Австралийн Квинсланд мужийн хойд хэсэгт усархаг бороо орсны улмаас хүчтэй үер бууж, тэндхийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүргээд байсан. Улмаар Мягмар гарагт нүүлгэн шилжүүлсэн олон мянган оршин суугчид гэр лүүгээ буцаж эхэлсэн ч олон зуун үл хөдлөх хөрөнгө, аж ахуйн нэгжүүд усанд автсан ажээ. Үерийн улмаас нэг эмэгтэй нас баржээ.
"Энэ бол хүмүүсийн шийдэмгий байдлыг шалгах гамшиг" гэж Квинсландын захирагч Дэвид Крисафулли ABC-д ярьжээ.
Бямба гаргаас хойш тус бүс нутгийн зарим хэсэгт бараг хоёр метр хур тунадас орж, үер усны аюулаас сэрэмжлүүлэх дохио хангинан, цахилгаан тасарсан ч даваа гаргаас эхлэн цаг агаарын нөхцөл байдал дээрджээ.
Түүнчлэн бороо мягмар гарагт Таунсвилл хот орчимд үргэлжлэн орох төлөвтэй байна. Гэвч орон нутгийн гамшгийн удирдлагын бүлгийн дарга Эндрю Робинсон сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид аюул өнгөрсөн гэж үзэж байна" гэжээ. Үерийн улмаас 1.24 тэрбум австрали долларын хохирол учруулаад байна. Квинсландын хойд хэсэгт 8000 гаруй айл цахилгаангүй хэвээр байгаа бөгөөд чухал хурдны зам хэсэгчлэн нурсан зорчих хөдөлгөөнд саад болж буй ажээ.
Нутгийн удирдлагууд оршин суугчдад үерийн усанд нуугдсан матруудын хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, болзошгүй аюулаас сэрэмжлэхийг зөвлөжээ. Учир нь Австралийн Квинсланд мужийн хойд хэсэг халуун орны уур амьсгалтай, гол мөрөн, намаг ихтэй бүс нутаг учраас матрууд элбэг байдаг. Үерийн үед усны түвшин нэмэгдэж, амьтад өөрийн амьдрах орчноосоо гарч, хот суурин руу шилжих тохиолдол ихэсдэг ажээ.
Л.Баяр