НҮБ-ын Сансар судлалын байгууллагууд дэлхийг мөргөх эрсдэлтэй астероидыг анхааралтай ажиглаж байна. Европын сансрын агентлаг (ESA) 2032 оны 12 дугаар сарын 22-нд дэлхийг мөргөх, эсвэл ойрхон дайрч өнгөрөх магадлалтай солирыг ажиглаж байгаа юм. Гэвч уг солир дэлхийг дайрахгүй байх магадлал бараг 99 хувь байна гэж мэдэгдсэн ч болзошгүй нөлөөллийг одоохондоо бүрэн үгүйсгэх аргагүй байгаа аж.
"2024 YR4" нэртэй астероидын 2032 оны 12 дугаар сарын 22-нд дэлхийг цохих магадлалыг одоогоор 1.3 хувь гэж тооцоолж байна.
Английн Хатан хааны одон орон судлалын нийгэмлэгийн доктор Роберт Масси "Үүнээс болж сандрах хэрэггүй. Ийм төрлийн солирууд сансар огторгуйг үй олноороо байдаг. Бид уриьдчилан тооцоолж байгаа ч тооцоолсон өдрөөс өмнө тэд алга болох хандлагатай байдаг. Бид сонор сэрэмжтэй байх ёстой. Одон орон судлаачдад энэ төрлийн аюул заналыг хянахад шаардлагатай нөөцийг өгөх хэрэгтэй. Ингэснээр бид аль болох хурдан арга хэмжээ авах болно" гэжээ.
"YR4"-ийг 2024 оны 12 дугаар сарын 27-нд илрүүлсэн. Одон орон судлаачид үүнийг 40-90 метрийн өргөнтэй гэж тооцоолжээ. Хэрэв энэ нь дэлхийг цохиж, хүн ам суурьшсан газарт хүчтэй хохирол учруулах юм бол цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй дүйх ажээ.
Гэхдээ "YR4" далайд эсвэл манай гаргийн алслагдсан хэсэгт унах магадлал илүү өндөр байна. Гэвч дэлхийгээс дэндүү хол байгаа учир хаана унахыг нь тооцоолоход цаг хугацаа шаардлагатай ажээ.
Л.Баяр