Их Британийн иргэний агаарын тээврийн удирдах газарт техникийн саатал гарсны улмаас гарч, орох хэдэн зуун нислэг хойшлогдсон байна. Үүний улмаас Их Британийн нисэх буудал дээр гацсан, мөн Их Британи руу ирэхээр нислэгээ хүлээж байсан хүмүүс олон цаг нисэж чадалгүй гацсан байна. Удирдах газрын техникийн саатлыг хэдэн цагийн дотор зассан ч зарим нислэгүүд хойшлогсдоор байх магадлалтайг агаарын тээврийн компаниудаас сэрэмжлүүлж байна.
Мөн Агаарын тээврийн удирдах газарт гарсан техникийн саатлын улмаас цаашид хэд хоногийн турш нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орж магадгүй гэж анхаарууллаа. Орон нутгийн цагаар Даваа гарагийн үдээс хойших нислэгүүд саатуулагдсан байна. Тиймээс Мягмар гарагт Их Британиас нисэхээр төлөвлөсөн, эсвэл Их Британи руу очихоор онгоцны тасалбар авсан хүмүүс урьдчилж иргэний агаарын тээврийн компанитайгаа холбогдож байж очихыг зөвлөж байгаа юм байна.
Мягмар гарагт нислэгүүд хэвийн үргэлжилнэ гэж мэдэгдсэн ч болзошгүй нөхцөл байдлыг бодолцож, зорчигчдыг бэлтгэлээ хангахыг зөвлөсөн байна. Түүнээс гадна Их Британийн агаарын орон зайг дайран өнгөрдөг нислэгүүд хойшлогдож болзошгүй байгаа тул тэдгээр нислэгээр зорчихоор захиалсан хүмүүс урьдчилж нислэгээ шалгахыг анхааруулсан байна. Одоогийн байдлаар Бритиш Эйрвэйс, Виржин Атлантик, TUI зэрэг агаарын тээврийн компанийн нислэгүүд хойшлогдсон байгаа юм.
Агаарын тээврийн удирдах газрын хэлж байгаагаар Даваа болон Мягмар гарагт нислэг нь хойшлогдсон эсвэл цуцлагдсан бол ирэх өдрүүдэд нислэгээ үнэ төлбөргүй шилжүүлэх юм уу төлбөрөө буцаан авч болно гэж мэдэгдсэн байна. Албаныхны өгч байгаа тоон мэдээллээр Даваа гарагт 3049 нислэг Их Британиас хөөрч, 3054 нислэг Их Британид газардах ёстой байсан байна. Үүнээс 232 хөөрөх нислэг, 271 буух нислэг цуцлагджээ.