Прокурорын байгууллагаас есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлтийн 42,415, мөрдөн байцаалтын 3,612 хэрэгт хяналт тавьжээ.
Мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 646 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 265 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 126
- Өмчлөх эрхийн эсрэг 43
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 65
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг ес
- Авлига, албан тушаалын долоо
- Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр зургаа
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гурав
Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг, мөнгө угаах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр хоёр, татвар төлөхөөс зайлсхийх, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, эрүүл мэндийн эсрэг тус бүр нэг хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “АТ” компанийн захирал Л.Ц нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн анхан шатны хуурамч баримтыг цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1.2 тэрбум төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 120 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн нэг /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт удирдах албан тушаал хашиж байсан Д.Б нь иргэн Ч.Б, А.Б нартай бүлэглэн, нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр мөнгийг хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байсан Б.Д нь тээврийн хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Зэвсэгт хүчний командлалд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ц.Ж нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд тэнцүүлэхийн тулд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Төв аймгийн прокурорын газраас аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан Д.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж байсан "И", “Г” ХХК-иудын барилгын захиалагч, орон сууцны норм, стандартад хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, зах зээлийн бодит үнэлгээнээс илүү үнээр албаны хэрэгцээнд автомашин худалдан авч бусдад хууль бус давуу байдал бий болгон, орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Баянхонгор аймгийн прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газрын албан тушаалтан Ж.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэр бүлийн хамаарал бүхий хүнийг төрийн үйлчилгээний албан хаагчаар томилж, дөрвөн жилийн хугацаанд цалинжуулан улсад 43 сая төгрөгийн хохирол учруулсан, хандив тусламж нэрээр нэр бүхий байгууллагаас 8 сая төгрөг гаргуулан хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар