Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ олгох ажлыг 2023 оны наймдугаар сараас эхлүүлсэн. Эхний ээлжид автобуснуудад чипийг наасан бөгөөд арванэгдүгээр сарын 1-нээс эхлэн төвийн, хангайн, говийн, зүүн бүс гэсэн бүсчилсэн байдлаар автомашинуудад наахаар болжээ.
RFID цахим гэрчилгээгээр тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх юм.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан "Эхний ээлжинд хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдээс эхлүүлэн наахаар төлөвлөн ажиллаж байна. Орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдэд наана. Тухайн ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Бодь Электроникс ХХК хамтран хэрэгжүүлж байна.
RFID цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно.
Энэ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг л мэдээлнэ.
Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ л ирж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Тэгэхээр иргэд идэвхтэй, хариуцлагатай хандаж орон нутгийн автотээврийн оношилгооны төвүүд дээрээ ирэн наалгаарай. Нэг минут орчим цаг хугацааг л зарцуулах тул иргэд та бүхнээс идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг хүсье." гэлээ.