Олимпын аварга, МҮОХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы хамаарал бүхий “Өөжин мед” нь "Нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор" эмнэлгийг байгуулах гэж буй. Тус барилгын ажил Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Цэнгэлдэх хотхоны 210 дугаар байрны зүүн урд, Рэжис палас барилгын зүүн талд буюу залгаа юм. Гэвч эхэлмэгцээ оршин суугчдын эсэргүүцэлтэй нүүр тулсан билээ.
Энэ асуудалтай холбоотойгоор Хот байгуулалт, хөгжлийн газраас энэ сарын 17-ны өдрийн 10/2763 дугаартай албан бичгээр "Өөжин" ХХК-д 2023 оны есдүгээр сарын 13-нд олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх сонсох ажиллагааны мэдэгдлийг компанийн төлөөлөлд хүргүүлсэн талаар хэвлэлд албаны хүн тодруулга мэдээллийг өгсөн байдаг. Хүргүүлсэн гэх мэдэгдэл нь захиргааны хэргийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх сонсох ажиллагааны албан бичиг аж.
Гэвч барилгын ажил үргэлжилсэн хэвээр, өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэдийн эсэргүүцэл ч намжаагүй байна. Тодруулбал, барилгачид иргэдийн хооронд маргаан дэгдсэн тухай мэдээлэл өчигдөр буюу аравдугаар сарын 24-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
МҮОХ-ны дэргэдэх “Тамирчин нөхөн сэргээх төв”-ийн таван давхар байр Э.Бадар-Ууганы хамаарал бүхий “Өөжин мед” эмнэлгийн байр болсон. Тухайн үед "хэвлэл"-ээр бичиж байсан ч тэрбээр өөрийгөө хаацайлаад өнгөрсөн юм билээ. Хэрхэн гэвэл "худалдаж авсан болохоос хулгайлаагүй" гэх үг. Яаж авсан ч бай тамирчин хүн тамирчдад байсан ганц нөхөн сэргээх төвийг нь аваад хувийн бизнесээ эрхэлж байх юм.
Өнгөрсөн сарын мөн үеэр эсэргүүцэл зарласан иргэд "Олимпын хорооны газрын хувьдаа ашиглаж байна" хэмээн ярьж байлаа. Барилгын ажил эхлүүлсэн тухайн газар нь худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай учир Э.Бадар-Ууганаас өөр хэн нэгэн мөн л өндөр барилга барих "цоорхой"-той гэмээр.
Гэхдээ ганц л хүн Олимпын хорооны дэргэд газар өмчилж, барилга байгууламж бариад "амьдарч" байна гэхэд дэгс бус. Олимпын хороо Э.Бадар-Ууганыг тойглоод байна уу, Э.Бадар-Ууган олимпын хороог тойроод байна уу?
Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
М.Жаргал