1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдснаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх шүүх байгуулах эрх зүйн үндэс бүрджээ.
Цэцийн дээр хөх тэнгэр л бий хэмээн хэлцдэг. Үүнийг буруу өлгөн замаасаа гажсан нь их гэгдэнэ. Сүүлийн жилүүдэд ЦЭЦ тойрсон асуудал гаарч, төвийг сахих зарчмаасаа ухарсан хэмээн шүүмжлүүлж, зарим гишүүн нь хил давж цэцийн нэр хүндийг унагаах болсон юм. Мөн УИХ-ын гишүүнээс буугсадын цуваа ҮХЦ-ийн суудал руу цувардаг болсоор он уджээ. Харин өнөөдөр улиран улиран танхимдаа "мартагдсан дууль"-аас монголын төр оюун санаагаа тусгаарлалаа.
Үндсэн хуулийн Цэцийн тухайд шинэчлэлийн салхи дагуулсан шийдвэр гарч байна. Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Г.Туулхүү нарын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 24-нд дууссан учир дараагийн гишүүнийг сонгох "хариуцлага"-тай агаад Цэцийн "хуучин, дадал болсон замнал"-ыг засах цаг мөч иржээ. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх гурав гурваар нь нэр дэвшүүлэн томилуулдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Цэцийн гишүүн Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга санал болгон томилуулж байлаа. Харин өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг нэр дэвшүүллээ. Ш.Солонгыг УИХ-аас нэр дэвшүүлэн томилж байсан учир түүний оронд Улсын их хурал Ц.Цолмонг нэр дэвшүүлэн томилохыг дэмжсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилж, тогтоолыг уншлаа.
ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Цолмонгийн тухайд ажил амьдралынхаа гарааг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас эхэлж, багшаар болон гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх эрх мэдлийн хүрээнд нийт 20 гаруй жил ажилласан арвин туршлагатай нэгэн. Хууль зүй дотоод хэргийн яаманд 10 орчим жил Хууль зүйн бодлогын газрын даргаар ажилласан гэдэг. Мөн өмгөөлөгчийн амьдралаар ч хэсэг алхсан тэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан гэгчлэн хуулиар дагнасан, "хуулийн хүн" юм. Тэрбээр “Хуульд захирагдаж ажиллах нь миний зарчим. Мөн төрийн албан хаагчид төрд зүтгэх ёстой. Хуульд захирагдаж ажиллах ёстой. Төр гэж байгаа бол хууль гэж байх ёстой. Хууль нь хэрэгждэг байх ёстой. Ямар ч зохицуулалтгүй эрх чөлөө гэдэг бол эмх замбараагүй байдал гэсэн үг. Эрх чөлөөг зохицуулж дэс дараалалд оруулж байдаг зүйл нь хууль. Хуулийг хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлж тайлбарлаж огтоос болохгүй” гэж байв.
Өнөөдөр тэднийг томилж байгаагийн цаана эмх цэгцээ алдсан Цэцийг "цэгцэлж", цэгцрэх замд нь оруулна гэж итгэл хүлээлгэж буй явдал юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийг “Цэц” хэмээн нэрлэсний учрыг ийн тайлбарласан байдаг. Я.Цэвэл абугайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д: “Цэц- 1. юмны онч, цэц булаалдах, цэц харвах, цэц хэлэлцэх, 2. Буу зэвсгийн зорьсон газартаа онож тусахдаа сайны нь, бууны цэц үзэх” хэмээн тайлбарласан байна". Цаашилбал, асуудлын ончийг олж мэргэн шийдвэрлэх гэсэн үгийн утгаар энэ үгийг оноон тавьж сонгон авсан нь илэрхий байна.
Иймд Үндсэн хуулийн "манаа"-нд үнэнчээр зүтгэж, хараат бус, чигч шудрагаар, цэгц алхана хэмээн итгэж буй.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн намтарыг танилцуулъя.
Ц.Цолмонгийн намтар:
- 1973 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 1988 онд нийслэлийн 52 дугаар сургуулийг дүүргэсэн.
- 1988-1992 онд ОХУ-ын Омскын технологийн сургуулийг төгссөн.
- 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- 2001-2003 онд Английн Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр,
- 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан.
- 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт мэргэжилтэн,
- 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш,
- 2004 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх,
- 2004-2013 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга,
- 2014-2016 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч,
- 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллажээ.
Р.Батрагчаагийн намтар:
- 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.
- 1995 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль,
- 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч /бакалавр/,
- 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, хууль зүйн магистрын зэрэгтэй. Англи, орос хэлтэй.
- 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор,
- 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багшаар,
- 2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульчаар,
- 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульчаар,
- 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр,
- 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар,
- 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар,
- 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
- 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар,
- 2024 оны нэгдүгээр сараас Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөө ажиллаж байна.
Б.Болдбаатарын намтар:
- 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
- 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль,
- 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр /бакалавр/,
- 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр /бакалавр/ тус тус төгссөн. Орос, англи хэлтэй.
- 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр,
- 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер,
- 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захирал, багшаар,
- 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч,
- 2005-2006 онд Улаанбаатар төмөр зам ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар,
- 2006-2010 онд УИХ дахь АН-ын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар,
- 2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар,
- 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр,
- 2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (6)