ өргөн баринтаглана, төдий чинээ сайн. Туулын ус татраад байвал Хүрээнийхэн төдийгүй улс хотлоороо тарчиг ядуу болдог юм шүү гэдэгсэн. Нэрээ л 90-ээд оны эхээр эд бараа хомс үед Туулын ус улам л багасаад эрэг гуу нь нарийсаад байх шиг байж билээ.
Одоо бол элбэг устай харагддаг. Нисэх онгоцны буудлаас хот орох бүртээ Туулынхаа усыг элбэг байна уу. Ус нь хомс байна уу гэж харж явдаг юм. Барагтай харшил, яр шархыг Туулын усаар угаахад эдгээдэг рашаан шүү дээ. “АПУ”-гийн архи сайн байдаг нь технологи, стандартаасаа дутахгүй Туул голын усны чанарт байдаг юм гэсэн.
Туул голоо магтаагүй найрагч үгүй. ”Туулын урсгал шөнөдөө сайхан” гээд дуулдаг байсан даа. Наяад оны үед Орост гэрийн хорионд байсан Ю.Цэдэнбал дарга:
- Богд уулын орой цастай байна уу гэж их асуудаг байсан гэж сонсоод сэтгэл шимширч билээ.
“Их хүрээний Богд хан уул, Цэнгэлтэй (Чингэлтэй), Сонгино, Баянзүрх хайрхан-дөрвөн уул, Туул гол гэдэг жирийн нэг уул, гол биш” хэмээн уугуул нутгийнхан нь, нийт монгол угсаатан үздэг юм шүү. Дөрвөн уулын дунд ирж амьдарсан бүгд дэгжиж, дэвшиж, өөдөлдөг. “Хуучин цагт Богдын хүрээ, Туулын эрэг, дөрвөн уулын дунд ирсэн “Зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог” хэмээн ярьдаг байсан” хэмээн ажаа минь хэлэх дуртайсан. Ажаа минь хар залуудаа ааваасаа, дээдчүүл, хуучцуул, мэргэдээс тэр үгийг сонссон нь тэр.
Гуч, дөчөөд оноос эхлээд Туулын бургасыг огтлон хядаж, түлж дуусгажээ. Эх ундаргынх нь модыг огтлон, сал урсган зөөж байсны уршгаар Туул гол багасаж, олон салаа салбар горхи, булаг нь ширгэсэн юм. Байгалийг хүчээр эзэрхийлж, ай савыг нь ухаж, элс хайрга авч, там болгосны хариу гэлтэй 1966, 1968 оны их үерээр Улаанбаатар хот урсчих шахаж билээ. Их мөрөн муу муухай бүхнээ цэвэрлэхээр хааяа тэгж шилгээн догширдог ч байж магад.
Туулын эргээр байх мэлхийг хядаж устгадаг байсан жаал хүүгийн толгой өсөх насанд нь яртан, усан хаван гүйж, хожим бүтэлгүй эр болон өсөж, наслаагүй юмдаг. Энэ жишээг мухар сүжгээр бус байгаль гэдэг амьтай гэж бодоход үл буруудахын үлгэрээр хэлэв.
Гол усандаа сүү ч дусаадаггүй заншилтай ард түмний үр ач нар Туул голдоо бузар бүхнээ юүлж бохирдуулаад байвал амны хишгээ хаяхын цондон байх шүү! Хожим хойно Эрлэг тамын оронд хоолой дүүрэн хог новшоор хахаж цацах вий дээ гэж залбирнам.
Р.Чүлтэмсүрэн
Сэтгэгдэл (2)