НӨАТ-ын урамшууллыг нэмнэ, нэмэхгүй гэж хэд хоногийн туршид нийтээрээ мэтгэлцэв. Гэхдээ өргөдөл гомдлын цахим системд иргэнийхээ бүртгэлээр нэвтэрч, гарын үсгээрээ баталгаажуулан асуудалд хариуцлагатай хандаж байр сууриа илэрхийлсэн 100 мянга гаруй хүн “цахим талбай” дээр цуглажээ. Энэ бол бодит оролцоо. Одоо энэ сэдэв хууль журмынхаа хүрээнд УИХ-ын шийдэх асуудал боллоо гэсэн үг. Мэдээж бүгд л анх удаагаа ийм зүйлийг харж байгаа тул хэрхэн шийдэгдэхийг нийтээрээ анхаарах нь зүй.
Гэхдээ
Төсвийн зардлаа сонгууль угтан 5 их наядаар нэмэхдээ гороогоогүй мөртлөө, иргэдийн халаас руу буцааж хийгээд хэрэглээгээр нь дамжуулж эдийн засагт дэмжлэг болгоё гэсэн урамшууллын нэмэлт 600 тэрбум төгрөг боочихсон төсөвт нь багтахгүй гэж Сангийн сайд “жадлан” эсэргүүцэв. Нөгөө талд МҮХАҮТ, CEO клуб зэрэг бизнесийн төлөөлөл, иргэдээс манлайлан олонтаа сөхөж ирсэн энэ өргөх бичгийг нэгтгэн системд анхлан оруулахдаа тооцоо судалгаа хангалттай хийснийг УИХ-ын дарга хэвлэлд хандан мэдэгдэв. Гэтэл шийдвэр гаргах ёстой УИХ-ын гишүүд маань тойргын төсвөө хасуулахаас эмээв үү, иргэдийн саналын ач холбогдолыг үнэлэхгүй байна уу. Ямартай ч дүлий дүмбэ оргин, ажин түжин байцгаана.
Шийдэл
Үргэлж шийдэл байдаг. Гол нь бүгд хүсэх хэрэгтэй. Гэтэл бид ОУВС нэмээд хэрэггүй гэж байна гээд өөрсдийн асуудлаараа бусад руу хуруугаараа заачихсан сууж байна. Эргээд харвал НӨАТ оргүй хоосноос төсвийн орлогын 27 хувийг бүрдүүлдэг болтлоо томорчихсон, нийт хамрагдалт 60 гаруй хувьтай байгаа нь чамлалттай гэж нүд үзүүрлэгдэх болтлоо яригддаг болжээ. Хэрэглээний татварт урамшуулал байх нь зүй. Хэдэн жилийн өмнө урамшууллыг нь огт болиулна гэж дайраад орлогоо таслах шахснаа төрийн сангийн түлхүүр атган суугаа эрхмүүд мартаагүй байлтай. Өөрөөр хэлбэл, урамшуулал болон хамрагдалт НӨАТ-ын сэдэв дээр шууд хамааралтай. Урамшуулал нэмэгдвэл хамрагдалт өснө. Хамрагдалт өсвөл орлого нэмэгдэнэ. Орлого нэмэгдсэн байхад тэндээсээ урамшууллаа нэмээд гаргах логик. Зарим эдийн засагчид энэ завшааныг ашиглан шатлалтай татварын тогтолцооны өөрчлөлт рүү шилжихийг санал болгож байна. Энэ бүгд шийдэл мөн.
Реформ
Ер нь л манай улсын санхүүгийн системд том реформ хийх цаг нь хэдийнэ болсон. Магадгүй бид 10-15 жил хоцроод л явна. Энэ янзаараа цаг явах тусам өрийн “том нүхэнд” унах эрсдэл тэр хэмжээгээр нэмэгдсээр л байна. Эдийн засаг маш жижигхэн байх үеийн “соц” агуулгатай төсөв/татвар/хэрэглээ/хуримтлал гэсэн моделийг бид хэрэглэж байна. Ердөө 1 тэрбум ам.долларын экспорттой байх үеийн энэ модель тун удахгүй 20 тэрбум ам.долларын экспорт хийх гэж буй бидний хувьд үеэ өнгөрөөсөн гэж хэлэхэд буруудахгүй. Эдийн засгийн 90% нь шууд болон шууд бусаар уул уурхайн салбараас хамааралтай. Гэхдээ энэ салбар нийт ажлын байрны тавхан хувийг л бүрдүүлдэг. Тиймээс энд яг уул уурхайн салбарын биш иргэн биднээс хамаарах зүйл бага гэдгийг санах хэрэгтэй. Харин энэ байдалтай эвлэрч, та бидэнд “наалдах” зүйл юу гэдгээ харцгаая. Нийтийн орлогыг дахин хуваарилах үүрэгтэй нэг их том сав бол улсын төсөв. Гэтэл “хуучирсан” загвараа өөрчилж чадахгүй байгаагаас “хуваарилалт нь шог байна” гэх асуудал улам л гүнзгийрсээр. Бүгд л сэтгэл дундуур. НӨАТ-ын энэ сэдэв бол ердөө нэг жишээ төдий. Хэрэглээ хэт хэвийснийг Сангийн сайд маань өөрөө хэлчихсэн. НӨАТ-ын орлогын 60%-ийг “баян 10%” бүрдүүлдэг аж.
Үүнийг харж байгаа юм бол хэзээ реформ, шинэчлэл рүү гар хуруугаа зориглон хөдөлгөх вэ? Урт хугацааны эрсдэл гэх ойлголт байдаг. Гэтэл энэ эрсдэл нүүрэн дээр тулаад ирчихсэн аж. Одоо шийдвэрээ гаргадаа эрхэм гишүүд ээ.