
Тэгвэл яг үүнтэй агаар ижил коммунчлан шинэчлэх аян өрнөх болсон нь авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шинэчлэх явдал юм. Азын дугаарыг хэдэн зуун мянгаас хэдэн саяар үнэлж зардаг түшмэдийн наймаа, хэл ам хэзээнээс салахаа больсон. Харин азын дугаарууд дундарч, дугаарын хязгаарлалттай болсон зэргээс уг бизнес газар авахаа больсон. Хүмүүс ч дугаартаа төдийлөн ач холбогдол өгөхөө больсноор дугаар тойрсон мөнгөний сонирхол хумигдаж эхэлсэн билээ. Гэтэл Монгол Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй 340 мянга орчим тээврийн хэрэгслийн дугаарыг шинэчлэх саналыг албаныхан гаргаад байна. Крил бичгийн Ф, Ь, Ъ, Щ, Ы, Й зэрэг үсгийг хасаад 26 идэвхтэй ашигладаг үсэг, дөрвөн оронтой тооны 9999 тохиолдолоор УБ серийн 260 мянга орчим тээврийн хэрэгсэл УН серийн мөн тооны нийт 520 мянга орчим тээврийн хэрэгслийг дугаарлах боломжтой. Улсын хэмжээнд одоо ашиглагдаж буй гурван үсэг дөрвөн оронтой тоогоор 6 сая орчим кодчилол хийх боломжтой. Манай улс 1000 хүн тутамд 111 автомашин оногддог үзүүлэлтээр дэлхийд 72-р байрт ордог. Цаашид жил бүр автомашины тоо 20% хувиар өснө гэж тооцвол бидэнд 20 сая хүнтэй болтол дугаарын давхардал төвөг учруулахгүй. Дугаарын сериүд дууссан ч зөвхөн шинээр олгож буй дугаартаа кодчилол нэмдэг олон улсын туршлага ч бий. Жишээ нь АНУ-ын зарим хотууд өөрийнхөө нэрээр дугаарын цифр өгөхийг зөвшөөрдөг бол Европын холбоо нэгдсэн бүртгэлийн системтэй ч улс орон бүр өөрийн гэсэн дэд кодтой байдаг. Зарим хөгжингүй орнууд хуучин дугааруудыг хэвээр үлдээж зөвхөн шинээр гарч буй дугааруудыг нэмэлт кодтой /том жижиг үсэг тоо гэх мэт/ гаргадаг зэрэг жолооч нарын эрх ашгийг дээдэлсэн олон хувилбар бий. Гэтэл “сериүд дуусч байгаа, улсын дугаарыг шинэчилнэ, нэгдсэн бүртгэлтэй болгохын тулд бүгдийг нь хамруулах шаардлагатай” гэж хэсэг хүн үзэж байгаа нь дугаар дагасан мөнгөний бүлэглэлийн маш том эрх ашиг гэж хардахад хүргээд байна. Учир нь 340 мянга орчим тээврийн хэрэгслийн дугаарыг шинэчлэхэд 6.8 тэрбум төгрөг жолооч нарын халааснаас гарах юм. Хэрвээ жолооч нарын эрх ашгийг бодолцож байгаа бол хуучин сериүдийг хэвээр хадгалж шинэ сериүдээ нэмэлт кодтойгоор гаргах гарц байгаа ч манай эрх бүхий албан тушаалтнууд энэ замыг сонгох сонирхолгүй байгаа бололтой.
Сэтгэгдэл (24)