64 настай Австрали эмэгтэйд тархины мэс засал хийлгэхээр эмнэлэгт хүргэж, хагалгаа хийсэн мэдрэлийн мэс засалч доктор Хари Прия Банди хямсааныхаа завсраар эргэлдэж байсан 8 см урттай амьд шимэгч дугуй хорхойг гаргаж авна гэж төсөөлөөгүй байлаа.
Банди хүний тархи дотроос амьд өт илрүүлсэн тухайгаа “Би энэ тал дээр мэргэшсэн эмч биш. Зүгээр л ур чадвараа ашиглан өтийг илрүүлсэн хэрэг. Өт яагаад тэнд байсныг хэлж мэдэхгүй ч энэ нь маш аймшигтай үйл явдал” гэж CNN-д ярьжээ.
Эмнэлгийн лабораторийн хамт олон ердөө 20 минутын газарт орших төрийн шинжлэх ухааны судалгааны агентлагийн амьтны шимэгч судлалын мэргэжилтэнтэй уулзаж, санаанд оромгүй хариултыг сонсон нь "өт" байв. Өт гэж танихад тийм ч их хугацаа шаардагдаагүй гэнэ. Тодруулбал, Австралийн үндэсний их сургууль болон Канберра эмнэлгийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар молекулын шинжилгээгээр энэ нь питонд ихэвчлэн олддог дугуй өт болох Ophidascaris robertsi болохыг баталсан байна.
Хүний тархинаас өт илэрсэн анхны тохиолдол энэ байлаа.
Австралийн үндэсний их сургуулийн профессор Сенанаяке "Бидний мэдэж байгаагаар энэ нь хүний болон бусад хөхтөн амьтдын тархийг хамарсан анхны тохиолдол" хэмээв. Судлаачдын үзэж байгаагаар өвчтөн Шинэ Өмнөд Уэльсийн зүүн өмнөд хэсэгт орших хивсний питон амьдардаг нуурын ойролцоо орин суудаг байжээ. Тэрбээр хэвлээр явагчидтай шууд харьцдаггүй байсан ч чанаж, идсэн уугуул навчит ногоо болох Warrigal ногоог хүнсэндээ хэрэглэснээс үүдэн өтийг биедээ авсан байх магадлалтай.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)