
Эрэгтэй тэшүүрчдийн 500 метрийн уралдаан өчигдөр болж дүнгээ гаргасан юм. Тус уралдаанд Нидерландын гурван “нисгэгч” алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Алт болон хүрэл медалийн эзэд болсон Михел Мюлдер, Роналд Мюлдер нар нь ихрүүд гэнэ. Сонирхуулахад, ихэр ах дүүс нэг төрлийн спортоос нэг зэрэг медаль хүртэж байсан тохиолдол 1984 оноос хойш болоогүй юм. 1984 оны өвлийн олимпод Америкийн ихрүүд Фил Махре, Стивен Махре нар уулын цанын слалом төрлөөс медалиуд хүртэж байжээ.