Миний нэгэн танил өөрийн хувийн бизнесээ амжилттай эрхэлж буй ганц бие
бүсгүй байдаг. Тэр хоёр настай хүүтэй. Нэг удаа бид хоёр хамт хоол
идэнгээ ярилцан суутал тэр: "Миний хүүгийн асрагч нь ирээгүй байна. Нэг
компаниар дамжуулаад хүүхэд асрагч захичихсан" гэв. Тэгэхэд нь би
"Хаанаас? Хаанаас танай хүүхэд асрагч ирэх юм бэ" хэмээн сониучирхан
асуулаа. Тэгсэн хүүгийнхээ асрагчийг Филиппинээс захиалснаа хэлсэн юм.
Миний нэгэн танил өөрийн хувийн бизнесээ амжилттай эрхэлж буй ганц бие бүсгүй байдаг. Тэр хоёр настай хүүтэй. Нэг удаа бид хоёр хамт хоол идэнгээ ярилцан суутал тэр: "Миний хүүгийн асрагч нь ирээгүй байна. Нэг компаниар дамжуулаад хүүхэд асрагч захичихсан" гэв. Тэгэхэд нь би "Хаанаас? Хаанаас танай хүүхэд асрагч ирэх юм бэ" хэмээн сониучирхан асуулаа. Тэгсэн хүүгийнхээ асрагчийг Филиппинээс захиалснаа хэлсэн юм. Түүнээс хойш нэг их удаагүй байтал бас нэг танил бүсгүй маань филиппин хүүхэд асрагчаа дагуулчихсан юм үзүүлэх гээд явж байгаатай нь таарав. Ингэж л би гэдэг хүн филиппин няня Монголд моод болсныг ойлгож билээ.
Манайхны бэл бэнчинтэй хүмүүс сайн хүүхэд асрагч Монголоос олдохгүй тул Филиппинээс авчирч ажиллуулдаг болж. Тэр ч бүү хэл, ийм хүмүүсийг зуучилдаг компани хүртэл байгуулагдсан гэнэ.
Дээрх хүмүүс Филиппинээс хүүхэд асрагч авчруулдгийн гол шалтгаан нь хүүхэд асрагч энд олдохгүй байгаад биш, харин хүүхдэд эелдэг зөөлөн хандаж, гэр орныг нь чин сэтгэлээсээ хайрлан хамгаалах ёс суртахуунтай, ажилдаа хариуцлагатай хүмүүс хэрэгтэйд байгаа юм.
Ийм л учраас монголчууд маань өөрсдөө гаднаас ажилчин хөлсөлж ажиллуулдаг ажил олгогч нар болж шүү дээ. Энэ бол нөгөө л нэг бидний цөөнгүй жил ярьж бичиж ирсэн Монголоор нэг ажилгүйчүүд байсаар атал Хятадаас барилгачид оруулж ирдэг тухай ярианы бас нэг сэжүүр. Эрэгтэй ажилчдын ихэнх нь хятад ажилчид болоод байдаг. Үүнтэй адилхан эмэгтэй хүмүүс илүүтэй ажилладаг гэр орны, хүүхэд асрах энэ талбарт гадны ажилчид орон зайгаа эзэлж эхлэх нь энэ.
Энэ нь гадны хүнд ажил өгсөн тэр хүмүүсийн буруу юу? Гаднаас ирж ажиллаж буй хүмүүсийн буруу юу? Үгүй ээ. Ажил өгөгч хүн түүнийгээ хамгийн найдвартай хүнээр хариуцуулан хийлгэхийг хүснэ. Ямар ч хүн үүнийг л хүсдэг. Гол нь ажил олгогчид өөрсдийн монгол хүмүүстээ итгэж найдаж чадахгүйд оршиж байна. Түүнээс биш гэрийн ажил хийх, хүүхэд асрах сонирхолтой хүмүүс Монголоор нэг байна. Филиппин асрагч хөлслөгч хүмүүст ч гэсэн хүүхдээ харуулаад гэртээ байлгачих хамаатан садангаас авахуулаад танил тал зөндөө хүн бий.
Хүн хариуцлага алдахад түүнд итгэх бусдын итгэл алдардаг. Манай хүмүүсийн дунд байдаг нийтлэг алдаа бол энэ юм. Үүнийг тэдний сайн сайхан амьдрахад саад болж буй хамгийн том бул чулуу гэлтэй. Ялангуяа хүний юманд чин сэтгэлээсээ хандах төлөвшил, сэтгэл гаргах хүмүүжил байхгүйгээс ийнхүү ажлын байраа гадныханд алдахад хүргэсээр.
Миний бага дүү түүний нөхөр хоёр нэгээс гурван насны хоёр хүүхэдтэй. Тэд ойрын нэг танилаараа дамжуулан олон хүүхэдтэй, нөхөр нь аваарт ороод хэвтэрт орсон нэг эгчээр хүүхдээ харуулах болсон юм. Тэр эмэгтэйд ажил хэрэгтэй, дүү нарт маань хүүхэд асрагч хэрэгтэй байлаа. Ингээд эмэгтэй ирж ажилдаа оров. Ямар ч байсан хүүхдүүдийг нь харах хүнтэй болсон дүү маань ажилд орж, хамт олонтой, цалин мөнгөтэй байх боломжтой болсондоо баяртай байлаа. Тэгсэн дүүг маань хоёр ч удаа гэртээ ирэхэд гурван настай хүү нь хаалгаа онгойлгож өгч, асрагч эгч диван дээр унтаж байхтай таарчээ. Дүү асрагчаа "гомдоохыг" хүсээгүй тул эелдгээр сануулаад өнгөрч. Энэ алдаа дахин давтагдвал яанаа гэж дүү минь айсаар. Дараагийн удаа гурван настай хүү хэнд ч хаалгаа тайлж өгч мэдэх учраас. Миний бас нэг танил эмэгтэй нөхөртэйгөө уурхайн хаягдал дээр ашигт малтмал боловсруулах бизнес эрхэлж байгаад ажлаа зогсоосон шалтгаан нь нэгдүгээрт, орон нутгийн засаг захиргаанаас ашиг тустай энэ ажлыг дэмжихийн оронд байнгын дарамт шахалт үзүүлдгээс, нөгөөтэйгүүр, ажилчид нь үнэнч биш байснаас гэж тэр ярьсан юм. Тэд залхуу, ажлаа хийдэггүй, ажил хариуцуулж орхиод явчихаад ирэхэд хийгээгүйгээр барахгүй хулгай хийчихсэн байдаг аж. Тэгсэн хэрнээ янз бурийн зовлон тоочин цалингаа урьдчилж авах дуртай. Авсан цалингаараа эрчүүд нь уучихна, тэр хавиар эргэлдцэг биеэ үнэлэгчдэд мөнгөө барчихна. Эмэгтэйчүүд нь ч гэсэн гал тогоо хавиар хоол хүнс хулгайлаад амар заяа үзүүлэхгүй тун хэцүү байж. Ийм байж тэр хүмүүсийн амьдрал яаж өөдлөх вэ? Өөрсдөө өөдлөхгүй, өрөөл бусдад саадтай хэмээн аргаа барсан сайхан сэтгэлтэй тэр эмэгтэй өгүүлж билээ. "Өөрсдөө иймхэн байж төр засгийг буруутган шударга ёс шаарддаг гээд бодохоор дургүй минь хүрдэг" гэж ярихыг нь сонсоод өрөвдөх, ойлгохын зэрэгцээ бас түүний зөв гэдэгтэй би санал нийлж байлаа.
"Гар хөдөлбөл ам тосдоно", "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэж өвөг дээдэс маань зүгээр ч нэг хэлээгүй байх нь. Мэдээж төрийн ухаалаг бодлого дутагдаж байгаагийн улмаас ажилгүйдэл оршин буй ч, ажилгүйдлийн бас нэг шалтгаан нь сайн сайхан амьдралын дайсан болсон залхуурал, худал хуурмаг, үнэнч бус байдал мөн гэдгийг бид хулээн зөвшөөрч өөрсдөө хичээн өөрчлөгдөхгүй л бол ажилгүй нь ажилгүй чигээрээ үлдэж ажлын байрууд маань гадныханд оногдох нь байна шүү.
Байдал нэг иймэрхүү гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл энэ байдлаас хүмүүсээ яаж гаргах вэ гэдэг хамгийн чухал асуудал юм. Хүмүүсийн бусдыг үл хайрласан, хариуцлагагүй, хөдөлмөрч бус, ёс зүйгүй байдлыг яаж өөрчлөх вэ? Хүмүүс өөрчлөгдөж байж л нийгэм өөрчлөгдөнө. Ямар ч байсан хойч үедээ одооноос оюуны, ёс зүйн хөрөнгө оруулалтыг боловсролын бодлогоор дамжуулан хийх хэрэгтэй. Хөдөлмөрч бус, шударга бус, үнэнч бус, ёс зүйгүй байдлын уршигт үр дагаврын талаар багаас нь сэтгэл зүрх, тархинд нь итгэл үнэмшлээр нь дамжуулан суурилуулах ажлыг сургууль, эцэг эх, сүм хийд болон төр засаг, төрийн бус байгууллагууд хамтран хийх хэрэгтэй гэж бодогдоно. Ядуурал сэтгэлгээний, оюун санааны хоосролтой шууд холбоотой байдаг тул олон нийтийн гэгээрлийн ажлыг үр дүнтэй тууштай явуулах хэрэгтэй ажээ. Олон нийтийн сэтгэл зүйд чиглэсэн сурталчилгаа ядуурлаас гарахад нөлөөлдөг болохыг олон орны туршлага бас харуулдаг.
Эзэндээ үнэнчээр үйлчлэх сэтгэлгээ бол өөртөө туслах хамгийн сайн зүйл юм. Бусдын итгэлийг олж амьдарна гэдэг бүр ч сайн зүйл ажээ. Хариуцлага үүрч чадсан хүмүүс л итгэлтэй хүмүүсээр шалгардаг. Өчүүхэн юманд ч гэсэн итгэл дааж үнэнч хандсан хүмүүс эздийн тааллыг олдог. "Хөдөлмөрч, ажилдаа чадвартай хүн хаадын өмнө зогсоно" гэдэг үг бий. Бас Виктор Хюгогийн хэлсэн "Хөдөлмөр бол амьдрал, бодол, гэрэл" гэсэн алдарт үг байдаг. Ажил өгсөн хүндээ үнэнчээр үйлчилснээр гэр бүлээ гэдэс цатгалан амьдруулах төдийгүй улс орныхоо төлөө хийж буй хөрөнгө оруулалт гэж үзэх хэрэгтэй. Ажил олгогчийн бизнес амжилттай хөгжсөнөөр тэд улс орондоо татвар төлдөг, энэ татвар нь эрээд хэзээд хөдөлмөрлөсөн хүмүүстээ ашигтай тусаж байдаг зүйл шүү дээ. Үүнийг хамгийн ойрхноор төсөөлөхөд дор хаяж эзнийх нь бизнес орлого ашиг сайтай бол ажилтныхаа цалинг нэмэх бас нэг боломж гарна. Тэгэхээр хөдөлмөрийн бутээмж бол хамтын үйлчлэл юм. Энэ нь харилцан хамааралтай үйлчлэл учир үр дагаврыг нь ганц та болон таны гэр бүл төдийгүй булт олноороо хүртэх учраас улс үндэстний эрх ашиг мөн.
"Үнэ цэнэ" номноос
Сэтгэгдэл (6)