Амьдралын хэрэгцээ шаардлагаар өмнө нь бүтээсэн зүйлийг дахин сайжруулж, шинэчлэн, улам боловсронгуй болгосоор ирсэн билээ. Гэвч зарим бүтээлүүд огт шинэчлэгдэлгүй 100 гаруй жилийг үдсэн байдаг нь түүнийг “төгс” бүтээл болохыг илтгэж буй хэрэг юм. Иймд уншигч та бүхэнд сайжруулах шаардлагагүй таван зүйлийн талаар таницуулж байна.
1. Бөмбөлөгтэй уут
1950 оны сүүлээр Альфред Филдинг, Марк Шаван нар байшингаа өвөрмөц, тансаг байдлаар чимэглэх хүсэлтэй хүмүүст зориулан полиэтилен материалтай, эзлэхүүн мэдрэгчтэй, хүрэхэд таатай хөшиг болон ханын цаас бүтээх санаа дэвшүүлжээ. Харамсалтай нь полиэтилен хөшиг агаар нэвтрүүлж, наалддагаас болж амжилтад хүрч чадаагүй юм. Гэхдээ тэд ингээд бууж өгөөгүй бөгөөд ханын цаас, хөшигний санаагаа орхиж, 1964 онд "Олон давхарга бүхий доргилтоос хамгаалах бүтээгдэхүүн"-ээ патентжуулсан байна. Ийнхүү тээвэрлэлтийн үед бараа, материалын бүрэн бүтэн байдлыг хадгалах зориулалттай, бидний хагалж, дуугаргах дуртай уутыг зохион бүтээгджээ.
2. Дүүжин сандал
Дүүжин сандал нь харьцангуй сүүл үед Америкт зохион бүтээгдсэн байна. Ерөнхийлөгч Бенжамин Франклин үүнийг өөрөө зохиосон гэх яриа ч байдаг. Үнэн хэрэгтээ 18-р зууны эхэн үед анхны түшлэгтэй сандлуудыг нурууны өвчтэй болон хэрх өвчнөөр шаналж буй хүмүүст зориулан бүтээжээ. Дүүжин сандал дээр суух үед хүний хүндийн төв тохирч, хамгийн тав тухтай байдлаар суух боломжийг олгодог. Энэхүү тав тухтай байдал олон хүмүүст таалагдаж, түгээмэл хэрэглэх болсон байна.
3. Цаасны хавчаар
Хялбар тахийлгаж болдог төмөр утас түгээмэл болохын хэрээр орчин үеийн цаасны, үсний гээд олон төрлийн хавчаар ар араасаа үүссэн байна. XIX зууны сүүлээр цагариг, далавч хэлбэрийн, гурвалжин, тэгш өнцөгт гэх мэт маш олон төрлийн цаасны хавчааруудын санаа гарч патентлагдсаар байжээ. Тэдгээрээс бидний зуун жилийн турш хэрэглэж ирсэн гонзгой хэлбэрийн цаасны хавчаар бүх өрсөлдөгчөө өөрийн салбараас шахаж чадсан юм.
4. Ялааны алуур
Цонхны тавцан дээр урт иштэй, дөрвөлжин тор бүхий ялаа алагчийн хамт үхсэн ялаанууд хэвтэх нь хүн бүрд танил үзэгдэл биз. Тэгвэл 1900 онд Роберт Монтгомери "Ялаа алагч" хэмээх шинэ бүтээлээ патентжуулж, улмаар 1905 онд доктор Сэмюэл Крамбейн үүнийг олон нийтэд таниулжээ. Тэрээр Канзас мужийн оршин суугчдад өвчний тархалтыг зогсоохын тулд ялаа алахыг уриалж, Топика хотын хөл бөмбөгийн багийн уриа болох “Бөмбөгийг цохь” гэх үгийг, “Ялааг цохь” болгон өөрчилж байжээ. Ийнхүү өөр ямар ч ялаа алах зориулалттай бүтээлүүд түүний бүтээл шиг алдартай болж чадаагүй юм.
5. Лего
Өөрийн хүссэн бүтээлээ эвлүүлж, оюун ухаанаа хөгжүүлэх боломжийг лего тоглоом бидэнд олгодог. Магадгүй та хүүхэд байхдаа анхны лего тоглоомоор тоглодог байсан бол тус тоглоом одоо ч тэр л хэвээрээ алдартай байгаа гэдгийг сайн мэдэх биз ээ.
1949 онд мужаан Оле Кирк Кристиансен хоорондоо наалддаг шинэ төрлийн эвлүүлдэг тоглоом үйлдвэрлэж эхэлсэн боловч хүмүүс түүнийг хуванцраар хийсэн, үнэтэй, хэврэг, цацраг идэвхт бодис ялгаруулж болзошгүй хэмээн төдийлөн сайшаагаагүй аж. Тэр үед аюулгүй, жинхэнэ тоглоомууд зөвхөн мод, металлаар хийгддэг гэж үздэг эцэг эхчүүд олон байв.
1958 онд түүний хүү Готфрид үйлдвэрлэлийн явцыг сайжруулж, орчин үеийн Лего тоглоомын загварыг патентжуулжээ. Хамгийн сонирхолтой нь 50 гаруй жилийн өмнө бүтээсэн анхны лего тоглоомуудыг орчин үеийн лего тоглоомуудтай эвлүүлэхэд ямар ч асуудал гардаггүй байна.
Сэтгэгдэл (1)