Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын Монголын урлагт оруулсан хувь нэмэр үлэмж их билээ. Монголд битгий хэл гадаадын олон оронд уран бүтээл нь гайхагдаж байдаг энэ эрхмийг манай уншигчид дэндүү сайн мэднэ. Тэрбээр бидэнтэй хөгжмийн ертөнцөд туулж ирсэн сайн, саар зүйлүүдийнхээ талаар илэн далангүй сэтгэгдлээ хуваалцсан. Мөн энэ үеэр бурханы оронд очсон уран бүтээлч нөхдөө дурсаж ярьсан юм. Түүнийг “Өглөөний цай” буландаа урьж ярилцлаа.
-Та Монголын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүний нэг. Энэ ч үүднээс уран бүтээлүүд тань гадаад, дотоодод олонтаа эгшиглэдэг?
-Би амьдралынхаа тал хувийг морин хуурын төлөө зориулж ирсэн. Үүний тулд морин хуурын сайн хөгжим бичих хэрэгтэй. Тэгэхгүй бол морин хуураар ганцхан уртын дуу татаад хол явахгүй шүү дээ. Миний хувьд 20 жилийн хугацаанд 70 гаруй хөгжим бичсэн. Түүнийг бүхий л хуурчид тоглож байна. Бүтээлээ сонсох бүрд үүнээс арай өөр маягаар илүү сайн хөгжим хийх юмсан гэсэн хүсэл төрж явдаг. Миний бүтээлийг олон оронд тоглодог. Бас олон улсын номын сангуудад судалгааны бүтээлүүд маань их байдаг юм билээ. Би амьдрах утга учрыг ойлгодог учраас хөгжим бичдэг. Түүнээс өглөө нар гарахыг хараад, орой нар жаргахыг тоолоод сууна гэвэл утгагүй биз дээ. Тийм учраас би өөрийнхөө хийхийг хүсч байгаа зүйлээ чадлынхаа хэрээр цагтай уралдаж амжиж хийхийг хичээдэг. Амьдрах хугацаандаа өөрийн гэсэн бүтээлийг бүтээж чадах юм бол тэр нь дараагийн үедээ хэрэг болно. Үүнийг би хүн болсны хэргээ бүтээж байна гэж ойлгодог. Бизнес хөөсөн ч өөрийгөө муу бизнесмэн байхгүй байх байсан гэж боддог.
-Энэ олон бүтээлээсээ тэр, энэ гэж онцолдог уу?
-Үгүй ээ. Би бүх уран бүтээлээ ард түмэнд зориулж хийж байгаа шүү дээ. Нэг ч бүтээлээ өөртөө зориулсан гээд дуулж, хөгжимдөж явсангүй. Би тухайн үеийн хөгжмийн зохиолчид дотроосоо ганцхан төрийн албан хаагч нь байсан. Улс төр, намд зүтгэж явсан хэдий ч уран бүтээлийн ажлаа шаргуу хийж байсан.
-Охин тань таныавьяасыг өвлөж яваа. Аавын зүгээс нэлээдгүй зааж зөвөлнө биз?
-Охин маань одоо 30 гарчихлаа. Морин хуур тоглох нас нь ч өнгөрч байна. Гэлээ ч би охиноо сайн морин хуурч бас урлагийн сайн менежер болж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Урлагийн хүн учраас биеэ зөв сайхан авч явж бусдыг хүндэтгэж бай гэж охиндоо хэлдэг. Ер нь би хажуудаа байгаа бүх хүмүүсийг надаас илүү гэж ойлгодог. Тийм учраас би хүнийг дээр доор гэж ялгаварлаж үздэггүй. Тэгж чадвал хүнтэй найз нөхөд явж чадна, бас хүмүүсийн сэтгэлийг татаж хүнд урам өгч, хамтарч юм бүтээж чадна.
-Нэгэн үе мөр зэрэгцэн гайхамшгтай бүтээл туурвиж явсан Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Билэгжаргал, Ц.Чинзориг нар өнөөдөр дэргэд тань алга. Тэднийг дурсах үе бишгүй гардаг байх даа?
-Ц.Чинзориг бол миний гарын шавь. Харин Л.Билэгжаргалд нэг жил хичээл заасан. Үнэхээр гайхамшигтай хүмүүс байлаа. Тэднийгээ цагаас нь эрт алдсаныг миний муугийнх гэж боддог. 1980-аад оны уран бүтээлчид ихэнхдээ Орост сургууль төгссөн хүмүүс байсан. Тэр үед би маш сайхан мөрөөдөлтэй байсан ч харамсалтай нь түүндээ хүрч чадаагүй. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Л.Билэгжаргалыг Ардын дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдагчаар, Ц.Чинзоригийг Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран сайхны удирдагчаар, Нацагдоржийг Дуурийн театрын уран сайхны удирдагчаар, Хангалыг Улсын филармонийн уран сайхны удирдагчаар насаар нь байлгана гэж бодож байсан. Учир нь том хөгжмийн зохиолчид урлагийн том байгууллагыг авч явдаг юм. Тухайлбал Дуурийн театрыг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн, Хөгжим бүжгийн дунд сургуулийг Л.Гончигсумлаа, Ардын дуу бүжгийн чуулгыг Л.Мөрдорж нар нэр төртэй авч явсан. Тийм учраас дараагийн үеийн том төлөөлөгчид үргэлжлүүлэн авч явбал Монголын урлаг дэлхийд дийлдэшгүй багтай болно гэж баярлаж байсан. Гэвч харамсалтай нь архи л тэднийг минь цагаас нь эрт буцаасан даа. Би тэдний хойноос олон жил хөөцөлдсөн. Загинаж, алгадаж ч үзсэн. Бүр эрүүлжүүлэхэд орсон байхад нь хэнд ч мэдэгдэлгүйгээр машинаараа очиж авдаг байлаа. Гэсэн ч дийлээгүй. Хэрэв тэд өнөөдөр амьд байсан бол би ингэж ядрахгүй байсан. Би өнөөдөр ганцаардлын зовлонг үзэж явна. Үнэхээр бид гар сэтгэл нийлдэг байлаа.
-Нэр хүнд өсөх тусам хар бараан зүйл дагаж байдаг нь хорвоогийн жам. Та ч бас энэ замыг тойроогүй?
-Би нас явсан хойноо Ардын жүжигчин болсон л доо. Тэгээд цолоо авчихаад зуслан руугаа явж байтал манай нэг хөгжмийн зохиолч утсаар Жанцанноров оо чи хурдан үхээд бид нарын замаас зайлаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хөгшөөн маргааш чам дээр үнэмлэх, тэмдэг хоёроо аваад очъё, чи зүүчих,чамд зохино, чи Ардын жүжигчин болохоор юм хийсэн хүн шүү дээ гэж хэлсэн. Ер нь урлагт зүтгэж явахдаа асар олон бэрхшээлийг тууллаа. 1980-аад оны томчуултай ажиллаж байсан болохоор тэр үеийн хүмүүс ёс суртахууны хувьд хэрхэн ялзарсан байв, сайн хүн яаж тодорч байв гэдгийг би сайн мэднэ. Гэхдээ тэр бүхэнд өширхдөггүй. Шагнал урамшуулалын хувьд ч атаа хорсол их байсан. Миний хувьд “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийг бичиж үеийнхнээсээ хамгийн түрүүнд Төрийн шагнал хүртсэн. Гэхдээ мэргэжлийн түвшинд хийсэн бүтээлээрээ ярих юм бол хөгжмийн зохиолч Хангал надаас түрүүлж авах ёстой байсан. Хожим намайг Багшийн сургуулийн оюутан байхад “Аяны шувууд” дуугаа зохиочихсон байсан шүү дээ. Тэгээд маргааш нь Хангал баяр хүргээд орж ирэхэд нь би хөгшин чинь чиний шагналыг авчихаад сууж байна гэж хэлж байлаа. Дараа жил нь би Хангалын бүтээлүүдийг тодорхойлоод хүмүүсээс саналыг нь аваад 1990 онд тэр маань Төрийн шагнал авч байлаа. Түүнээс хойш Шарав, Нацагдорж, Билэгжаргал гээд жил дараалаад бүгдээрээ Төрийн шагнал хүртсэн. Шагналууд цаг хугацааны хувьд ойртсон болохоос биш тэдний хэн нь ч арын хаалгаар аваагүй. Бүгд л авах ёстой хүмүүс байсан.
-Таныг урлагийн ээдрээт амьдралыг хангалттай туулсан гэж ойлгодог?
-Тийм ээ. Хорвоод хүсэл хясал хоёр зэрэгцэж байдаг жамтай. Түүн шиг миний аз жаргалтай амьдралын гуравны нэг нь харамсал байсан. Гэхдээ би харамслыг тооцдоггүй. Уужуу сэтгэлтэй байж хатуу замыг туулах ёстой. Тийм учраас өнөөдөр миний үеийн Монголын хөгжмийн амьдрал тэр тусмаа урлаг соёлын амьдралыг надтай хуваалцах хүн тун цөөхөн байна. Үнэнийг хэлэхэд ганцаардаж байна. Гэхдээ ганц хоёр түшигтэй хүн байна л даа. Тухайлбал Морин хуур чуулгын дарга Б.Батчулуун. Эргээд бодоход хамгийн сайхан зүйл бүтээж явсан хүмүүс хамгийн их харамсалтай явдаг юм байна. Баяр жаргалтай зэрэгцэн харуусал тээгдэж үлддэг юм байна. Наад зах нь урлагийнхны цалинг социализмын үеийнх шиг өгч, капитализмын маягаар ажлыг нь дүгнэх гээд байдаг тогтлолцооны зөрчлүүд зарим хүмүүсийг их бухимдуулж байна. Эрдэмтэн мэргэд урлагийн сайхан хүмүүс нийгмийн хатуу нугачаанд их үрэгдэж байгаад их харамсдаг. Намайг хүмүүс төрийн шагналыг бүгдийг нь авчихсан азтай, жаргалтай хүн байж юундаа харамсдаг юм гэж бодох байх. Гэтэл дээрх зүйлүүд харамслыг нөхөж чадахгүй шүү дээ. Тэр бүхнийг яриад байвал толгой дотор их юм байна. Гэхдээ дандаа юмыг хараар бодно гэж юу байхав, сайхан дурсгалт мөчүүд олон байдаг. Жишээ нь зууны манлай дуучин Н.Норовбанзад гуайтай дэлхийг тойрч явсан, С.Гончигсумлаа гуайгаа нас барахынх нь өмнө вагонд суугаад бүх амьдралаа яриад сууж байсан үе гээд мартагдашгүй дурсамж олон.
-Таны олон сайхан дуу ард түмний дунд домог болон дуулагддаг.Танд яруу найрагчид шүлгээ өгөхдөө жаахан жийрхдэг үү. Ер нь та шүлэг голдог уу?
-Би хүний бүтээлийг голно гэж юу байхав. Сайхан шүлэгнүүд ирдэг. Гэхдээ тэр хүний санаж байгаа санаа, миний санаа хоёр авцалдахгүй бол дуу болохгүй шүү дээ.
-Манайд дуучид нь л нэрд гараад байдаг болохоос биш тухайн бүтээлийн үр үндсийг тарьсан хөгжмийн зохиолчдын хөдөлмөр төдийлөн үнэлэгддэггүй. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
- Би дуучдыг дууг маань амьдруулаад нэр төр олж ард түмэндээ үнэлэгдэж байвал сайхан хэрэг гэж боддог. Дуучин Мөнхбаяр “Чандмань эрдэнэ”, Монгол улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр “Ээждээ,”Ц.Түвшинтөгс “Бурхан бумбын орон” С.Жавхлан Т.Баясгалан хоёр “Мөнхрөх ч биш дээ” Ардын жүжигчин А.Энхтайван “Хүний заяа”дуунуудыг маань дуулж олонд хүргэсэн. Надад та нар миний дууг дуулж дуучин болсон гэж хэлэх эрх байхгүй. Би дуучдад нэг ч дуугаа ч зарж үзээгүй. Харин Өвөрмонголоос хоёр гурван дуу хийж өгөөч хөлс мөнгийг нь өгье гэсэн санал ирсэн. Дуучид өөрсдөө л дуунд минь клип хийлгэчихсэн дуулж байдаг. Бүтээл маань гайгүй болоод л дуучид дуулж байгаа болов уу гэж боддог шүү дээ. Түүнээс миний сайн дууг дуулж нэрд гараад байна гэж огтхон ч боддоггүй.
-Тэгвэл одоогийн дуучдын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөдөр дуучид бут авна, зад авна гэж ярьдаг болж. Үүнийг цаг үе нь өөр болсон гэж ойлгохоос биш одоогийн залуучууд юу ч хийж чадахгүй байж өөрсдийгөө дөвийлгөж онгироод гэж хэлэх арга байхгүй. Социализмын үед хүнийг хүмүүс тодруулдаг байсан. Харин капитализмын үед хүн өөрөө тодрох шаардлага гарч ирж байгаа юм. Тийм учраас тэднийг буруутгах аргагүй.
-Манайд морин хуурчдын олон улсын хоёрдугаар наадам болж байна. Анх санаачилж хийж байсан хүний хувьд ямар бодолтой байна вэ?
-Би 1989 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга, намын төв хорооны гишүүн байлаа. Тэр үед бид уртын дуу, морин хуурыг дэлхийн түвшинд гаргаж ирэхгүй бол болохгүй юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Тэгээд энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд 1989 онд Өвөрмонголоос морин хуурчдыг урьж 108 морин хуурчдийг цуглуулаад анхны наадмаа хийж байсан түүхтэй. Тэр үед одоогийн ҮДБЭЧ дээр морин хуурын квартит эхэлж “Цэцэг нуурын хөвөөнд” гэдгийг тоглодог байсан юм. Бас хангинуур Гомбожов гэж Индайны их сургуулийн эрдэмтэн Монголд ажиллаж энэ наадамд оролцож байсан. Харамсалтай нь тэр хүн наадмын үеэр таалал төгссөн. Тэр хүнийг Төв номын сангаас эцсийн замд нь үдэхэд анх удаа морин хуур эмгэнэлийн хөгжим тоглосон юм. Түүнээс хойш морин хуур наадмын олон уралдаан, наадмыг зохион байгууллаа. Морин хуур сонирхдог хүмүүс ч дэлхийд гарч ирж дэлхий дахинд түгэж эхэлсэн. Тэгээд Японд ажилладаг Бат-Эрдэнэ бид нар зөвлөж байгаад Дэлхийн морин хуурын холбоог байгуулсан. Дараа нь надаар ахлуулсан Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан бий болсон. Энэ хоёр байгууллага хамтарч 2008 онд Улаанбаатар хотод морин хуурчдын олон улсын наадмыг анх удаа зохион байгуулсан. Тэндээс хоёр жил тутамд энэ наадмыг зохион байгуулъя гэж тогтоод энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Жилээс жилд өргөжиж оролцох орны тоо ч нэмэгдэж байна.
-Бас морин хуурын хэлбэр хэмжээг тохируулна гээд урлах тал дээр их анхаарах болж?
-Тийм ээ. Морин хуур дэлхий дахинд түгэж байгаа нөхцөлд дэлхийд нэг л хөгжмөөр хөгжимдөх ёстой. Энэ үүднээс өнгөрсөн жил морин хуурч урлаачдын зөвлөгөөн болж ийм хуурыг мэргэжлийн хуур гэж үзье гээд хэлбэр дүрс, хэмжээ орох мод наах цавуу өнгөлгөө энэ бүгд нь ямар байх талд дээр тохирсон. Тэгээд энэ жил мэргэжлийн хуур урлаачдын уралдаан явуулаад гурван хуурыг шалгаруулсан. Тийм учраас одоо морин хуурын хөгжмийн зэвсэг дэлхий дахинд стандартчлагдаж эхэллээ гэсэн үг. Энэ стандартын хуураар хуурдахаар дэлхийн хаана ч гэсэн морин хуур нэг л янзаар хөгжимдөх боломжтой болж байгаа юм. Өнөөдөр морин хуур үндэснийхээ хил хязгаараас даваад глобалчлагдсан байдал руу орлоо. Энэ нь монгол хүн хүн төрөлхтөний соёлд оруулсан хувь нэмэр. Харин одоо энэ хувь нэмрийг нь дэлхий дахины хүртээл болгох боломж бидэнд гарч ирж байна. Өөрөөр хэлбэл бид 20 гаруй жил хөөцөлдсөний үр дүнд морин хуур хөгжмөөрөө дэлхий дахины анхаарлыг татлаа гэж ойлгож болно.Үүнийг Монгол төрийн бахархал гэхээс өөр юу гэх билээ.
-Морин хуурт зориулсан олон бүтээл ард түмний сонорыг мялаадаг?
-Энэ үнэн. Хөгжмийн зохиолчид морин хуурын асар олон тооны сайн бүтээлүүд туурвисан. 20 жилийн дотор 200 орчим морин хуурын бүтээл гарлаа. Энэ бол том дэвшил. Тэр ч бүү хэл морин хуурт зориулж Америк, Япон хүн хөгжим бичиж байна. Бас урлаж байна. Ингэж дэлхийн түвшнийх болж хувирч байна шүү дээ. Өнөөдөр Японд 600 гаруй хүн өдөр тутам морин хуураар хичээллэж байна. Тэдний дунд компанийн эзэд, тогооч, программист, инженер, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрт гарсан эмгэд хөгшид байна. Тухайлбал энэ морин хуурын хоёрдугаар уралдаанд 72, 76 настай хөгшчүүл оролцож байна. Тэтгэвэртээ гарчихаад зөвхөн морин хуураар амьдралаа хөөж байна. Маш гайхамшигтай хөгжимдөж байна. Гэтэл манайхан морин хуураа Өвөрмонгол руу алдлаа, гадаадынхан тоглож байна, энэ Жанцанноров юу хийж байгаа юм гээд над руу дайраад байдаг. Түүний оронд ханандаа тахиж залаад байгаа морин хуураа жилдээ нэг шороог нь арчиж татаж бай гэдгийг хэлмээр байна. Тэгж байж Монголын үндэсний бахархал болно гэсэн үг. Хүн бүр сайн муу нь хамаагүй морин хуураа татъя гэдгийг уриалж байна. Зөвхөн хэдэн мэргэжлийн хүний ажил мэт ойлгодгоо болих цаг болжээ. Энэ наадмын зорилго ч үүнд оршиж байгаа юм.
Сэтгэгдэл (2)