Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас "Ирээдүйгээ нээ" уриатай "Career Expo 2023" залуучуудын хөдөлмөрийн өдөрлөгийг аравдугаар сарын 28-ны өдөр буюу энэ долоо хоногийн бямба гарагт Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулна.
Энэ үеэр Дэлхийн банкны санхүүжилттэй төслийн хүрээнд дараах хоёр чухал ажлыг эхлүүлэх болсноо зарлана гэдгийг ХНХЯ-аас мэдээллээ.
- Ажил олгогчийг дэмжих туршилтын хөтөлбөр
ажил олоход хүндрэлтэй иргэн, тэр дундаа залуучуудыг ажлын байраар хангасан ААН, байгууллагад цалин хөлсний мөнгөн дэмжлэг үзүүлнэ. Үүнд 5,000 гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Энэ арга хэмжээний хүрээнд ажил олгогчид цалин хөлсийг бүтээмж дагаж тогтоохтой холбоотой дэмжлэгүүдийг үзүүлнэ.
Хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд орон нутагт ААН-үүд дээрх иргэдийг ажлын байраар хангавал сар болгоны цалин дээр 820,000 төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
Мөн эдийн засгийн тэргүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулах ААН-үүдэд 5 хүртэлх сарын хугацаанд 770,000 төгрөгийг сар болгон олгоно. Урт хугацаанд тогтвортой ажиллах чиглэлд хамтран ажиллах юм.
- Ур чадвар олгох сургалтын хөтөлбөр
Өмнөх уламжлалт сургалтуудаас илүү зохион байгуулалттайгаар явуулна. Ялангуяа зөөлөн ур чадварыг сургалтын агуулгад оруулна. Сургалтын зардал хэрэглэгдэхүүн, хөтөлбөрийн стандартыг боловсронгуй болгож хөгжүүлсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд 1,200 гаруй иргэнийг хамруулна.
М.Жаргал