ЭХЛЭЛ
Үргэсэн бөхөнгийн үелзсэн хатираа шиг он жилүүд цахилан одно.Тэр хуйлран эрчилсэн цагаан тоосны үзүүрт цахиртан үзэгдэх ёотон шиг хэдэн цахир байшин Шаргын говийн баруун хаяа хана шийрлэх Өвгөн Очир хайрханы өвөр нөмөрлөн их усан зэрэглээн дунд нэг тодрон, нэг бүдгэрэн байх нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төв ажээ.
Би тэр зүг давхин явна. Хантайширын домогт нуруу хөглийн сунайна. Баарангийн даваа давахад Пүрэвдаш ахын эцгийн нэр санаанд орж байна. “Бааран гэдэг нь газрын ч нэр, хүний ч нэр юм. Баараагүй гэсэн утгатай юм байх” гэх бодол зурсхийнэ. Нээрээн ч Баарангийн давааг баараагүйд авахад Шаргын говь цэлсхийн угтах нь ерөөлийн хадаг шиг санагдана. Машинаасаа бууж баруун зүг саравчлан хэсэг зогслоо. Өвдөг чирээд сөхөрчих гээд болдоггүй. Зовхи чийглэх зөөлөн нулимс сормуус тормон солонго татах шиг өнгийн гэрэл цацраад явчихад “Монголын гучин гурван их говийн манлай нь манай Шаргын говь юм даа” хэмээн сэтгэл уясан бодов. Нутаг гэдэг ийм ижий сэтгэлтэй, аав нөмөртэй, амь аргамжаатай ариун дагшин диваажин юм. Ямбатын талруу ягаан зам ярган шургана. Дундын овоондоо сэржим өргөн Шаргын голын усыг рашаан мэт залгилаад заг бударгант тэгш сайхан талын хөх хайргыг үсчүүлэн давхисаар Өгөөмөрийн гол руу орж ирлээ.Урдаас Ванчиг ахын тэмээн сүрэг зам тосон гарч ирэв.
Шаргын их говийн баруун хаяаг манан тулгын гурван чулуу шиг чанадмалан байх Өгөөмөр, Тунгалаг, Төхөмийн баянбүрд бол миний өвөг дээдсийн үе улиран нутаглаж ирсэн тахилгат нутаг аа. Баруун хойхно Цаст Богд Сутай хайрхан энгэрлэн нартай ханьсан үзэгдэнэ.Түүнээс нар зөв эргүүлэн харвал Дарвийн тарлан нуруу, Хантайширын халтар манан уулс, Бурхан буудайн ихэр оргил, Хар азаргын дэлт уулс, Бууралхайрханы Цахиртолгой, Өвгөнхайрханы сампин зангилаат түшмэл орой, Цагаанхайрханы цахир судлан чимэг тэргүүтэн Шаргын говийн товруу мөнгөн хана шийрлэсэн юм шиг эргэн тойрон сүглийн үзэгдэнэ. Хөгөлгөр их Алтайн энэ торгон эгшинг хүй цөглөсөн Хүүхдийн овоон дээрээс гайхан биширч зогсоход “Би чинь говийн хүн үү, уулын хүн үү” гэх гүймэг бодол сахал эрвэлзүүлээд өнгөрөв.
Нэг. ЭЭЖИЙН БҮҮВЭЙ СУМААС ЭХЭЛНЭ
Би ээжийн бүүвэйг Өгөөмөрийн голын Хүүхдийн овооны өвөр анх сонсжээ. Ижий маань хаврын дууч шувуухай жиргэх шиг намайг бүүвэйлж суухад ботго голсон ингэ тугал хар нүднээсээ нулимс дуслуулан ивлэн зогсож байсан байж таарна. Аав маань ямар их догдолж байсан бол. Эх орны дайнд мордож “Бид ялав” медаль энгэртээ зүүсэн баатар эрхүү намайгаа нар тултал дээш өргөн инээхэд Өгөөмөрийн тунгалаг горхины жиргээ урсгал морин хуурын аяз тоглож байсан байж таарна.Миний төрсөн Хүүхдийн овооны чанх урдхан Жаахан буудал хэмээх зүлэгт ногоон тэгш дүүрэн газар буй. Аавын минь тоонот тэр. Аав хүү хоёр суран бугуйл гурвантаа сунах ивэл ойрхон газар энэ орчлонд мэндэлжээ. Хувь заяа гэгч ийм тансаг сайхан учралд бялууран байх нь нутаг усны дусал бүрээс л мэдрэгдэнэ. Би нутагтаа очоод газар усандаа эрх хүүхэд шиг эрхэлдэг.Алтан харгана, хонхон цэцэг, загийн хожуултай хүүхэд шиг ярьдаг. Үнэхээр эх орон гэдэг хүй цөглөсөн тоонотоос эхэлнэ. Эх орноос минь энэ дэлхий эхэлнэ.Тэгэхээр эхлэл цэг яахын аргагүй хүн бүрийн төрөлх сум юм.Эх орон сумаас эхэлнэ гэх үгийн үнэ цэнэ үлэмж их ажгуу.
Ээж
Миний дүү нар ээжийг газарт гишгүүлэхгүй шахам бөөцийлнө. Ээжийн байрны зэргэлдээ орцонд дүү Отгонбаатар, зэргэлдээ байранд ах Жанцанхорлоо, дүү Сүхбаатар, Бурмаагийнх байх тул байнга эргэн тойрно. Бурмаа дүү ээжийг өдөр тутам асран тойлж, санхүүжилтийг Байгалмаа, Жаргалсайхан голлож, хар бор ажлыг Сүхбаатар амжуулж, Болдсайхан зураг хөргийг нь бүтээж, Цэцэгмаа сэтгэл санааны тайвшралыг хариуцна. Би ижийнхээ бага нас, гэгээн амьдралын дурсамжийг сэргээн үе үе үлгэр домог мэт амьдралыг нь яриулан хуучилна. Ээж маань ой сайтай хүн. Амьд алтан архив л гэсэн үг. Заримдаа би хэн нэгэн хамаатан садныхаа утсыг хүртэл ээжээс асууж сурагладаг.Яг л лавлах шиг хэлээд өгнө.
Хар бага наснаасаа мал адуулан маллаж малынхаа аяс, ургамал усны байцыг даган Өрхөт, Юмын булагт зусаж, Талын худаг, Үзүүрийн худагт намаржиж, Дарвийн нурууны Үзүүрийн буудалд өвөлжиж, Өгөөмөрийн гол, Цанхилахын голоор хаваржиж дөрвөн цагийн эргэлтэд дураар нүүдлэн явсан бага насаа ээж минь ярих дуртай. Ээжийн ээжийг Өнөр гэх бөгөөд намайг өсгөн хүмүүжүүлсэн буянтан. Үлгэр их ярина. Өнөр уран Жинжээ буюу хөгшин ээжийн ээжийг Түгээмэлгэнэ. Их эршүүд, бас оюунлаг мундаг эмэгтэй байсан юм гэдэг. Ямар сайндаа Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас мал тууж Төв аймгийн Лүн суманд хотлуулчихаад хөтөлгөө морьтой давхиад хүрээ орж малын үнэ ханшийг сураглаад эргээд ирдэг хүн байсан юм гэдэг. Би эмэг эхийнхээ нэрийг мөнхлөхийн тулд Түгээмэл дээд сургууль, Түгээмэл дунд сургууль, Түгээмэл гадаад хэлний төв, Түгээмэл орчуулгын төв байгуулсан нь он цагийн үргэлжлэл юм даа.
Аав
Миний аавыг Цэдэвийн Үржин гэнэ. Төгрөг сумын уугуул. Нутаг усандаа нэр хүндтэй ажилласаг, ухаалаг сэргэлэн хүн байсан. Эцэг эхээс оонын эвэр шиг хоёулаа. Төрсөн эгч нь Ааяахүү гэж махлаг том бор хүн байсан. Аймгийн начин Ванчиг тэргүүтэй олон бөх хүү төрүүлсэн баатар эх. Аав маань тэр үед гачуу гучуу байсан олон хүүхэдтэй эгчдээ хамаг малаа өгчихөөд Шарга суманд байгуулагдсан МАА-н машинт станцын анхны айлуудын нэг болон нүүсэн бөгөөд Завхан аймгийн Хуримт, Алаг Ямаатын модны үйлдвэр, Сэлэнгэ аймгийн Зүүн хараад шилжих зэргээр нүүдэлж явсаар Улаанбаатарт суурьшсан. Тиймээс бидний бага нас аяллын бага нас байсан. “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэдэг үгийн утгыг хар багаасаа мэдэрсэн нь надад уран зохиолын ертөнцийн татах хүчийг мэдрэх соронзон болсон байх.
Аав маань “Эх орон сумаас эхэлнэ” гэдэг энэ үгийн учгийг аль эрт тайлсан хүн байж. Тиймээс Завхан аймгаас Улаанбаатар хот руу шилжих гэснээ больж Говь-Алтай аймгийн Төгрөг сумандаа эргэн нүүгээд очиж. Хожим надад “Та нар сумаасаа нялх багадаа гарсан тул эргэн очихгүй бол нутаг ус, ах дүү нараасаа хөндийрчих гээд байсан” гэж ярьж билээ. Аав хүний холч ухаан гэдэг энэ л дээ. Хэрвээ Төгрөг суманд эргэн очиж хэдэн жил нутаглаагүй бол ерээд оны эхэнд би Говь-Алтай аймгийн хөгжүүлэх “Алтай сан”-гийн анхдагч болж, аймгийн нутгийн зөвлөлийг тэргүүлж нутаг усныхаа төлөө чөмгөө дундартал зүтгээчүү үгүй чүү. Ах дүү нар тайгаа ижий ахуй болон эдүгээ хүртэл яваа чуу, үгүй чүү, хэн мэдлээ.
Аав маань идэр залуу 52 насандаа өөд болсон. Би аавынхаа насны босгонд тулж ирээд “Миний аав ийм идэрхэн байж шүү дээ” гэх бодол төрөхөд дэндүү уйтай байсан. Насан өөд болохынхоо өмнөхөн гэрийн цагаан бүрээсийг хуулуулж цоо шинэ цагаан эсгийг авахуулан эгчийнхээ хүү Даваацэрэнгийн хуримд бэлэг болгон Төгрөг сум руу явуулж байсан нь санаанаас ер гардаггүй юм.
Би гармони хөгжим дарж ээж минь бүжиглэдэг байлаа
Хоёр. ЭХ ОРОН СУРГУУЛИАС ЭХЭЛНЭ
Би Төгрөг сумын дунд сургуульд сурах хугацаандаа насан туршийн хөдөлмөр болсон сэтгүүлзүй, уран зохиолын ертөнцтэй анх танилцаж түүнтэй алтан аргамжаар холбогдсон юм. Төрсөн тоонот, төрөлх сургуулиа дээдэлж байж эх оронч үзэл үндэсний ухамсрын төвшинд төлөвшинө.Төрөлх сум минь эх орон гэх дээдлэл дэлгэрэхийн хэрээр монгол эх орноо буй олноороо хайрлана. Газар усаа шүтэж онгон дагшин байдлыг зон олноороо эрхэмлэнэ. Би л лавтайяа хүй дарсан чулуу бүхий төрсөн тоонотынхоо хэвлийд алт эрдэнэс аль нь байлаа гэсэн ухан сэндийчихийг үл тэвчих бөгөөд харин ч ариун хөрсөн дээр нь эхээс төрсөн улаан биеэрээ хөрвөөн дороос төөнөх их увидаст шидэт долгион юуг нь бие, сэтгэл, үгэндээ шингээхийг хүснэ.Би лавтайяа эрдмийн аянд дөрөө харшуулан явсан нэг ангийнхнаа хамаатан садантайгаа адилтгаж, эрдмийн мөөмөө хөхүүлсэн ачит багш нараа ээж аавтайгаа зүйрлэн боддог доо.
Аавын минь хадсан шалзан хадаас шаглан оёсон юм шиг байв
Сумын төвийн арын мөргөцөгт айлууд шавар тоосгоор бяцхан байшин барьж зуны бороонд эсгий дээвэр туургаа хурааж, бас бус юмсаа хийдэг байв. Аав маань бас тийм байшин барих болов. Тэгээд арван нас дөнгөж шүргэж буй намайг тоосго цохь гэлээ. Зуны амралт маань тоосго цохихоор эхэллээ. Мөргөцгийн урд угаас тоосгоны нутагш аанга цагаан шороо байх бөгөөд Төгрөгийг голоос салаалан урсгасан ус яг тэнд ирнэ. Би бусад хүүхдүүдийн адил тоосгоны шавар зуурч хоёр нүдэт хэвээр түүнээ тоосго болгон хэвлэнэ. Бие бага тул шавар зуурах хүрзээ дийлэхгүй.
Тэгэхээр нь өмдөө тайлж хаяад хөлөөрөө гишгэнэ. Шавар ус хоёр эвлээд цагаан сарын ул боовны гурил шиг элдүүр нь ханаад ирнэ. Тэгэхээр нь хэвэндээ хийж нягт нямбай чигжинэ.Түүнийгээ тухайлан зассан тэгш талбай дээр чирч авчран доош харуулан хөмрөөд дээр нь хэд дэвхэрнэ. Хоёр чихнээс нь дээш тэгш татахад Бо захын хэвлэдэг цагаан сарын ул боов шиг хоёр хөх тоосго усанд хөлөрсөн ааруул шиг юм гараад ирнэ.Өнцөг булан нь өөгүй сайхан харагдахаар нь баясна. Орой наран хэвийх үед эгнээ олон тоосгоо дахин дахин тоолж зогсох, өмнөх өдрийн хатсан тоосгоо давхарлан өрж зогсохын жаргалыг үгээр хэлэхийн аргагүй. Юутай ч өөрийн улаан гараараа духны хөлсийг асгаруулан хийсэн ажлын үр шимгэгч ямар аугаа гайхамшиг болохыг тэгэхэд мэдэрсэн дээ. Аавын маань зорилго ч тэр байсан байх.
Аав бид хоёр тэр намар товхийсэн хөөрхөн байшин барив. Зэрэгцэн байх бусдын байшингаас манайх нэг л өөр, бүр ч онцгой сайхан санагдана. Аав маань уран мужаан хүн байсан тул дээврийг янзтай сайхан хадаж, хаалгаа төмөрлөн номин ногоон өнгөөр будсан юм. Хожим тэр байшинг манай хамаатнууд нураасан бөгөөд хаалганы төмрийг бэхлэн хадсан аавын шалзан хадаас шаглан оёсон уран бичлэг шиг байхыг хэн хүнгүй гайхан ярилцаж байж билээ. Ингэж би амьдралын гэгээн сайхны түлхүүр бол чухамхүү өөрийн хөдөлмөр зүтгэл юм гэсэн суурь ойлголтыг баттай олж авсан юм. Энэ бол миний хувьд нээлт байлаа.
Анхны шүлэг, анхны мэдээ маань Төгрөг суманд бичигдсэн
Тэр байшингийн дээврийг будаж байхад аавын дэргэд цагаан цамцтай идэрхэн эр ирж элдвийн юм асууж бас намайг дуудан хичээл номоо бэлтгэсэн нь үү энэ тэр гэж байсан нь Дамдин багш байсан юм билээ. 1967 оны найман сар шувтарч хичээл эхлэх дөхсөн байсан санагдана. Тэр жил Төгрөгийн дунд сургуульд УБДС-ийн төгссөн шижигнэсэн хоёр багш ирсний нэгнь монгол хэл уран зохиолын багш Дэлэгийн Дамдин, нөгөөх нь биеийн тамирын багш Балхүүгийн Рагчаа байв. Б.Рагчаа манай анги даасан багш болж харин Д.Дамдин багш манай ангид монгол хэл-уран зохиолын хичээл зааж эхлэв. Тэр хоёр багш сумын буйдхан сургуульд шинэчлэл авчирлаа. Бидний шүтээн тэр хоёр шинэ багш болов.Тиймээс үг бүрийг нь анхааран сонсож, үйлдэл бүрийг нь даган дуурайхыг хичээнэ. Нэг удаа Д.Дамдин багш хичээл дээр шүлэг бичүүлэв. Сэдэв нь “Эх”. Би ээжийнхээ тухай нэг шүлэг бичив. Хүүхэд бүр л бичсэн л дээ.Тэгэхдээ минийхийг багш онцолж ярьж байна. Бүр цүнхнээсээ захидлын дугтуй гаргаж “Пионерийн үнэн” сонинд гэж хаяглаад шууданд аваачиж өг гэж намайг гүйлгэв. Би тэр үедээ баярлаж л байсан байх.Гэхдээ ирээдүйн их хувь заяаны эхлэл гэдгийг яахан мэдэх билээ. Төдөлгүй сонинд миний шүлэг хэвлэгдэж мандаж өгөв дөө. Д.Дамдин багш уран зохиолын хичээлээ заримдаа хээр гадаа хийнэ. Ихэвчлэн шүлэг бичүүлнэ. Тэр үед л эргэн тойрноо, ижий ааваа, уул хангайгаа арай л өөр нүдээр харж эргэцүүлдэг болсон санагдана.
Дараа нь түүнээс ч “ноцтой” юм болов. Ангийн багш Б.Рагчаа “Харилцах дэвтэр” нээж түүндээ миний тухай баахан юм бичээд надаар аавруу явуулна. Аав түүнийг нь үзээд бас юм бичиж буцаана. Тэр бүхнийг би замд нь уншиж л таарна шүү дээ.Хамгийн ноцтой нь хичээлийн дүнг тавина. Аав ээжээс нуух ямар ч арга байхгүй болов. Хичээлдээ хичээхээс өөр зам надад үлдсэнгүй. Миний сурлага эрс сайжирлаа.Сайжрахын хэрээр бусад ажил үйлсэд идэвхтэй оролцоно. Нэг удаа Б.Рагчаа маань сургууль даяар зохиогдож байгаа аяны тухай ярив. Бидний цуглуулсан ясыг шатааж тос гаргаж байгаа юм байна. Би маш их сонирхов. Хаа сайгүй хэвтэр малын хөсөр яс ийм их тосыг агуулж байдаг байх нь. Тэгээд “Яс болтос” гэдэг жижиг мэдээ бичээд багшдаа үзүүллээ. Рагчаа багшийн баярлаж байна гэж жигтэйхэн. Бас л “Пионерийн үнэн” сонин руу явууллаа. Нэг удалгүй хэвлэгдсэн санагдана.Энэ тухай Б.Рагчаа багш сурган хүмүүжүүлэх ухааны тэмдэглэлдээ олон удаа бичиж миний тухай сайн сайхан үгийг хэлсэн билээ. Насан туршийн маань хөдөлмөр болсон монголын их сэтгүүл зүйтэй ингэж би Төгрөг сумын дунд сургуульд байхаасаа холбогдсон юм. Энэ бол юугаар ч зүйрлэхийн аргагүй их ховор хувь заяа байлаа.
Багш хүний онцгой сайн чанар бол хүүхдийн ирээдүйг олж харах явдал болох нь гарцаагүй. Хожим би өөрөө багшийн мэргэжил эзэмшиж, бас хүү унаган мэргэжлээрээ хувийн хэвшлийн боловсролын сүлжээ байгуулахаар ажиллаж Түгээмэл боловсролын цогцолбор байгуулсан маань явж явж Төгрөгийн дунд сургуулиас эхтэй юм шүү.Эрдмийн сунтаг сумаас эхэлнэ гэхийн учир энэ билээ.
Түгээмэл жавхлан гэрэлтсэн сургууль минь
Говь-Алтай аймаг бараг сургуулиас эхлэн байгуулагдсан байх. Яагаад гэвэл аймгийн ой манай сургуулийн 70 жилийн ой зэрэг тохиож байна. Аймагтайгаа нас чацуу сургууль гэдэг өндөр зэргэмжийн агаад бас ч олон зүйл дээр зиндаархаж болох мэт. Юутай ч монгол орон даяар засаг захиргааны шинэ хуваарилалт явагдаж байсан 1940 онд Төгрөг сумын эрдмийн өргөө үүдээ нээж өрхөө татжээ. Ер нь орон нутагт сум байгуулах гэж салхинд дэрвэсэн гурван гэр барихад нэг нь захиргаа, нөгөөх нь сургуулийн гэр байсан байж таарна.Сургууль гэдэг нь багш, сурагч, байр гурав юм. Нэг хэсэг аймаг, сум суурингийн хамгийн өндөр, том байшин нь сургууль байсан бөгөөд одоо энэ байдал өөрчлөгдөж баар, зочид буудал болон хувирчээ. Харин хаа очиж манай сумын хувьд гайгүй.Энэ нь эрдэм оюуныг дээдлэх сэтгэлгээ хэвээрээ байна гэсэн үг. Төгрөг сумын дунд сургууль нь сум дундын сургууль юм. Тиймээс тус сургуулийг Төгрөг, Бугат, Цээл, Алтай зэрэг сумдын хүүхдүүд суралцаж төгссөн. Тиймээс сургуулийн тэгш дүүрэн энэ ой бол олон сумын сурагчид, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүргэн бэрийн эрдмийн баяр юм.
Нэг хүүхдийг эрдмийн замд хөтлөн оруулна гэдэг нэг бурханыг төрүүлж буй хэрэг хэмээн сэтгэвэл Төгрөгийн дунд сургуулиас хэчнээн бурхад төрснийг тааварлахад амархан. Би хүн бүрийг бурхан гэж боддог нэгэн бөгөөд харин тэр их гэгээрлийн анхны зулыг сургуулийн гэгээн танхим асаадаг гэдэгт дэндүү итгэдэг хүн. Тиймээс сургууль нь бурхадын ариун сүм, багш нь гэгээрэгсэд, сурагчид нь түүний шүтэн бишрэгчид байх ёстой гэж боддог. Тиймээс “Түгээмэл жавхлан гэрэлтсэн Төгрөгийн дунд сургууль минь” хэмээн дуу зохион дуулж билээ.
Гурав. ЭРДМИЙН СУНТАГ СУМААС ЭХЭЛНЭ
Морьт лам ахын хадагт адислал балчир миний нимгэн зулайд гэрэл цацруулан гийж хожим шүлэг дуулал болон эгшиглэх эхлэл болсон болов уу хэмээн бодно. Угаас удам судрын учиг жанцанг ухан ойлгох, ургуулан сэтгэх, уламжлуулан үргэлжлүүлэх нь хүмүүн заяаны бичил тарни бололтой. Чухам тэрхүү увдисыг нээх, үр хойчдоо шингээн үлдээх гэгч ёстой л төрөлх сумын уул ус, ургамал жимс, өвөг дээдсийн чанадын шидэт долгион юм.Миний төрсөн тоонот Хүүхдийн овоо хэмээх нэртэй. Үнэхээр жижигхэн хөөрхөн мөөмөн толгод дээр божин борог овоо байх бөгөөд намайг очиж мөргөн хадаг өргөхөд Галсан ах ирж тахилгын судрыг нь унших бүлгээ. Сэтгүүлч охин Болормаагийн нь онож хэлснээр газрын судлыг атгаж төрсөн ногоочин Галсан ах басхүү овоо тахилгын судрыг нь шившиж, судсыг олж аргадан ярилцах нь байгальтай нэгэн зулайт садан хүний явдал мөр аж. Эрдмийн аян маань эхний амьсгаа авсан агаар, часхийн хадаасан дуун, Өгөөмөрийн тунгалаг уснаас эхэлснийг Хүүхдийн овоо хүүрнэн ярих шиг болно.Би эдүгээ хүртэл олон сургуульд сурч, чамгүй ном уншиж, бас ч хэд гурван дууны шүлэг бичсэн боловч миний насан туршийн унших, ухаарах шастир маань энэхүү Хүүхдийн овоо билээ.
Нутгийн ханхар хөх өвгөд
Нутаг нутагт уул хайрхан шиг өвгөд гэрийн хоймор завилан, ухааны хоймор залран байх нь нэг л нөмөр дулаан санагддаг. Төгрөг суманд тулх намбатай, ухааны даллагатай ёнхигор хөх өвгөд олон. Би аавын ухааны буянаар жараад оны сүүл хавьс Төгрөгийн дунд сургууль сурсан арав гаранхан насандаа өвгөдийн ухаан, эмгэдийн эрдмийг гайхан биширч явлаа. Тэд хөдөө буйдхан сумын үлгэрийн ертөнц, амьд номын сан байсан юм.Хамгийн алдартай нь Цагаан морьт лам ах байв. Уг нь морьт биш мөрт юм гэнэ лээ. Одоогийн МУИС-ийн багш, төрийн шагналт, гавъяат багш Чоймаагийн аав нь. Жинхэнэ нэрийг нь Донойн Шарав гэнэ. Долоон настайгаасаа Дайчинвангийн хошууны Зүйлийн хүрээнд хошуу ноён Жалчин гомбо доржийн авга ах хувилгаан Эрдэнэхамбад шавилж өргөмөл хүү нь болсон хүн. Богдын хүрээнд 18 насандаа ирж Дашчоймболдацанд шавилж Чойрын ном үзэж Домын дамжаа хоёр ч удаа барьсан бөгөөд 1920-иод оны үймээнт жилүүдийн өмнөхөн нутгаасаа гарч Баруунзуу, Гүмбэн, Лхаст шавилж эрдмийн дээд Аранжамба цол хүртсэн хосгүй эрдэмт хувилгаан хүн байлаа. Лам ах аавд маань үйлийн үргүй сайн. Аав маань орон гэрийг нь хаваржаа, өвөлжөөнд нүүлгэнэ. Сумын моторчны давуу эрхээр Төгрөгийн голын эхэн толгодын дунд байх лам ахынхруу шонгийн мод татаж гэрэл цахилгаан үүсгэн байсныг би мэдэх юм. Лам ах маань ах бид хоёрыг нэг нэг хадгаар адисласан юмсанж. НамайгУБДС-д оюутан болоход аав маань тэр хадгийг надад өгөөд “Лам ах хүүг минь төрийн хар хүн болно гэж байсан. Хичээл номондоо хичээгээрэй” гэсэн билээ.
Ембүү лам ах гэж ардын ерөөлч атигар шар өвгөн байлаа. Өмнөговь аймгийн Ханбогдоос гаралтай хүн. Тонхилын Зүйлийн хүрээнээс ирж Өнөр жинжээгийн хаяа бараадан Өгөөмөрийн гол суурьшсан юм гэнэ лээ. “Арслан мэргэн хаан”, “Арван хангалын түүх”, “Жогжоохон бор даагатай хүү” зэрэг 60 гаруй үлгэр, 200 гаруй оньсого таалгаж багачууд бидний бахыг хангаж, харь ертөнцөд аялуулдаг шидтэн байлаа. Тэр жил Хэл зохиолын хүрээлэнгийн хэдэн хүн ардын аман зохиол цуглуулж явна гээд Ембүү лам ахаар баахан үлгэр домог хэлүүлж аваад хожим нэрийг нь дурдалгүй алга болсонд би одоо ч харамсдаг.
Манай нутгийн хөгшдийн нэр нь ховор, гуайлан авгайлах нь шүлэг шиг санагддаг. Норовадлаа, Норолхоодэдээ, авж Үржин, Авиржигаа, ахан Жанчив, Бааранаам, Баярхүүжинжээ, Ванчинбажаа, БөхВанчиг, Уртнасанужаа, Монцамбаа, мундагЧүлтэм, МалчинЮндэн, Ёстгаагаа, Зэрлэгжууж, Зуунайжаах, Динлаадингаа, Хувцагаандигаа, Билүүдөжиг, Жамъянжавжоожоо. Гонгор гонгио, Сүрэнжав сүүеэ гээд л урсаад өгнөдөө. Яагаад ч юм аавын маань нэртэн манай суманд дээр үед элбэг байж. Манай аавыг авж Үржингэнэ. Бас агент Үржин өндөр ах, Үржин шар лам ах, Үржин огоо, улаан хүзүүт Үржин гээд бараг арав шахам амьдаа нар байх. Нутаг орны газар ус, хүн ардын нэр маш сонин мэдээллийг агуулна. Тэр нь нэршсэн түүх домогтой байж таарна. Би Говь-Алтай аймгийн Төгрөг сумын газар усны нэрсийг түүвэрлэхэд лавтайяа мянга хол даваад л явчихаж байна лээ.
Эх орон сумаас эхэлнэ. Эхлэл цэгээ зөв тогтоож чадвал хүний амьдрал тэгшрээд л явчихна. Нарны хажууд дэлхий шар будаан ширхэг шиг жижигхэн юм гэнэ лээ.Гэхдээ л наран ертөнцийн сэтгэгч гараг нь цэнхэр нүдэн дэлхий.Түүн лугаа Монгол эх орон уужим дэлгэр ч бидний төрж өссөн Төгрөг маань амин гараг минь билээ.
ТӨГСГӨЛ
Үргэсэн бөхөнгийн үелзсэн хатираа шиг он жилүүд цахилан эргэнэ.Тэр хуйлран эрчилсэн цагаан тоосны үзүүрт цахиртан үзэгдэх ёотон шиг хэдэн цахир байшин Шаргын говийн баруун хаяа хана шийрлэх Өвгөн Очир хайрханы өвөр нөмөрлөн их усан зэрэглээн дунд нэг тодрон, нэг бүдгэрэн байх ньТөгрөг сумын төв ажээ.Би тэр зүгээс буцаж явна. Төгрөг сумын төвөөс шурхийн хөдөлсөн машин хормын зуур Төгрөгийн талыг туулан Ховолын мөрөг, Өргөн сайрт хүрч ирэв. Хаа нэгтээ тэмээ бэлчиж, зээр гөрөөс цахилна. Шаргын говийн шаргачин чихээ сортолзуулан уран гоё хөлөө цавчлан тэнгэрт дүүлэх мэт дэгдсэнээ элчилгүй уудам талын зүг нэг их сүрхий шуд дайран “цагаан тууз” тэнгэрт хадаан шуугих нь янзагаа бусдын аюулаас зайлуулж буй эхийн сэтгэл аж. Ч.Лодойдамбын “Шаргачин” өгүүллэг санаанд ороход хамрын үзүүр шархирах шиг болов. Ийм л амгалан хөдөөх амьдралаас их зохиолч маань сэдэвлэж тэр өгүүллэгээ бичээ дээ. Яг бичихдээ юу билээ дээ, Москвад бичсэн байх шүү. Хүний бодол санаа гэгч орон зай, цаг хугацааг үл харгалзах гэгээн мөрийг олоход өөр юу ч бус нутгийн сахиус тээн хүргэдэг гэмээр. Би ийн бодож нутгийн агаар ховдоглон амьсгалж хоргодон хоргодон зогсов.
Энэ замаар би олон удаа нааш цааш явжээ. Аав минь биднийг дагуулан анх энэ замаар л явж “Шаргын гарам гэж айхтар давааг ажиггүй давлаа” гэж баярлаж байсан нь санаанд оров. Одоо Шаргын гол гүүртэй тул машин тэргийг хонон өнжин лаг шавартаа хөхөн суулгадаг айхтар сүрхий гарам байсныг хэн хүнгүй мартжээ. Он жилүүдийн урсгалд олон олон зүйл урсан одно. Гэвч сэтгэлийн мухарт ямагт цахиртан байх тэрхүү хэдэн шавар байшин бүхий сумын төв ямар ч их хотоос илүү сэтгэлд хоногшин үлдсэн нь Төгрөг сумын төв ажээ. Тиймээ сэтгэлийн гүнд, хүсэл мөрөөдлийн даль жигүүрт сумын төв маань ёотон шиг цайран цайвалзах нь үлгэр домгийн өнө мөнхийн үргэлжлэл мэт ажээ.
Үржингийн ХҮРЭЛБААТАР
Сэтгэгдэл (4)