
Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хурлын танхимд Хууль зүйн сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2013 оны А/228 дугаар тушаалын дагуу Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын ажилтан, алба хаагчдын дунд дээрх хуулийг хэрэгжүүлэхэд үүсдэг хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт хуулийг төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар, Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ, Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, ЦЕГ-ын НХЖХГ-ын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Амарсанаа болон Нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд хэсгийн байцаагч нар оролцлоо.
2013 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, дарсны 10, шар айрагны 19 нийт 95 аж ахуй нэгж байна. Мөн түүнчлэн нийт бүртгэгдсэн 25362 гэмт хэргийн 6406 гэмт хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн байгаа нь нийт гэмт хэргийн 25.2 хувийг эзэлж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/