Баримт 1
УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар. Тэрбээр 1968 онд Улаангомд төрсөн. УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдсон улстөрч. Эдийн засагт мэргэжилтэй.
Баримт 2
Тэрбээр Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Баримт 3
Ажлын гараагаа 1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж байжээ. Дараа нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш, ЭЗБД төсөлд ахлах эдийн засагчаар ажилласан.
Баримт 4
Харин 2000 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж улстөрд орсон. Ийнхүү 2008 онд анх УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон.
Баримт 5
Тэрбээр Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газарт Түлш эрчим хүчний сайд, С.Батболдын танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, У.Хүрэлсүхийн танхимд хоёр ч удаа Сангийн сайдын алба залгуулсан түүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж өгсөн.
Баримт 6
УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон түүнийг намынхан нь боловсролтой, туршлагатай боловсон хүчин гэж үнэлдэг. Түүний энэ төрд үлдээсэн өв гэвэл нүүрсний хулгайг зогсоох зорилгоор биржээр арилжаалдаг болсон явдал. Валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрэх хөшүүрэг нь энэхүү нүүрсний экспорт нөлөөлсөн гэж үзэж болно.
Баримт 7
Өмнөх парламентын үед Х.Баттулга, З.Энхболд нартай дөрвөн жилийн турш хулгайч, худалчаар дуудан хэрэлдсэн бол энэ парламентад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Б.Энхбаяртай хамгийн их тэрсэлдсэн.
Баримт 8
Тухайлбал, өнгөрсөн жил Засгийн газар 2023 оны төсвийн төслийг өргөн мэдүүлсний дараа тэдний дунд мөн хэрүүл "босч", Ч.Хүрэлбаатар сайд "Б.Энхбаяр аа чамд хүний үгийг сонсох чих хэрэгтэй. Бодох толгой хэрэгтэй. Ойрын үед чиний попрол хэтрээд байгаа шүү. Чамд одоо даруулга хэрэгтэй. Гүтгэлэг тараана, хүн доромжилно" гэж анхааруулж байв.
Баримт 9
УИХ-аар өнгөрсөн хавар Газрын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэхэд мөн л тэдний дунд маргаан үүссэн. Тус хуулинд "гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг 60+40=100 жилээр ашиглуулна" гэсэн заалт тусгасан байсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ч.Хүрэлбаатар зориудаар ийм төсөл оруулж ирлээ” гэж шуугиулсан бол сайд Ч.Хүрэлбаатар “Хуулиа унш Б.Энхбаяр аа. Ийм заалт угаасаа хуульд байсаар ирсэн” гэж няцаасан юм.
Баримт 10
Монголын улстөрчдийг тойрч гардаггүй дайрч гардаг бүхнийг л тэр туулсан. Хар, цагаан, муу, сайнтай төрийн сайд. Төсөв, санхүү бол Ч.Хүрэлбаатарын улс төрийн ими гэхэд болох юм.
Баримт 11
Түлш, Эрчим хүчний сайд байхад утаагүй түлшний үйлдвэр байгуулна гэх 17 тэрбум төгрөгийн тендерийн будлианд орооцолдсон гэх мэдээлэл өнөө хэр хаа нэгтээ хэвлэлийн хуудаснаа харагддаг. Тэрбээр улс төр, бизнесийнхний дунд “тендерчин” хэмээн цоллуулдаг.
Баримт 12
Хэлэмгий доломгойгоороо хэнийг ч урдуураа гишгүүлэхгүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Тамгын газрын дарга асан З.Энхболд нартай уралцаж, тэрсэлдэж, өргөн барьсан төслүүд дээрээ хориг тавиулж, Хотгор шанагын уурхайг солонгосчуудад зарсан лицензийн наймаачнаар зарлуулж суусан ч хуулийнхны гар хүрч, шалгасан удаагүй. Тухайлбал, Сангийн сайдад томилох гэхэд нь Ерөнхийлөгч Х.Баттулга ганцхан түүний нэрийг дэвшүүлэхгүй гэж хориг тавьж байсан.
Баримт 13
Тухайн үеийн ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих шалтгаан нь "Ч.Хүрэлбаатарын хувьд асуудал их байгаа. Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшилцмөөргүй байна" хэмээж байсан юм. Гэсэн ч УИХ-д 64 суудалтай МАН түүнийг олонхоороо хүч түрэн, Сангийн сайдаар томилсон.
Баримт 14
2019 оны төсвийн төслийг батлах үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бас л хэл ам дагуулсан. Өөрийн тойрог буюу Увс аймагт 52 тэрбум төгрөгийн төсөв батлахаар хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа гэж Ерөнхийлөгчөөс мөн "банга" хүртсэн. Мөн “Ч.Хүрэлбаатар “төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5,4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа гэж Ерөнхийлөгч шүүмжилсэн удаатай.
Баримт 15
Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 43 сая, гэр бүлийн орлого 116 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
Баримт 16
Тэрбээр 171 сая төгрөгийн үнэ бүхий нэг зуслангийн байшин, хоёр нийтийн орон сууцтай аж. Мөн хоёр сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. Тээврийн хэрэгсэлгүй.
Баримт 17
Дотоодын дансанд 731 сая төгрөгийн хадгаламжтай.
Баримт 18
Тэрбээр Эдийн засаг, хөгжлийн сайдаас гадна Төсвийн байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажилласан.
Баримт 19
Энэ парламентын хугацаанд МУ-ын Засгийн газар, Европын холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай”, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын "КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл"-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг санаачлан батлуулсан.
Баримт 20
Мөн Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилт-Вакцин авах, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулиудыг батлуулжээ.
Баримт 21
Түүний өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай олны анхааралд өртөж, нилээдгүй шүүмжлэл дагуулсан. Тухайлбал, тус хуульд Газрын гадаадын хөрөнгө оруулагчдад 100 жилээр эзэмшүүлэх гэдэг заалтын Монголын ард түмэн эсэргүүцсэн юм.
Баримт 22
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан тохиолдолд хориг тавина гэдгээ мэдэгдсэн байдаг. Энэ бүх эсэргүүцлийн ард тус хуулиас 100 жилээр газар эзэмшүүлнэ гэх заалтыг хассан юм.
Баримт 23
Энэ талаар Ч.Хүрэлбаатар сайд "Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед би нийт долоон удаа хориг авч байсан. Ерөнхийлөгч биш байж найм дахь хориг нь ирж байна. Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Одоогийн арилжаа банкны хүү өндөр, олддоггүй. Гаднын банк орж ирснээр өрсөлдөөн бий болж хүү буурна. хэвшлийг дэмждэг нам гэж бодож явсан. Өнөөдрийн АН-ын хүмүүсийг хараад харамсаж байна. Монгол Улс ардчилсан улс. Энэ улсад хөрөнгө оруулж буй хүмүүсийн санаачилгыг дэмжих ёстой. Юмыг хааж боосноор хөгжихгүй" гэсэн байдаг.
Баримт 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд хоёрдугаар тойргоос нэр дэвшиж буй.
Сэтгэгдэл (11)