Хорт хавдраас сэргийлэх дэлхийн өдрийг энэ жил “Бидний түүх, биднийг аварна” уриан дор өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд Улсын Хоёрдугаар төв эмнэлгийнхэн “Хоол боловсруулах эрхтний хавдраас сэргийлье” уриа гаргаж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд зөвөлгөө өглөө. Тодруулбал, хоол боловсруулах эрхтний мэс засал, хими, бай, дүрс оношилгоо, цөмийн онош зүй, дурангийн эмч нар, хоол зүйчид хавдрын өвчлөлийн шалтгаан, нөхцөл, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч байна. Учир нь тус эмнэлэгт бүртгэгдсэн хавдрын оноштой иргэдийн дийлэнх нь ходоод, элэг, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах эрхтэн системд байрлажээ. Өнгөрсөн онд гэхэд энэ төрлийн хавдрын 200-300 тохиолдол бүртгэгдсэн байна.
"Хоол боловсруулах эрхтний хавдрын шалтгаан нь амьдралын хэв маягтай нягт холбогддог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд 35-аас дээш насныхан ходоод улаан хоолойгоо жил бүр дурандуулж, хэвлийн эход үзүүлэх, өөрт ямар нэгэн зовуурь илэрсэн бол эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай. Ингэснээр өвчнөө эрт оношилж, хүндрэхээс өмнө эмчлүүлэх боломжтой"-г УХТЭ-ийн Хавдрын хими эмчилгээний тасгийн их эмч Т.Урансайхан онцоллоо.
УХТЭ нь хавдрын оношилгоо, эмчилгээний төвөөрөө дамжуулан хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.
Улсын хэмжээнд 2024 онд хорт хавдрын 8169 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 925-аар нэмэгдсэн харамсалтай мэдээг Хавдар судлалын үндэсний төв мэдээлжээ.