Сальвадорт байх Төв Америкийн супермакс шоронд гэмт бүлэглэлийн гишүүдийг илгээхтэй холбоотой хуулийн маргааныг үл харгалзан Трампын засаг захиргаа гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй 17 хүнийг албадан гаргалаа гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, тус хүмүүсийн дунд Трен де Арагуа болон MS-13 бүлэглэлийн гишүүд багтсан байна. Сальвадорын засгийн газрын албан тушаалтнууд ВВС-д хэлэхдээ, тэдэн дунд Венесуэл, Сальвадорчууд холилдсон байгааг баталжээ.
Өмнө нь зөвхөн дайны үед хэрэглэгдэж байсан 1798 оны хуулийн дагуу энэ сарын эхээр шүүхээс албадан гаргах ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засаг захиргааны эх сурвалжаас иш татан саяхан албадан гаргах ажиллагааг цагаачлалын ерөнхий хуулийн дагуу хийсэн болохыг мэдээлэв.
Тэдний дунд алуурчин, олны анхаарлыг татсан гэмт хэрэгтэн, тэр дундаа зургаан хүүхэд хүчирхийлэгч байжээ. Сальвадор улс албадан гаргасан хүмүүсийг 6 сая ам.доллароор авахаар тохиролцжээ.
Өмнө нь чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан эдгээр хүмүүсийн заримынх нь ар гэрээс гэмт бүлэглэлтэй холбоотойг нь үгүйсгэж байгаа юм. Трамп энэ сарын эхээр 100 гаруй Венесуэлчүүдийг АНУ-аас албадан гаргах хууль санаачилсан. Гуравдугаар сарын 15-нд болсон шүүх хурлын үеэр Вашингтоны холбооны дээд шүүгч Жеймс Боасберг уг хуулийг хэрэглэхийг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авч, албадан гаргах нислэгийг эргүүлэхийг тушаажээ. Гэвч албадан гаргах ажиллагаа үргэлжилж, 200 гаруй гэмт этгээдийг Сальвадорын шоронд илгээсэн юм. Уг хэргийн дараагийн шүүх хурал ирэх пүрэв гарагт болно.
Л.Баяр