Уншигч та бүхэнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиудыг танилцуулж байна.
ОДОНТОЙ ЭХИЙН ТЭТГЭМЖИЙГ ХОЁР ДАХИН НЭМНЭ
Засгийн газрын 2024 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан.
"Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Тэгвэл ГБХНХЯ-наас олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжид уялдуулан 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлсэн уг шийдвэр 2025 оноос хэрэгжиж байна.
ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
Хуулийн энэ заалтын дагуу Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэллээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.Тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэхэд 297.4 тэрбум төгрөг зарцуулна.
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН ӨСГӨВ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь нэмж, 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргав.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 онд 660 мянган төгрөг байна. 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргаад буй талаар ГБХНХЯ-наас мэдээлсэн юм.
АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗАРЦУУЛБАЛ ХОРИХ ЯЛ ОНООНО
2024 оны зургаадугаар сард Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ахмад настны хуульд тусгаснаар 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг ахмад настан гэнэ. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь буюу 345 мянган ахмад настан байна. Хүн ам зүйн өөрчлөлт болон ахмад настнуудын тоо өсөж байгаатай уялдуулан нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх, урт хугацааны тусламж үйлчилгээ, хүн төвтэй нэгдсэн тусламж үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд уг хуульд өөрчлөлт оруулжээ.
ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 10-25 ХУВЬ БОЛГОВ
Төрийн албаны тухай хуулийн 7.1.4.-т "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах" зарчим баримтална гэж заасан. Уг хуулийн зохицуулалтын дагуу “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2024 оны 8-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар шинэчилжээ.
ДУЛААНЫ НЭМЭГДСЭН ТАРИФЫГ 9-Р САРЫН 15-НААС МӨРДӨЖ ЭХЭЛНЭ
Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11-р сарын 15-ны өдрөөс нэмсэн. Харин дулааны тарифыг 2025 оны 5-р сарын 16-ны өдрөөс буюу 2025 оны халаалтын улирал эхлэхэд бодит өртөгт хүргэж, мөрдүүлэхээр болсон юм.
Айл өрхүүд 2025 оны есдүгээр сарын 15-наас халаалт нээхэд, албан байгууллагууд 10-р сарын 1-нээс дулааны төлбөрөө нэмэгдсэн тарифаар төлж эхэлнэ.
ТӨРИЙН АЛБАН ХЭРГИЙГ КИРИЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХӨТӨЛНӨ
Монгол хэлний тухай хууль 2025 оны 1-р сарын 1-нд батлагдсан. Энэ хуулийн:
11.1.4.-т төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн заалт бий бөгөөд энэ заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.
ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Органик хүнсний тухай хууль 2024 оны 1-р сарын 17-нд батлагдсан. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, баталгаажуулах, бүртгэх, органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх, сурталчлах, худалдаалах, органик үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Шилжилтийн үеийн болон органик үйлдвэрлэлийн бүх үе шатанд нөөцийг зохистой ашиглах, экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хадгалахад чиглэсэн уламжлалт арга барил, биологи ба механик арга, технологийг хослуулан эрхлэхийг органик үйлдвэрлэл гэнэ. Органик бүтээгдэхүүн гэж зохиомол аргаар нийлэгжүүлсэн нэмэлт бодис, эрдэс бордоо, пестицид, антибиотик, өсөлтийн даавар, хувиргасан амьд организм, цацраг туяа хэрэглээгүй органик үйлдвэрлэлий үр дүнд гарсан бүтээгдэхүүнийг хэлнэ.
AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна. Үүнийг төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллага дагаж мөрдөнө.
БУСАД:
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140722436571
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Дагаж мөрдөх огноо: 2025-06-01 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140723492761
- Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140718292011
Сэтгэгдэл (1)