Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас "Ирээдүйгээ нээ" уриатай "Career Expo 2023" залуучуудын хөдөлмөрийн өдөрлөгийг аравдугаар сарын 28-ны өдөр буюу энэ долоо хоногийн бямба гарагт Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт тулгамдсан асуудал болоод байна. Цар тахлаас хойш хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд дээр эерэг өөрчлөлт гарч байгаа боловч залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин бага байна. Тухайлбал, ажилгүйдлийн түвшин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 5,8 хувьтай гарсан.
15-34 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 12,4 хувьтай байна
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд онцгой анхаарч, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах шаардлага тулгарч буй.
"Career Expo 2023" өдөрлөгөөр ажилд зуучлах чиглэлийн үйл ажиллагаа, ХНХЯ-аас хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжихтэй холбоотой хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хөгжүүлэх чиглэлийн үйлчилгээг хүргэхийг зорьж буй.
Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ХНХЯ ажиллаж байна. Мөн Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл, хамтран зохион байгуулагчаар Залуучуудын хөдөлмөр эрхлэхтэй холбогдуулан ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллаж байна.
Түүнчлэн Expomongolia.org платформоор дамжуулан энэхүү үйл ажиллагааг шууд дамжуулна. Ингэснээр гадаадаас болон хөдөө орон нутгаас ч оролцох боломжтой. Ажил хайж буй, ажилтан хайж буй ажил олгогчид мэдээллээ оруулахаар шууд зуучлал явагдах боломжийг хангаж байгаагаараа онцлог.
Карьер экспо-"Залуус амжилтын түүхээ бусдадаа хуваалцана"
Өдөрлөгийн үеэр хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна. Гэхдээ хурлын шинж чанартай бус залуучуудад нийцсэн, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх нээлттэй байдлаар явуулна.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой холбоотой хэсэг, гадаадад төгссөн, ажиллаж амьдарч байгаад ирсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарах зүйл, нийгмийн ёс зүй, ёс суртахуунтай холбоотой үйл ажиллагааг явуулна.
Мөн залуус залуустайгаа амжилтын түүхээ хуваалцана. Хөтөлбөрийн үеийн гол ажлууд бол ажил зуучлал.
Залуучуудад 5000 гаруй ажлын байрыг санал болгоно
Түүнчлэн 5000 гаруй ажлын байруудыг санал болгож танилцуулна. Үүн дотор Монгол Улсын томоохон групп, компаниуд болох 50 гаруй компанийн 200 гаруй салбар оролцоно. Төрийн оролцоотой ААН, байгууллагуудын захилга мэдээллүүдийг танилцуулах юм.
Ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хууль эрхзүйн орчин, нөхцөлийг танилцуулна.
Залуучуудад хамгийн шаардлагатай байдаг хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн харилцаанд юуг анхаарах зэрэг. Мөн Нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомж, түүнийг таниулах мэдрүүлэх, ойлгуулах.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй.
-Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ
-Зохистой хөдөлмөр гэж юу вэ
-Боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүд зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой өдөрлөг юм.
М.Жаргал