
Түүнийг өнгөрсөн оны тавдугаар сард Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 15 сая төгрөгөөр өөрийгөө урамшуулсан хэмээн буруутган ажлаас нь чөлөөлсөн юм. Гэвч тэрээр Засгийн газрын уг шийдвэрийг эсэргүүцэн, өөрийг нь үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн хэмээн шүүхэд хандсан. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. ажилд нь буцаан томилох ёстой гэж үзсэн юм.
Ингэснээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очирыг ажлаас нь чөлөөлж, Ш.Солонгыг буцаан томилох юм.
Шүүхийн тогтоолд тусгаснаар "Нэхэмжлэгч Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 сая төгрөгийг хариуцагч Засгийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай" гэв.
Харин шүүхийн тогтоол гарсаны дараа Ш.Солонготой уулзаж цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-Шүүхийн шийдвэр таны талд шийдэгдлээ. Тэгэхээр та хэзээнээс ажилдаа орно гэсэн үг вэ?
-Шүүхийн шийдвэр гарчихлаа. Би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Намайг хууль бус үндэслэлээр халсан учир гурван шатны шүүхээс Засгийн газрын буруу байна гэж тогтоочихлоо. Хуулийн дагуу би ажилдаа орох ёстой.
-Тэгэхээр хуулийн дагуу таны ажилдаа орох хугацаа хэзээ вэ?
-Шийдвэрийг албажуулж хариуцагчид өгнө. Улмаар хариуцагчид өгсөний дагуу Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад өгөх юм. Үүний дараа асуудлаа шийдүүлнэ.
-Шүүхээс нэлээн олон үндэслэлийг хэлж, таны талд шийдвэрлэж байна л даа. Энэ тал дээр?
-Засгийн газрын тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хүчингүй болсон хуулийг үндэслэж бодит байдалд нийцэхгүй тогтоол гаргасан гэсэн үндэслэлийг шүүгчид хэлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (15)