"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж буй. Сонсголд УИХ-ын гишүүд болон сонсголд оролцсон иргэд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Ж.Чинбүрэн: УИХ-ын гишүүдэд олгосон том эрх бол хянан шалгах үйл ажиллагаа
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн шалтгаантай, хүний амь настай холбоотой том асуудлуудад шийдэл хайсан сонсгол боллоо. Мөн хариуцах эзэнтэй байлгах гэдэг маш чухал байна. Үүний тулд өнгөрсөн хугацаанд яасан бэ гэдэг дээр хариуцлага нэхэж байх зайлшгүй шаардлагатай. Үүн дээр гишүүд болоод олон нийттэй санал нэг байна. УИХ-ын гишүүдэд олгосон том эрх бол хянан шалгах үйл ажиллагаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор гишүүд бүр хянан шалгах түр хороо байгуулах, гарын үсэг цуглуулах, жинхэнэ нотлох баримттай, гэрчээр дуудах, хариуцлага нэхэн тогтолцоо руу шилжих нь чухал юм байна" гэв.
С.Эрдэнэболд: Утааны асуудлыг шийдвэрлэх эзэн бие, хариуцлагын асуудал асар их зөрчигдсөн
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд "Бид асуудлаа том зургаар нь харах юм бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд утаатай тэмцэх байгууллага найман удаа өөрчлөгдсөн. Үүнээс харахад тухайн асуудлыг шийдвэрлэх эзэн бие, хариуцлагын асуудал асар их зөрчигдсөн байгаа. Үүнээс гадна салбар дундын ойлголцол, харилцан хүлээлт ойлгомжгүй байна. ЭМЯ-ны төсөв олон улсад 6 хувьтай байдаг бол Монгол Улсад гурван хувь хүрэхгүй байна. Эдгээр төсвүүд ихэвчлэн барилгын салбарт явж байна" гэв.
С.Одонтуяа: Агаарын бохирдлын "бодит тоо" дэлхийд аймшигтай сонсогдоно
БОУАӨЯ-ны сайд С.Одонтуяа "Түлшийг шинжилгээнд өгөхөөр хэвийн стандартын дагуу гэж гардаг. Энэ бол өөрөө маш буруу, хүний эрүүл мэндэд асар их хортой. PM10 тоосонцрын асуудлын агаар.мн сайтаас харахаар 100 бол хэвийн гэж гарч байгаа. Энэ бол маш буруу. Тайланд улсад 106-д хүрэхэд бүх сургуулиа хаасан, метрогоо бүгдийг нь үнэгүй болгосон. Гэтэл манайх 100-г хэвийн гээд явж байгаа нь ДЭМБ-ийн зөвлөмжөөс хол, далий байгаа юм. Тиймээс манай Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо эдгээр тоог бодит болгоё гэж байгаа. Мэдээж дэлхийд энэ тоо аймшигтай сонсогдоно. Гэхдээ бодит үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй" гэв.
А.Амартүвшин: Энэ жил 20 мянган айлыг орон сууцжуулна
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Нийслэл энэ жил 20 мянган айлын орон сууцжуулалтыг хийхээр төлөвлөсөн. Тендерээ өнөө маргаашгүй зарлана. Энэ жил бид Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн ажилд анхаарч байна. Мөн Ханын материалд үргэлжлүүлэн ажиллана. Мөн Ногоон нуур болон Шинэ яармаг дээр нийт 1548 айлын газрыг нийслэл худалдан авч байгаа. Үүн дээр мөн тус компани анхаарч ажиллана" гэв.
Б.Сувд: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хатуу түлшний хэрэглээг даруй халаач
Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд "Өнөөдрийн байдлаар 11 мянга орчим хүн угаарын хийн хордлогод өртөж, 103 хүн нас барсан гэсэн мэдээг ЭМЯ-наас өгсөн. Тиймээс түлшний өөрчлөлтийг хийхдээ хэрэглэгчдийн зан үйл, ахуйн нөхцөлийг судлах, бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Бид зөвхөн нэг бохирдуулагчийг бууруулах тухай биш, бүх бохирдуулагчийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнд чиглэсэн цогц бодлого хэрэгтэй байна. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хатуу түлшний хэрэглээг даруй халаач, үүнийг бид бүгд харж хянамаар байна" гэв.