УИХ-аас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-parliament цахим системийг нэвтрүүлээд жилийн хугацаа өнгөрч буй. Тухайн цахим системийг хөгжүүлэн D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг боловсруулж, энэ сарын 17-ны өдөр танилцуулсан билээ.
Системд хамгийн анхны санаачилга, өргөдлийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан юм. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхийг 100,000 иргэний дэмжсэн.
Гэвч энэ бол зөвхөн санал өгөөд шийдэгдэх зүйл бус. Хэд хэдэн үе шатыг дамжиж шийдвэр гарна. 100 мянган иргэний санал одоо ямар үе шатыг дамжих талаар та бүхэнд танилцуулъя.
- 100 мянгад хүрсэн цагаас УИХ-ын тамгын газар 5 хоногийн дотор энэ саналыг УИХ-ын даргад өргөн барина.
- УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулаад байнгын хороонд шилжүүлнэ.
- Байнгын хороо холбогдох асуудлаар хэлэлцээд УИХ-ын нэгдсэн чуулганд оруулна.
- Эцсийн шийдвэрийг УИХ олонхоороо гаргана.
Түүнчлэн иргэн ямар санал гаргаж байгаагаас үл шалтгаалан тухайн саналын зөв бурууг хэн нэгэн дарга дэнслэх боломжгүй. Гэхдээ тухайн цахим системд гаргасан, дэмжигдсэн санал болгон хэрэгжихгүй гэдгийг анхаарууштай. Харин санаачилгыг хэлэлцэх түвшинд хүртэл иргэд дэмжвэл хэлэлцэхээс өөр аргагүй өөрчлөлтийг парламентад бий болгож буй. Таны санал гишүүнээр дамжиж танхимд хүрдэг цаг өнгөрсөн гэсэн үг.
Тухайлбал, тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол, мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол хэлэлцэх нөхцөл бүрдэнэ. Харин хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байна.
М.Жаргал