БАРИМТ 1
1992 оны зургаадугаар сарын 08-ны өдөр мэндэлсэн.
БАРИМТ 2
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат.
БАРИМТ 3
"Ховд" дэвжээ, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, ЗХ-034 анги, Асиан Сити ХХК, Валькан группийн бөх.
БАРИМТ 4
Б.Бат-Өлзий анхны цолоо 2008 онд Зэрэг сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байжээ.
БАРИМТ 5
2013 онд цэргийн начин, аймгийн харцага цол хүртсэн.
БАРИМТ 6
2014 оны Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэн аймгийн заан цол хүртэж байсан бол тэр жилдээ Орхон аймгийн баяр наадамд найм даван түрүүлж аймгийн арслан цолоо хүртэж байжээ.
БАРИМТ 7
Тэрбээр 2015 онд анхны улсын наадамдаа дөрвийн даваанд өвдөг шороодож байв.
БАРИМТ 8
2016 оны улсын баяр наадамд зургаа даваг шөвгөрч улсын харцага цол хүртсэн. 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тав даван шөвгөрч чимэг нэмжээ.
БАРИМТ 9
Улмаар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд долоо давж улсын заан болжээ.
БАРИМТ 10
178 см өндөр, 134 кг жинтэй.
БАРИМТ 11
Тэрбээр Бөхийн өргөөнд болсон улсын цолтны барилдаанд 27, аймгийн цолтны барилдаанд гурав, нийт 30 удаа түрүүлжээ.
БАРИМТ 12
Тэрбээр улс, аймаг анх түрүүлэхдээ "Аймгийн арслан" цолтой байв. Тус барилдаанд нь 2016 оны Чингэлтэй хайрханы ХИШИГ барилдаан байсан юм.
БАРИМТ 13
Б.Бат-Өлзий 2018, 2023 оны Сар шинийн барилдааны түрүү бөх билээ.
БАРИМТ 14
Мөн 2019, 2021 оны Ерөнхийлөгчийн цомын барилдаанд түрүүлсэн.
БАРИМТ 15
Тэрбээр мөн Бөхийн өргөөнд 18 удаа үзүүр булаасан.
БАРИМТ 16
Тэрээр ярилцлагадаа "Би Улсын наадамд түрүүлнэ, үндэсний бөхийн оргил цол дархан аварга болно л гэж бэлтгэлээ хийдэг. Өөрийгөө ч дайчилдаг. Тунаж барилддаг даваануудаа гэтэлчихвэл түрүүлнэ л гэж боддог доо" хэмээн ярьж байв.
БАРИМТ 17
Тэрээр 16 настайдаа хонио хариулж байгаад сумын заан цолонд хүрсэн байдаг. Тэр жил Зэрэг сумынхаа наадамд зодоглож, дөрвийн даваанд өвдөг шорооджээ. Уг нь наадмаас өмнө Зэрэг суманд зохиогдсон таван ч өдөрлөгт түрүүлчихсэн, заан болно гэсэн дүүрэн итгэл үнэмшилтэй хүү байж. Уначихаад тэр оройноо Чандмань сумыг зорьжээ. Улмаар Чандмань суманд Ховд аймгийн бүх сумдаас шалгарсан сумын заан, залуу бөхчүүд тойргоор барилдахад тэрээр заан цолонд хүрчээ.
БАРИМТ 18
Б.Бат-Өлзий сумын заан цолтой байхаасаа эхлэн заалны барилдааныг алгасалгүй зодогложээ. Энэ нь түүний барилдах хүсэл эрмэлзлээр хэр дүүрэн байдгийн нотолгоо мэт ээ. "Нэг барилдаанд зодоглоход хэдэн өдрийн бэлтгэлтэй тэнцэх хэмжээний үр дүн гардаг. Үнэн хүчийг үзэн, сарвайтлаа барилдаад ганц давах хичнээн сайхан гэж санана. Давааныхаа мөнгийг өвөртлөх үнэ цэнтэй,амттай байдаг даа" хэмээн тэрээр ярьсан байдаг.
БАРИМТ 19
2021 онд цар тахлын улмаас Үндэсний их баяр наадам завсардсан ч Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан барилдаан болж, 512 бөх зодоглосон билээ. Тухайн барилдаанд Б.Бат-Өлзий харцага цолтой барилдаж, ес давж үзүүрлэсэн юм. Уг барилдааны амжилтаар цол, эрэмбэ олгох тухай асуудал өдгөө ч яригддаг хэвээр бөгөөд хэрэв хэрэгжвэл Б.Бат-Өлзий улсын арслан цол хүртэх учиртай. Тиймээс түүнийг бөх сонирхогчид арслангийн эрэмбэтэй заан гэж үнэлдэг билээ.
БАРИМТ 20
Тэр бөх болохгүй байсан бол сайн малчин болох байсан гэж ярьж байв.
Сэтгэгдэл (3)