Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Авилгатай тэмцэнэ гэдэг журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Анд нөхдөө бодох уу. Улс орноо бодох уу гэсэн салаа зам дээр ирээд байна” хэмээж байлаа. Түүний хэлсэн, сонгосон зам УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нараас нэгэнт салан одсон гэдгийг өчигдөр цацагдсан ярилцлагын хэсэг нотлов.
Хоёр жил үргэлжилж буй Хөгжлийн банкны хэргээр шалгуулсан улс төрчдөөс Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх шийдвэрийг шүүх танилцуулсан. Харин Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг цагаатгасныг хэвээр үлдээсэн юм. Тодруулбал, нэвтрүүлгийн дундуур урсаад өнгөрсөн "Хөгжлийн банкны хулгайн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг (бусад), Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням болон УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, ХҮН намын дэд дарга Б.Найдлаа, АН-ын гишүүн Ч.Отгочулуу нарын 27 хүнийг шүүх засаглал цагаатгах шийдвэр гаргаснаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигын эсрэг тэмцлийг үр дүнгүй болгож, авлигатай тэмцэх тэмцэл бүлэглэлийн шүүхийн өмнө дахин хүчин мөхөсдлөө" гэх үгс эрхгүй анхаарал татаж байна.
Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "МАН аливаа гэмт хэрэгт холбогдсон этгээд улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсооно. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэдгийг хэлсэн. Харин энэ удаад Л.Оюун-Эрдэнэ улс төрийн шийдвэрийг баталгаажуулав. Ингэснээр Г.Дамдинням зэрэг гишүүд дахин нэр дэвшиж чадахааргүй нөхцөл байдалд орсон гэхээр байна. Цаг хугацаа нэгэнт бүхний хариултыг дэлгэнэ.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг Үндсэн хууль тогтоон барьж, хил хязгаарыг тавьдаг. Үүнээс цааш Ерөнхий сайдад явах газар үгүй. Гэлээ ч тэрбээр тэмцлээсээ хэзээ ч ухрахгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр суурь яван явсаар Авлигын эсрэг шүүх байгуулах эрмэлзэлд тулж очиж магад.
М.Жаргал
Сэтгэгдэл (8)