
Тодруулбал, Р.Түмэнжаргалынх хэмээх нэгэн айл одоогоос зургаан жилийн өмнө 11 настай хүүгээ ор сураггүй алджээ. Энэ явдал 2008 оны наймдугаар сарын 12-нд болсон гэдэг. Т.Рэнцэн хүү гэртээ дүүгээ харахаар үлдсэн байна. Гэвч тэрбээр хажуугийн дэлгүүрт ороод чихэр авч ирэхээр явжээ. Дэлгүүрээс гараад явж байтал нэг машинаас танихгүй хүн дуудаж. Хэдийгээр хүү танихгүй хүнийг дагаж явахаар хүүхэд биш ч чихэр амттанаар хуурч машиндаа суулгаж дөнгөжээ. Мөн түүнийг машинд суухад Т.Рэнцэнгийн үеийн хоёр ч хүүхэд байсаныг хожим тэрбээр ярьсан байна.
Хөвгүүдийг суулгасан машин хотоос гарч, хогийн цэг дээр очиж тэднээр хог түүлгэжээ. Улмаар хогоо түүлгэж дуусаад хөдөө авч явж цуг явсан хоёр хөвгүүнийх нь нэгийг малчин айлд буулгаад, Рэнцэнг нөгөө хүүтэй хамтад нь өөр айлд аваачиж орхисон аж. Тэр айлд хоёр хөгшнөөс өөр хүнгүй, өглөө таван цагт босч хотны өтөг цэвэрлүүлж, хонь, тугал хариулуулж байсан гэдэг. Гэвч Рэнцэнтэй цуг ирсэн хүү орой бүр орондоо шээдэг болж, улмаар хоёр хөгшин төвөгшөөж, хот руу буцаажээ.
Үүний дараа хүү ганцаараа ажиллаж, тэр айлын хамаг ажлыг хийдэг болсон байна. Тэр ч бүү хэл нөгөө айл нь түүнийг Т.Рэнцэн биш Баяраа гэж дууддаг болсон болжээ. Улмаар зургаан жил айлд зарцлагдсан хүү Улаанбаатарт хүүхдүүдийнх нь хамт шинэ жил тэмдэглэх гэж ирээд Ганданд байдаг эмээ, өвөөгийнхөө гэр рүү зугтаж чадсан гэдэг.

Тухайлбал, Үнэхээр хүүгийн ярьж буй шиг хар машинтай хүмүүс бага насны хүүхдүүдээр ажил хийлгэж, улмаар тохиролцсоны дагуу ам бүл цөөтэй хөдөөний айлд аваачиж өгдөг бол зохион байгуулалттай хэрэг гэж үзэж цагдаагийнхан шалгах л ёстой.
Мөн танихгүй хүүхдийг орон даяар эрэн сурвалжилсаар байхад нь гэртээ хорьж байсан хоёр хөгшинд хариуцлага тооцох нь ч зүй ёсны хэрэг.
Бас болоогүй хүүгийн нэрийг хүртэл өөрчилж, сургуульд суралцуулаагүй, нийгмээс тусгаарласан байдаг шүү дээ.
Гэтэл Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа уг хэрэг удахгүй хаагдах дээрээ тулаад байгаа аж. Чухам ямар учраас хэргийн талаар дахин дэлгэхгүй гэсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Нэхэмжлэгчийн талаас ямар ч гомдолгүй гэсэн. Ар гэрийнхэн нь ч шалгуулах шаардлагагүй гэсээр байгаа. Тухайн хоёр хөгшинд гомдолгүй гээд байгаа шүү дээ" гэв.
Тэгэхээр зургаан жил хүүгээр нь ажил хийлгэж, өөрсдийнх нь өрийг эмтрүүлсэн хоёр хөгшинг түүний эцэг, эх яагаад хуулийн байгууллагаар шалгуулахгүй гэв?. Мөн тухайн үед хүүхдүүдээр хог түүлгүүлсэн, мөн хүүхдүүдийг айл, айлд аваачиж өгсөн хар машинтнуудыг хэрхэх вэ? гэдэг хүмүүсийн анхаарлыг татсаар үлдэх нь.
Д.Дуулим
Сэтгэгдэл (37)