Хагас жил... Тэр хагас жил үхэлтэй тэмцсэн. Түүнийг тухайн үед хэрхэн "сульдаж" буйг бүгд л харж байлаа. Цаг хугацаа наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тийм агшинд багтаж үзсэн хүмүүсийн яриа голдуу ижил. Амьдралын сайхан, гэрэл гэгээ...
Гэвч зарим хүний даваад гарсан хүнд хэцүү гэгч өөр нэгний хувьд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй "үнэн" байдаг. Энэ номонд улстөрчийн дээд түвшний тэмүүлэл ч ил, далд шингэсэн биз ээ. Хамгийн гол нь нэгэн хүний үзэж туулсан нь хийгээд дотнын хүмүүсийн шаналгаа, нулимсны мөртэй түүх байна.
Өвчин зовлон, үхэл хагацлын үүднээс "эргэн ирсэн" нь бусдад урам өгөх болов уу гэж бодсон тухайгаа ч УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал номын нээлтийн үеэр дурдаж байв. "Эргэн ирсэн минь" номын эхний хуудаст "Унаж босож, уруудаж өгсөж яваа эрхэм хүмүүн танд зориуллаа" гэж бичжээ.
Тус ном нь түүний хэвлүүлсэн 12 дахь ном аж. Хамгийн анх 1997 онд "Аадар бороо" хэмээх шүлгийн түүврийг аав нь гаргаж өгч байжээ. Уран зохиолд дуртай, хайртай сэтгэлээ тэр аав, ээжээсээ өвлөсөн хэмээв.
Н.Учралын номын нээлтэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүд, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирсэн байлаа.
Н.Учрал: Сэхээн амьдруулахын орон дээр хэвтэж байсан Учрал нэг л мэдэхэд Францын ерөнхийлөгчтэй гэрээ үзэглээд зогсож байсан нь зүүд шиг санагдсан
Тэрбээр, "Би намтар бичих хэмжээнд хүрсэн хүн биш. Гэхдээ амьдралаас олж авсан үнэ цэн, зовлонгоос олж авсан жаргал, жаргаж байхдаа анзаараагүй үнэн болгоноо энд би өгүүлсэн. Өвчтэй зовлонтой байгаа нэгний өмнө түүнийг даваад гарсан хүний үг бол хамгийн сайн эм байдаг юм билээ. Тиймээс энэ номыг уншаад олон хүн амьдрах итгэлтэй болоосой гэж бодож гаргасан.
Монгол төрийн сайд болж, нэг мэдэхэд сэхээн амьдруулахын орон дээр хэвтэж байсан Учрал, нэг мэдэхэд Францын ерөнхийлөгчтэй гар барьж, гэрээ үзэглэх нь надад зүүд шиг санагдаж байсан. Өчнөөн хоног ухаангүй байж байгаад, бүтэн ухаан орж сэрэх мэдрэмжийг энд буулгахыг хичээсэн.
Олон сайхан эхийн ерөөл, эмч нарын буянаар би босож ирсэн. Тиймээс түмэн олондоо би сэтгэлийн их өртэй хүн. Түмэн олны хүчээр боссон учраас буцаагаад энэ хүчийг түмэн олондоо зориулах учиртай гэж бодож байна. Энэ ном бол төгсгөл биш, үргэлжлэл. Учрал эргэж ирэхдээ дотоод сэтгэлийн хүчтэйгээр эргэж ирсэнээ номоороо харуулъя гэж бодсон. Өвдөж зовж байгаагаас илүүтэй дэргэд буй хүмүүс илүүтэй зовдог гэдгийг амьдралаараа мэдэрсэн. Харин би хэсэгхэн зуур унтаж, амарсан гэж боддог.
Залуу хүн шашин шүтлэг гэдэггүй байлаа. Босоод иртэл хөлөнд зөндөө улаан утас, гурав, дөрвөн янзын сахиус, тэмдэг наачихсан байсан. Гэртээ иртэл гэрээр дүүрэн бурхан, шүтээн. Миний төлөө дэлхий ертөнц дээр байдаг бүх шашныг ажиллуулсан байгаа юм.
Би монголын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт талархдаг. Олон сайхан эмч нарын буянаар энд би сууж байна" гэсэн юм.
Түүний номын нээлтэд хүрэлцэн ирсэн хүмүүсийн дотор Н.Учралын хагалгааг Хоёрдугаар эмнэлгийн эмч нартай хамтран хийсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Амьдарна гэсэн эрмэлзэл, тэсвэр хатуужил, далд ухамсар нь Н.Учралыг босгосон
Тэрбээр "Эргэн ирсэн минь гэх агуулгаар нь харвал амьдралдаа хүнд хэцүүг туулна гэдэг сэтгэлийн хат, мөс чанарыг шалгадаг том даваа. Би Н.Учралтай сонин хувь тавилангаар учирсан. Их хүнд, нойр булчирхайн задрал болчихсон, биеийн байдал хүнд байсан. Сонголтгүй шахуу.
Хагалгааны ширээн дээр амь эрсдэх 90 хувийн магадлалтай ийм үед хагалгаа хийх шийдвэр гаргахаас өөр гарцгүй байсан.
Тухайн үед бодож байсан зүйлээ эргэн санахад хэцүү байлаа. Эмч хүн эрсдэлээ бодно. Хамгийн их санал авсан залуу улстөрчийн хувьд том эрсдэл. Эмч хүний нүдэнд хонгилын үзүүрт гэрэл харагдах л юм бол түүнд хүрэхийн төлөө зүтгэх ёстой.
Тэгээд л Хоёрдугаар эмнэлгийн чадварлаг багийнхантай хамт хагалгааны өрөө рүү орсон. Бид зоригтойгоор орсон. Олон дахин хагалгаанд орсон, цус алдсан.
Амьдарна гэсэн эрмэлзэл, тэсвэр хатуужил, далд ухамсар нь Н.Учралыг босгосон. Аливаа бэрхшээл бол төгсгөл бус эхлэл байдаг гэдгийг харуулж бусдад урам өгч буй үйл явдал хэмээн харж байна" гэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Улс төрийн үйл хэрэгт бид 18 настайгаасаа оролцсон шүү дээ
Тэрбээр "Н.Учрал бид хоёр олон нийтийн ажлыг хүүхэд байхаасаа шахуу л хийж эхэлсэн. Хуучин намын байр шатаагүй байлаа. Темон гэдэг залуутай хорь гаруй жилийн өмнө танилцсан байна. Улс төрийн үйл хэрэгт бид 18 настайгаасаа оролцсон шүү дээ.
Авилгал, хулгай зэлгий бол мэдээлэл ил тод бус байгаатай холбоотой. Иймд Засгийн газар, УИХ-аас шинэ яам байгуулж, 100 гаруй хуулийг бид хамтдаа баталлаа. Энэ бол авилгын индексийг бууруулж, үр хойчид үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байгаа.
Н.Учрал сайдыг ийм ном бичихээс яах вэ гэж бодож байна. Хэцүү нөхцөл байдлыг давж гарч ирсэн нь хүн бүрд олдохгүй хувь заяа. Монголын залууст урам зориг өгөх ном бичсэн болов уу гэж сэтгэж байна" гэлээ.
Мөн ЦХХХ-ны сайд Н.Учралыг эрдэм, судлалын ажлыг онцгойлон дэмждэг гэдгийг номын нээлтэд ирсэн хүмүүс онцлон дурдаж байв.
Түүнчлэн "Эргэн ирсэн минь" номын нээлтэд хөгжмийн зохиолч Б.Чинбат хүрэлцэн ирж, өөрийн аялгууг сонордуулсан юм. Тэрбээр "Яагаад ч юм Н.Учрал бид хоёрын хувь тавилан ижил юм шиг санагддаг" хэмээгээд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд талархсанаа илэрхийлэв.
Юуг үзэж туулснаасаа хамааран амьдрал, гэрэл гэгээ, сайн сайхны тухай өөр өөрсдийн ертөнцдөө бид амьдардаг нь бас л үнэн.
М.Дэвээ
Сэтгэгдэл (13)