Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар "Үндэсний баялагийн сангийн тухай хууль"-ийн төслийн өргөн мэдүүлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү хуулийг өнөөдөр УИХ-ийн чуулганаар "яаралтай горим"-оор хэлэлцүүлэх аж. Иймд энэ хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна.
Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна. Харин Ирээдүйн өв сантай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулна. Харин Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна гэж энэ хжжльд заасан.
5.1. Баялгийн сангийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1. Баялгийн сангийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байх;
5.1.2. газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх;
5.1.3. Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан байх;
5.1.4. Баялгийн сангийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим, сайн засаглал, үнэт зүйлийг үйл ажиллагаандаа баримтлах;
5.1.5. ил тод, нээлттэй байх;
5.1.6. үр ашигтай байх;
5.1.7. бие даасан, хараат бус хөндлөнгийн хяналттай байх.
9 дүгээр зүйл. Баялгийн сангийн төрөл
9.1. Баялгийн сан нь дараах төрөлжсөн сангаас бүрдэнэ:
9.1.1. Ирээдүйн өв сан;
9.1.2. Хуримтлалын сан;
9.1.3. Хөгжлийн сан.
10 дугаар зүйл. Баялгийн сангийн хөрөнгийн зориулалт
10.1.1. Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;
10.1.2. Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээг хангах;
10.1.3. Хөгжлийн сан нь нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
10.2. Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна.
10.3. Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.
10.4. Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн Хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.
11 дүгээр зүйл. Баялгийн сангийн эх үүсвэр
11.1. Баялгийн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.1. Ирээдүйн өв сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.1.а. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь;
11.1.1.б. сангийн хөрөнгө оруулалтын орлого.
11.1.2. Хуримтлалын сан нь энэ хуулийн 12.9-т заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас дараах зарчмаар хуваарилсан эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.2.а. энэ хуулийн 12.4-т заасан хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг;
11.1.2.б. энэ хуулийн 12.4-т заасан хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг;
11.1.3. Хөгжлийн сангийн эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.
14 дүгээр зүйл. Баялгийн сангийн ил тод байдал
14.1. Засгийн газар Баялгийн сангийн үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:
14.1.1. төрөлжсөн сангийн асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийг албан ёсоор нийтэлснээс хойш ажлын 10 өдрийн дотор;
14.1.2. төрөлжсөн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг хөндлөнгийн аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор.
14.2. Төрөлжсөн сангийн шууд удирдлага нь сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.
14.3. Төрөлжсөн сангийн жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
15 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
15.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заасан байна.
Сэтгэгдэл (1)