
Юутай ч Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явах тохиолдлууд маш ихээр гарч байна. Энэ хэрэгт ямар хариуцлага тооцдог вэ?
-Өмнө нь модны гарал үүслийн бичгийг цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг шалгаж байхад ч араас нь хэн нэгэн авчирч өгч болдог байсан. Тодруулбал, гарал үүслийн бичигтэй холбоотой нарийвчилсан журам байхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хулгайн мод авч яваад баригдах юм бол хойноосоо гарал үүслийн бичиг авчруулж болдог байсан. Харин энэ зун Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, ЦЕГ, УМБГ-ын дарга нар хамтарсан журам шинээр батлаж модны гарал үүслийн бичгийг шинэчилсэн. Үүнд, гарал үүслийн бичиг заавал машинтайгаа хамт буюу цонхон дээр нь ил явсан тохиолдолд хүчинтэй гэж заасан. Машиныхаа дотор хадгалсан болоод араас нь авчирж өгсөн гээд аль тохиолдолд гарал үүслийн бичиг хүчингүй болж хулгайн, хууль бусны мод хэмээн арга хэмжээ авагдана. Улмаар тухайн этгээд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ зэрэг нь хуульд заасны дагуу шалгагдаад явдаг.
-Махны хулгайн хувьд ижил үү?
-Мах ачиж яваа хүн гарал үүслийн бичиг заавал авч явах ёстой. Махны гарал үүслийн бичгийг цагдаагийн байгууллагаас шалгах зайлшгүй шаардлагатай байдаг учир бичиггүй тохиолдолд мөрдөн байцаалтыг явуулна.
Д.Ундрах /24tsag.mn/