Эмийг монголчууд "хүнс" шиг хэрэглэж байна. Энэ нь зарим нэгэнд олз болж, монголын эрүүл мэндийн салбар ч түмэн "хорхой"-доо бариулжээ. Богцоо ч тэд түнтийтэл дүүргэж.
Үүнийг гурав дахь өдрөө үргэлжилж буй "эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хороо"-ны сонсголоос харж болохоор байна.
Өвчлөлөөрөө дэлхийд тэргүүн эгнээнд явж байгаа Монгол Улсын иргэдийн "эмзэг тал", "өвчин шаналал" дээр дөрөөлсөн хүмүүс яамнаас эхлээд зөвлөл хүртлээ шил даран дурдагдлаа. Тухайлбал Эрүүл мэндийн яамны удирлагын 110 албан тушаалтны 87 нь хамаарал бүхий, хамаарал бүхий этгээд нь эм, эмнэлгийн хэрэгслийн бизнес эрхэлж байх жишээтэй. Шат шатны албан хаагчид нь цугаар эмийн ертөнцөд хөл тавьчихсан баримтууд дурдагдаж байх юм.
Шийдвэр гаргах түвшинд тохой, тохойноосоо барьчихсан харагдаж байна. Нэг эмийг таллаж авч болох биш, өвчинөө тэвчихээс аргагүй байдалд хэн нэгэн орж ч яваа биз.
Чухам эрүүл мэндийн салбарыг "эм"-ээр боосон, иргэдийг "үнэ"-ээр боосон зураглал цааш хөвөрнө.
Түүнчлэн эмийн сангийн тоо тоо томшгүй болж, өчнөөн сая кг эмийн нүүдэл манай улсыг чиглэдэг ч орон нутагт байх хувийн эмийн сангууд цаг, минутаар өвчтнийг боож байгаа. Ард түмэн бол төр гэдэг. Энэ салбарт үгүй юм. Төр бол хувийн хэвшил болсон.
Сайд нараас Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хамгийн номхон, чимээгүй нь. "Номхон тэмээг ноолоход амар" гэгчийн үлгэрээр доод албан тушаалтнууд нь түүний толгой дээр бараг л гараад суучихаж. УИХ-ын сонгууль дөхөж буй энэ цаг үед "хэл" орж мэдэх л юм. Түүнд энэ салбарыг тэргүүлэх эрх бий эсэхэд эргэлзэх эрх ард түмэнд бий. Өнгөрөгч онд болсон сэтгэл сэртхийлгэм эд эрхтний хэргийг иргэд мартаагүй байгаа.
С.Чинзориг сайдад салбарынх нь албан тушаалтнууд, зарим нэг улстөрчид шургалсан "Үнийн өсөлтийн пирамид"-ыг нураах "чин зориг" байгаа болов уу?
М.Жаргал
Сэтгэгдэл (1)