Хэл зохиолын хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд
/Урлаг судлалын секторынхны хөрөг/
ЭХЛЭЛ
Хорь дугаар зууны далаад оны үесэд Их Монгол Улсын өнөөгийн нийслэл Улаанбаатар Азийн цагаан дагина хэмээх өхөөрдмөл тодотголтой уужим саруул, сийрэг сайхан хот байвай. Хан Богд уулын ар хормойг бараалан, хатан Туулын хөмөг хөвөөг эмжээрлэн Хүн чулууны хонхорт шавлаж Зүүн Амгаланбаатараас баруун Толгойт хүртэл төөлөөд сунган тавьсан мэт нүүдэлчдийн энэхүү цэмцгэр хотод зэрлэг буга нүд хучирлан “танхайрч”, зэндмэнэ дөрвөн хайрхан хийморь юугаан тулгалан байх агаад агаар нь цэлмэг, ус нь тунгалаг тул сэтгэл цэнгүүн байдагсан.
Улаанбаатарын тууш гол гудамжийг Энхтайваны өргөн чөлөө гэх бөгөөд тэрхүү амин судасны наран мандах зүүн цэгийн бэлчир салаанд ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн байр зэлүүд шахам байсан зүүн жигүүрийн чимэг болон сүндэрлэдэг байсансан. Тэр эрдмийн буянт саарал тоосгон байшингийн хоёр давхарт гарын таван хуруу шиг таван цэргээ “азаргалан” суудаг нь Сономын Лувсанвандан багштан байх аж. Нар туссан хоёр цонх бүхий 218 тоот өрөөг “Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор” гэх бөгөөд ирээдүйн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн үр үндэс бидний хэдэн судлаачийн гар дээр үндэслэж байсан нь тэр ажээ.
Нэг. ЛУ БАГШИЙН ТОРГОН ЦЭРЭГТ ЭЛССЭН МИНЬ
Нэгэн мянга есөн зуун далан долоо оны хаврын гэгээн сайхан нэгэн өдөр УБДС-ийн гурван давхрын 305 тоот өрөөнөө хууз халимагтай, шуугитнасан хамартай нэг нөхөр уухилан аахилан давхиж ирсэн нь Дүйнхэрийн Мягмарсүрэн гэгч байв. Кино судалдаг хүн гэнэ. Миний бичсэн киноны шүүмжийг “Хөдөлмөр” сониноос уншсан гэх бөгөөд үг чиггүй л “Урлаг судлалын сектор” гэнэ үү нэг шинэ юмны тухай яриад “Лу багшид хэлсэн. Маргааш чамайг уулзуулна” гэж байх юм. Тэр үед УБДС-ийн монгол хэл-уран зохиолын оюутан миний хэд хэдэн шүүмж төвийн хэвлэлүүдэд нийтлэгдсэний дотор “Эх бүрдийн домог”, “Хүний амь” киноны шүүмж байсан юм. Түүнийг олж үзэж олзуурахсан юм шиг байгаа юм. Ингэж л Хэл зохиолын хүрээлэн рүү очдог миний зам улам тодровч жим нь салаалан өөрчлөгдсөн билээ. Учир нь Хэл зохиолын хүрээлэн дээр очихдоо Д. Өлзийбаяр, Х. Сампилдэндэв хоёртой уулздаг байсан бол үүнээс хойш С. Лувсанвандан докторын тэргүүлсэн Урлаг судлалын секторын жижиг өрөөний алтан босгонд аргамжигдсан юм.
... С. Лувсанвандан багш өрөөндөө ганцаараа хүлээж байна. “Ямар сайхан инээмсэглэдэг хүн юм бэ” гэж хамгийн түрүүнд бодогдов. Намайг хэзээний таньдаг хүн шиг хандаж “Төгсөөд манайд ирнэ гэвэл захиралд эртхэн хэлэх хэрэгтэй. Кино судлалд хүн байгаа. Театр судлалд одоогоор хүн алга” гэж байна. Театр тэр үед надаас дэндүү хол зайтай зүйл байлаа. Гэвч би дуугүй сууна. Тэр том докторын сүрд дарагдсан шалдар оюутан би бээр дэмий л инээмсэглэн толгой дохих бөгөөд “Уг нь утга зохиол судлал надад ойр юмсан. Театр судлал гэхээр дийлэх болов уу яадаг бол” гэх ухааны юм бодож баахан шантрах аяс оров. С. Лувсанвандан багш миний бодлыг хэдийнэ гадарлачихсан бололтой “Залуу хүн эрдмийн ажлыг дороо л сурна. Театр судлал их ирээдүйтэй. Чамайг татгалзахгүй бол театр судлалын сул байгаа орон тоон дээрээ авъя” гэж шуудхан хэлж байна. Энэ үг миний амьдралын их өөрчлөлтийн эхлэл байсныг тэр үед төдий л ухаарсангүй, зүгээр л “За багшаа” гэж хэлээд гарахын түүс болов. “Театрын тухай олон юм асуувал мэдэхгүй, яана” гэх бодол намайг хүчтэй түлхэж байсан хэрэг. Тэгээд л тэр цагаас театрын тухай эрчимтэй сонирхож эхэлсэн дээ.
УБДС төгсөх ойртох тусам ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн рүү улам бүр татагдах болов. Надад эрдэм шинжилгээний л ажилтан болж байвал утга зохиол, урлаг судлалын аль ч болмоор санагдаад ирэв. Гэтэл сэтгэлийн дараас хоёроор нэмэгдэв. Нэгд, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал А. Лувсандэндэв гэдэг шингэн халимагтай монхор шар хүн манай төгсөлтийн Улсын шалгалтын комиссын дарга болсон гэнэ. Хоёрт, “Д. Нацагдоржийн уран бүтээл дунд сургуулийн сурах, унших бичигт” гэсэн дипломын ажлын маань сэдэв театртай төдий л холбогдож өгөхгүй байв. Монгол хэлний улсын шалгалт дээр мөнөөх А. Лувсандэндэв гэгч ирчихсэн тэр халуунд гадуур хувцсаа нөмөрчихсөн нүд нь аниастай шахам сууж байх юм. Миний санаа дагасан уу яасан юм, намайг нэг их сүрхий харах шиг. Сандарч байна гэж жигтэйхэн. Шалгалтаа өгөөд гарахдаа “За, академид очих ч өнгөрлөө” гэж шүүрс алдан бодов. Дэндүү мэддэг юмаа санаандаа тултал ярьж чадаагүй санагдсанаас тэр.
Дипломын тухайд С. Лувсанвандан багшийн гэрт очиж үзүүлтэл нэг гүймэгхэн эргүүлснээ бичгийн цаас авч миний дипломын ажлын талаар нэгэн тодорхойлолт бичээд “Үүнийг машиндуулаад ир. Гарын үсэг зурна” гэж билээ. Үзвэл “Хүн ардын гоо зүйн хүмүүжил, уран сайхны боловсролыг дээшлүүлэх асуудал ардын боловсролын системд ноцтой тавигдаж буй өнөө үед ерөнхий боловсролын сургуульд орчин үеийн утга зохиолын хичээл, түүний дотор Д. Нацагдоржийн бүтээлийн агуулгыг дээшлүүлэх асуудал чухал зүйл юм” гэхчилэн жинтэй сайхан үг бүхий жигтэйхэн сайхан тодорхойлолт байж билээ. Ингэж би монголын нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, хэл бичгийн ухааны доктор /Sc.D/ С. Лувсанвандан багшийн ивээлд баттай орсноо ойлгож билээ. Тэрбээр хожим нь миний хуримын ууцыг Ардын жүжигчин Д. Чимэд-Осорын хамт таллаж амьдралын минь замыг хурайлан зассан юм. Харин А. Лувсандэндэв захирлын тухайд ШУА-ийн ерөнхийлөгч Б. Ширэндэвт миний тухай албан бичиг явуулж Хэл зохиолын хүрээлэнд хэдийнэ томилолт бичүүлсэн байж билээ. Ингэж би Лу багшийн эр торгон цэрэгт элссэн юм даа.
Хоёр. ЛУ БАГШИЙН ТОРГОН ТОРМОН ЦЭРГҮҮД ХЭН ХЭН БАЙВ?
Хэл зохиолын хүрээлэнд Урлаг судлалын секторыг үүсгэн байгуулсан анхдагч нь доктор С. Лувсанвандан байв. Анхны секторын эрхлэгч түүний тормон нялх цэргүүдийн анхных нь Соёлын яамнаас өөрийн нь дагуулж ирсэн хөгжим судлагч Ж. Энэбиш бөгөөд дараа нь дүрслэх урлаг судлагч Л. Сономцэрэн, кино судлагч Дү. Мягмарсүрэн, дүрслэх урлаг судлагч Л. Батчулуун, театр судлагч Ү. Хүрэлбаатар гэсэн дарааллаар цугларч “гарын таван хуруу”-г бүрдүүлсэн түүхтэй. Далан долоон онд намайг очиход ийм хамт олон бүрдэж байсан. Миний дараа кино судлагч Д. Цолмон ирсэн юм даг.
Лхүндэвийн Батчулуун гэж долгионтсон тас хар үстэй, дотроосоо туяарах нь уу гэмээр гэрэлтсэн гоонийсон цагаан залуу байх. Анх намайг харуутаа цоргисон алаг нүдээ жигтэйхэн жийтийлгаж ирээд л нэг их буландан сонжин хараад байсныг би одоо ч мартдаггүй юм. Их сониуч эр бололтой юм аа. Аймаг ус, аав ээжийг асууж ч байх шиг. Бас ганц нэг шинэ ном нэрлэж “Уншсан уу” гэж ч байх шиг. Эхлээд сүрдэв. Дараа нь дургүй хүрэв. “Энэ хөгшин хар юм яах гэж сонжоод байна” гэх ухааны юм бодож сууж билээ. Одоо бодоход юун хөгшин хар юм байхав дээ, дөнгөж гучин хэдтэй гунхсан сайхан залуу байсан байгаа юм даа. Хорьж болдоггүй хорин хэдэн насанд хорвоо хөгшин л харагддаг юм билээ л. Хожим дүрслэх урлаг судлалын түүчээ нарын нэг болсон Урлаг судлалын шинжлэх ухааны доктор /Sc.D/ Л. Батчулуун гэгч Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, соод овгийнх тул аймагсан нутагсаж хэрэндээ намайг ивээлдээ авах гэж л сонжиж шохоорхоод байсан юм байж. Тэр ч ёсоор болсон.
Лувсангийн Сономцэрэн гэж анивчин гялтганасан онигор нүд, сөөнгөдүү бүдэг хоолойтой, хушуугаараа дуугардаг сонин хүн байсан. Сахал тавибал битүү хууз ургамаар хөхөмдөг эрүү, шанаатай, хашир гэж бурхи шиг, үгэндээ харам нэгэн байж билээ. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын өөлд байх. Алив юмыг ажигламтгай. “Юу гэнэ ээ, ямар сонин юм” гээд лавлаад лавшруулаад ирэхээрээ нүд нь очдон гялалзаж хушуу нь тос даах шиг санагддаг байв. Бидний дундаас эрдмийн зэрэг хамгаалсан анхны хүн нь Л. Сономцэрэн байсан. Дүрслэх урлагийн судлалд цахиур хагалах докторуудын нэг Со маань даан ч богино насалсан юм.
Жамбалын Энэбиш гэж нам намс алхаатай, намба нь дэндсэн гэмээр нэгэн байх бөгөөд яагаад ч юм ихэд зөөлөн сэтгэлтэн шиг санагдана. Намайг мухар олгой авахуулан эмнэлэгт хэвтэх ахуйд уярам зурвас бичиж эргэн тойрч байсан халуун сэтгэлтэй хүн. Надад ухаарал хайрласан үг олонтой хэлж, амьдрал мэдэх хүний хувиар ахуй байцыг минь байнга асуудаг байсан нь санаанаас үл гарна. Тэрбээр хөгжим судална. Түүх бичлэг талаас нь голлож байсан байх. Юмыг баримт дээр түшиглэн мөгшин судлах, эх хэрэглэгдэхүүнийг цуглуулах, өвгөдийн үгийг сонсох, тэмдэглэх дээр гарамгай. Ховд аймгийн Манхан сумын захчин хүн тул баруун зүгийн аялгаа үл гээнэ. Хааяа хааяахан хөмхийгөө зууж ч байх шиг, Араб гарлын гэмээр дүр төрх үе үе үзэгдэх нь сонин ч юм шиг.
Дүйнхэрийн Мягмарсүрэн бол миний амьдралд мартагдашгүй тус хүргэсэн ачтан. Тэр хүн хэрвээ над дээр очоогүй бол би Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторын анхны тавын нэгэн болж одоогийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн анхдагчдын нэг болж чадахгүй байсан байх. Хүний хувь заяа гэдэг сонин. Тэгж л холбогдсон юм даа. Тэр баргил сайхан хоолойгоор “Нисгэгчийн тухай дуу”-г гайхалтай сайхан дуулж урлагийн үзлэгт дээгүүр байрт ордог байв. Бас энэтхэг киноны дуу дуулна. Кино шүүмж бичнэ. Бас аатай. Заримдаа кино зохиол бичнэ гэхчилэн лут лут халуун үгтэй юм ярина. Монголын кино судлалын амсар дээр сууж байсны хувьд түүх бичлэгт дорвитой байр суурь эзэлж байв. Бас ховог сайрын торгууд шиг өвөрмөц төрхтэй. Гэвч угшил нь Хөвсгөл, Завханаас боловч хотод төрсөн ёстой л нийслэл хүү байв. Тэр үе үе, ялангуяа мөрөө унжуулан, нүүрээ муруйлган мэтгэлцэж байх нь содон үзэгддэг байв.
Дашцэрэнгийн Цолмон гэж кино судлагч бүсгүйгээр Урлаг судлалын сектор бүл нэмсэн юм. Партизаны охин гэж ярих. Тасгийн эрхлэгчээс гадна таван хархүү зээглэн, зэрэгцэн суусан жижиг өрөөнд бүсгүй хүн нэмэгдэхэд гэгээ татаж, цэцэг ургах шиг болж билээ. Түүнийг ирснээс хойш Урлаг судлалын секторын өрөөнд Х. Сампилдэндэв тэргүүтэн үзэгдэх нь олширч, басхүү үнэртэй усны анхиулуун үнэр үл тасрах болсон юм. Тэрбээр кино судлалаар дагнан ажиллана. Надад туслахыг хичээнгүйлэн хүсдэг байсан байх. Нэг өдөр Дандарын Ёндон доктор манай өрөөнд орж ирэв. Түүнийг “унтаад сэрэхэд эрдэм нь нэмэгдсэн байдаг” гэж манайхан ярих бөгөөд үнэхээр ер бусын авъяаст ховор эрдэмтэн хүн байв. Тиймээс мань мэтийн шинэковууд түүнтэй тэр бүр ярьж сууна гэж үгүй. Тэгтэл Д. Цолмон “Тууль хайлж буй хүний яриаг яаж тэмдэглэдэг байсан юм бэ?” гэж хаа хамаагүй мэт юм асууж байна. Д. Ёндон “Нэг нь үг үсэг гээлгүй бичиж, нөгөөх нь нүүр, дуу хоолойн өөрчлөлтийг тэмдэглэдэг байсан” гэж хэлээд гараад явчихав. Д. Цолмон надруу инээмсэглэн “За харав уу. Хоёр хүн бичдэг байсан байх нь. Тууль хайлж буй хүний дуу хоолой, нүүр царайны хувирлыг тусгай хүн тэмдэглэдэг байж. Энэ чинь театр судлаачийн ажил байхгүй юу. Чи залгуулаад асуухгүй юм” гэж билээ.
Ийм л хэдэн эрхэм Лу вандан багшийн луу торгон цэргийг бүрдүүлж түүнийг тором адил даган шогшдог байв даа. Монголын урлагийн түүхийн иж бүрэн анхны бичлэг чухам энэ тормон шаргал өдрүүдэд бичигдэж, багшдаа зэмлүүлж, бас магтуулж явсан гайхалтай сайхан үе маань хэдийнэ түүх болон үлджээ. Оюутны ширээнээс шилэрч улсад хүчээ өгч залуу халуун насны аагаар эрч хүч, урам зоригтой ажиллаж эхэлсэн анхны хамт олон минь юм болохоор тэд миний ой ухаанд нялх сэвлэгний үнэр шиг баттай шингэн үлджээ. Тиймээс би ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Урлаг судлалын сектор гэсэн энэ гурван нэрийг эцгийнхээ овог мэт нандигнан хайрлаж явдаг юм.
Гурав. ЛУ ВАНДАН БАГШ ГЭЖ ЧУХАМ ХЭН БАЙВ?
С. Лувсанвандан багш Соёлын яамнаас Хэл зохиолын хүрээлэнд “Соёл урлагийн хүрээлэн” байгуулах чин хүслэнтэй эргэн ирсэн гэдэг. Юм үнэнээрээ сайхан. Шарлахсан, зиндаархсан зүйл ч байсан байх. Уг нь Соёлын яамны ажил л даа. Гэвч тус яамыг толгойлж сайдын үүрэг гүйцэтгэж явахдаа тэр хүрээлэнг байгуулж чадаагүй нь цаанаа учир шалтгаантай байсан байх. Наад зах нь эрдэм шинжилгээний байгууллагыг ШУА-ийн ажил гэж яам үзэж байсан байх. Тэгээд л нөгөөх усны ундарга шигээр нь Хэл зохиолын хүрээлэн “лай”-гаа үүрсэн хэрэг.
Ер нь Хэл зохиолын хүрээлэн бол нийгмийн онцгой хариуцлага хүлээсэн, тэр тусмаа монголын шинжлэх ухааны байгууллага салбарлан хөгжихөд суурь багана нь болж түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхэмсэг байгууллага юм. Чухамдаа ШУА-ийн эхлэл Судар бичгийн хүрээлэнгийн гал голомт нь яалт ч үгүй Хэл зохиолын хүрээлэн. Тэгвэл далаад оны дунд үед одоогийн Соёл урлаг судлалын хүрээлэнг бас л үүсгэж наяад оны төгсгөлд бие даалган гаргасан нь бодит түүх болон үлджээ. Түүнийг өөр хэн ч бус доктор С. Лувсанвандан гардан гүйцэтгэсэн юм. Одоо тэр хүрээлэнг С. Лувсанвандангийн нэрэмжит болговол зохист зүйл болно.
Урлаг судлалын секторын бид тэр үед Лу вандан багшийг бурхан мэт дээдлэн шүтнэ. Тэр биднийг шидэт дохиураар дохих адил гайхалтай удирддаг байв. Түүний өмнөөс ам ганхийх амьтан нэгээхэн ч үгүй. Утга зохиол, урлаг, гоо зүйн онол, түүхийн гүнзгий мэдлэг, олон жилийн туршлага, овсгоо самбаа, ой санамж, ойр холын төлөвлөгөө эн тэр нь бидний тэр үеийн сэтгэлгээ, хүрээнээс хол давсан байсан тул Лу вандан багштан тэнгэрийн амьтан байв даа. Түүний энэ нэр хүнд, зангараг, чадамж нь өөрийн бодол хүслээ бусдад хүлээн зөвшөөрүүлэх гол хөшүүрэг нь болж байв. Тиймээс С. Лувсанвандан багшийн “Урлаг судлалын сектор” байгуулах саналыг хэн ч үл няцааж чадах, угаас түүнгүйгээр тэр их үйлсийг санаж сэдээд, бодит үйл болгон хөтлөөд явчих хүн үгүй байв.
Лу вандан багшийг харахад инээд гэрэлтсэн их сайхан хүн боловч үнэндээ хатуу үгтэй, хатуу сахилгатай, хатуу шаардлагатай бэрх хүн байв. Долоо хоног өрөөнөөсөө гаралгүй багшийн номын эхийг бэлтгэж нойр хоолгүй суучихаад байхад найм дахь өдөр нь “Хариад хэдэн цаг ч болов амар” гэх байх гэтэл дахиад нэвсийсэн зузаан юм бариад ирж байсан даа. Ер нь бид хэд үхтлээ ажиллаад ажиллаад Лу вандан багшийн хурдыг гүйцдэггүй байв. Нэг хэсэг би түүний гарын амин туслах байв. Өглөө багш 20 хуудас шинэ бичвэр, 20 хуудас зассан хуудас авчирна. Бараг өглөө бүхэн шүү. Би түүнийг машиндаж янзална. Хажуугаар нь номын эхийг нь бэлтгэнэ. Заримдаа түүнийг “Шөнө унтдаг юм болов уу” гэж гайхширна. Нэг өглөө хар үүрээр гэртээ дуудахаар нь очсон чинь хоёр шар бандиа өрөөнийхөө өндөр шар шүүгээний хажууд зогсоочихсон юу ч болсон юм бүү мэд зэмлэж байж билээ. Тэр нь одоогийн УИХ-ын гишүүн, Батлах хамгаалахын сайд Лу. Болд, Голомт банкны үүсгэн байгуулагч, босс Лу. Болдхуяг хоёр байсан байх. Бидэнд төдийгүй хүүхдүүддээ ч хатуу шаардлага тавьдаг юм байна гэж тэгэхэд бодогдож байсан.
Урлаг судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтны зөвлөлгөөн сар тутам болно. Бид ч шүүслүүлнэ л дээ. “Бид 1977 оныг төлөвлөгөөт ажлынхаа голыг нугалах он болгоё гэж ярилцан тохирсон. Гэтэл энэ талаар хангалтгүй байна. Хамгийн наандаж эрдэм шинжилгээний техник ажлыг удаан сурч байна...Төлөвлөгөөгөө биелүүлж, юм хийхийн тулд идэвх, санаачлага, ухамсар хэрэгтэй. Шинжлэх ухаан худал хэлэхийг тэвчихгүй. Хүний амьдрал бол хэвшлээр илэрнэ. Та нар юмыг хэвшүүлж чадахгүй байна”
/1977.09.06-ны өдрийн протоколоос/ гэхчилэн авч өгөх нь энүүхэнд. Бидний бичсэн юмыг улаан эрээн болтол нь засна. Өөрийнхөө юмыг дор хаяад гурван удаа улаан эрээн болгодог байсан. Ер нь бичсэн юмаа дахин дахин уйгагүй засна. Тэгэхээр бидний юм түүний санаанд яахин хүрэх билээ. Голдуу л “Хүн сонжиж, нохой шиншихгүй юм байна” гэж хэн нэгний бичсэн зүйлийг гоочлон үгээр балбана. Үнэндээ энэ мэт түүний хатуу чанад шаардлага биднийг эрдэм шинжилгээний ажилд дөр оруулж, амьдралд хатуужуулан сургасан юм.
“Орой унтахдаа өнөөдөр юу хийв? Өглөө босоод өнөөдөр юу хийх вэ? Өчигдрийн алдагдал юу байна, яаж засах вэ? гэж тооцож сур. Өглөөний цагаас 30 минутыг хэл сурахад зориулж бай. Эрдэмтэн хүний ухаан булгиж цалгиж байх ёстой. Хэрэв тэгэхгүй бол та үхэж байна гэж ойлго. Амьдрал бол физик үйл ажиллагаа биш, оюуны үйл ажиллагаа юм гэж би ойлгодог. Хүн хүнээр ном заалгаж номтой болно гэдэгт би итгэдэггүй. Тэгээд ард түмэн “Эрдмийг хичээлээр” гэж хэлсэн үг бий. Хэлсэн үг хугацаандаа биелэгдэх ёстой. Хийх зүйлийнхээ хугацааг өөрсдөө хэлж, цагт нь биелүүлж сур. Хууль цаазнаас өмнө хүний ухамсар үүссэн юм шүү. Нэр бий. Төр бий. Санаа байвал бие багадахгүй” /1977.08.22-ны өдрийн протоколоос/ гэх мэтчилэн С. Лувсанвандан доктор бидний төлөө ярьж, сургаж, зөвлөж байсансан.
Баянхонгор аймгийн Богд сумын “Бодийн хар ус” хэмээх газар мэндэлсэн Сономын Лувсанвандан хэмээх энэ домогт эрдэмтний гарын амин шавь болж явсан хувьхан заяанаа би баярлаж явдаг. Бид хоёрын хооронд ярьсан амин яриа бишгүй. Одоо бодоход надад итгэж, намайг эрдмийн их ажилд бэлтгэж байсан юм билээ. Тиймээс ч өөрийнхөө нэгэн өгүүлэлд миний нэрийг дурдаж итгэл хүлээсэн эрдмийн залуусын нэг хэмээсэн байдаг. Багшийнхаа эрдэм амтлуулж, амьдрал таниулсан бурхан ачийг би яахан мартах билээ.
ТӨГСГӨЛ
Хорь дугаар зууны далаад оны үесэд хэл, утга зохиол, урлаг судлалд таван Луу хүрхрэн байвай. Ш. Лувсанвандангийн хэл дохиолж, С. Лувсанвандангийн сектор нахиалж, А. Лувсандэндэвийн хүрээлэн цэцэглэж, Х. Лувсанбалдангийн тод монгол сэргэж, Чой. Лувсанжавын хар сурах лангуу дүүргэж байсан цаг ажаам. Тэнгэр тэтгэж, газар тэжээсэн алтан хөмөгт цаг дор энэхүү таван луутай нүүр тулан уулзаж, хичээл ном заалгаж явсан өөрийн үеийнхний хувьхан заяанд баярламой. Тэр дундаас ажил, амьдралын торгон хилийн заагт хувь түшиж багш шавийн хадган сэтгэлээр сүлэлдсэн домогт доктор Сономын Лувсанвандан багшдаа мөргөмүү.
Би тэр үед өглөөн наран өвөртөлчихсөн юм шиг бөөн баяр хөөр ажилдаа нисэн очдог байв. Хэл зохиолын хүрээлэн номын авшиг, тарнитай ер бусын орчин бөгөөд эрт эдүгээг холбосон бурхан эрдэмтдийн улбаа үл тасрах мэт байсан ажаам. Тиймээс хүрээлэнгийн орчин нэг л эрдмийн гэгээтэй, ахмад үеийнхэн ачлалтай, дунд үеийнхэн дуулгавартай, залуу үеийнхэн замбараатай байсан цаг. Одоо ч тийм гэдэгт итгэнэм.
Монголын шинжлэх ухааны хөгжлийн анхдагч шавыг тавьж шанг нь татсан Хэл зохиолын хүрээлэн гэгч эрдмийн их ундаргат булгийн эхэн, их сүүт саалийн үнээнд угжуулж бойжсон үе үеийн эрдмийн гэгээн мэргэдийн тоосонд Лу вандан багшийн луу торгон цэргүүд болон явсан Урлаг судлалын секторын амин хэдээ Хэл зохиолын хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн түүхт ойн босгон дээр цухас дурсахад ийм буюу.
2011.10.24.
Сэтгэгдэл (3)